Э.СОЛОНГО
Зэвсэгт хүчний шилдэг удирдагчтай 186 дугаар ангийг зорилоо. Өнгөрсөн онд тус ангийн гаргасан амжилт, хийсэн ажлыг үнэлж салбарын яамнаас ангийн захирагчийг ийнхүү өргөмжилсөн аж. 186 дугаар анги анх 1934 оны Дорнод аймгийн Матад суманд багуулагдсан түүхтэй. Ангийн хамт олон 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчдаараа бахархана. Мөн энэ ангиас төрсөн Монгол Улсын дөрвөн баатар тэдний бас нэгэн бахархал аж. 1979 онд ардын армийг өргөтгөхөд тус ангийг Эрдэнэт хотод байгуулж, Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар Байлдааны гавъяаны улаан тугийн одонг шилжүүлэн өгчээ. Харин 2002 онд энэ ангийг Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын маршил Г.Дэмидийн нэрэмжит болгосон аж. Тус анги нийгмийн нөхцөл байдал, хөгжилтэй уялдуулан бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн шинэчилснийг Артилерийн дарга, дэд хурандаа Г.Нэмэхбаяр онцолсон.
186 дугаар анги Мото буудлагын тусгай хорооны бүтэцтэйгээр ажиллаж байгаа аж. Мөн сургалт, бэлтгэлийг байлдагч, ахлагч, офицеруудынхаа дунд тогтмол зохион байгуулж буй нь бүтцийн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлуудын нэг. Мото буудлагын тусгай хороо байлдагч, ахлагч, офицеруудыг үүрэг даалгаврыг гүйцэтгэх бэлэн байдалд бэлтгэдгээрээ онцлог. Тухайлбал, яам, онцгой байдлын байгууллагууд цаг үеийн байдалтай холбогдуулан цасанд хаагдсан зам, даваа, гүүрийг нээх зэрэг өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн байдалд ажилладаг байна. Ангийн гол салбарт гэрээт цэргүүд алба хаадаг. Байлдааны мото буудлагын хороо, хугацаат цэргийн сургууль, байлдааны мото буудлагын бательон, эмнэлэг ариутгал, инженерийн бүлгүүд, зэвсэг техникийн агуулах ордог байна. Тус ангийн удирдлагууд өнгөрсөн онд хийсэн, гүйцэтгэсэн ажлуудаасаа сонирхуулсан. “Өнгөрсөн онд сургалт бэлтгэлд гол анхаарлаа хандуулсан. ОХУ-д болсон байлдааны буудлагатай тусгай тактиктай хээрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Энэ жилийг яамнаас бүх шатны штабын бэлтгэлийг хангах жил болгон зарласан. Үүний хүрээнд хэсэгчилсэн болон нэгдсэн дадлага, командтай сургуулилтыг явуулах ажлыг бүх шатанд хангах бодлого барьж байгаа. Манай ангийн хувьд энэ бодлогын хүрээнд штабын дадлагад офицеруудыг бүрэн хамруулж, гүйцэтгэх үүргийг нь улам тодорхой мэдрүүлэх, байлдааны үед офицер хүн бичиг хэргийг хэрхэн хөтлөх чадварт сургахад анхаарлаа хандуулж байна. Мөн энхийг дэмжих ажилд манай анги өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон” хэмээн ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа М.Болдбаатар хэллээ.
ЦЭРГҮҮД ҮСЭГЛЭЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭДЭГ ҮЕ АРД ХОЦОРСОН
Тус анги голдуу Хөвсгөл, Архангай, нийслэлээс цэрэг татдаг. Цэргүүд халагдахдаа мэдлэгтэй, боловсорч буцаж байгааг ангийн офицерууд онцолж байлаа. Алба хааж байгаа цэргүүдийн 90 хувь нь бүрэн дунд боловсролтой аж. Мөн алба хааж буй цэргүүд дунд, дээд боловсротой, гадаадад мэргэжил эзэмшсэн залуус ч байна. Японд Инженерийн их сургуульд мэргэжил эзэмшсэн н.Мөнгөнбор салааныхандаа мэргэжлийнхээ онцлогоос зааж сургаж байгааг ахлагч нар хэлж байв. Мөн дээхнэ үед цэргүүд уншиж, бичиж сураад үсэглэлийн баяр тэмдэглээд халагддаг цаг ард хоцорсныг онцолсон. 186 дугаар ангийн байлдагчид өдрийн ихэнх цагийг хичээл, сургалтад зарцуулдаг байна. Хугацаат цэргийн алба хаагчид өдөрт дөрвөн удаа хичээллэдэг аж. Ангийн нийт офицеруудын 95 хувь нь дээд боловсролтой гэнэ.
ЦЭВЭР УС, БОРЦ, ААРУУЛ ЦҮНХЛЭЭД ЭНХИЙГ САХИУЛАХААР ЯВЖ БАЙЛАА
186 дугаар ангиас энхийг сахиулах албанд 360 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Одоо тус ангийн 80 гаруй ахлагч, офицер энхийг сахиулах албанд мордох бэлтгэлээ базааж байна. Биднийг тус ангид очих үеэр энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан ахлагч, офицерууд дэлхийн халуун цэгт ажиллаж байсан үеэ дурссан юм. Одоогоос арван жилийн өмнө энхийг сахиулахаар явж байсан үеийг бодоход манай цэргүүд одоо энэ албанд туршлагатай болжээ. 2003 онд манай улс анх удаа дэлхийн халуун цэг рүү агаарын тээвэрлэлт хийжээ. Байлдааны хэрэгсэл, цэвэр ус, борц, ааруул ачсан цэргийн нисэх тэрэг Иракийг зорьсон байна. Энхийг сахиулах энэ багт 186 дугаар ангийн Арын албаны дарга дэд хурандаа Ж.Чогсомжав явсан аж. 58-60 хэм хүрч халдаг Иракт ус хамгийн их хэрэг болно хэмээн тооцоолсон дайчид тухайн үед долоон тонн цэвэр ус авч явсныг тэрээр дурсав. Тэд ааруул, борц авч явахаа ч мартаагүй гэнэ. Гэвч тэндэхийн цэргийн хангалт тэдний хилийн чанадаас ачиж ирсэн цэвэр усны үр шимийг амсуулаагүй гэдэг.