П.АМГАЛАНБАЯР

 

Монгол түмэн хэдэн зууны тэртээгээс өртөөлөн ирсэн арвин их өв соёлын уурхайтай ард түмэн. Дархлаа болсон үнэт эрдэнээ өнөө цагтаа хадгалан үлдэж,  ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Өв соёл” буландаа өвлөн уламжлагчид болон биет бус өвийнхөө арвин их ертөнцөөр уншигчдаа аялуулдаг билээ. Энэ удаагийн дугаарынхаа зочин хоймортоо уртын дуучин, хөөмийч, магтаалч Ө.Хүрэлбаатарыг урилаа.

 

Ерөөлчийн замналтай холбогдсон түүх

 

Үгсийн сайхныг хэлхэж, жаргалыг ерөөдөг энэ хүмүүн  өв соёлын их уурхайгаас олон эрдэнэ шүүрдсэн нэгэн. Уртын дуучин, ерөөлч, магтаалч, бөх, морь цоллооч гээд түүний нэрний өмнө бичигдэх алдар олон. Ө.Хүрэлбаатар Говь-Алтай аймгийн Шарга суманд төржээ. Түүний хүүхэд нас нүүдэлчин удмын ахуй соёл дунд өнгөрсөн нь ирээдүйн энэ их авьяасыг цогцлоосон нь лавтай. Мөн аав, ээж хоёр талын удмаасаа авьяасыг нь өвлөжээ. Хүүхэд байхаасаа нутгийнхаа ерөөлч хүмүүсийн ерөөлийн үгийг  цээжилж,  сонирхож эхэлснээр тэрбээр энэхүү биет бус өвтэй холбогдсон байна.  Ийн олон жил хуримтлуулсаар нэлээн хойно буюу 2016 онд магтаалчдын гуравдугаар наадамд "Адуучин" ерөөлийг хэлж, ерөөлчийн замналаа эхлүүлжээ. Энэ тухайгаа “Сүүлийн үед бичиж байгаад ерөөж байгаа. Налайх дүүргийн ерөөл, шинэ цагийн байрны найрны ерөөлийнхөө үгийг өөрөө бичиж, ерөөлөө хэлж байна. Цаашид оюун ухаан улам тэлэгдээд, туршлагажаад ирэхээрээ цэцэлж ерөөх авшиг гарах болов уу.  Ерөөл арвин  их түүхтэй монгол түмний биет бус өв юм. Харин түүх, домогтой холбоотой зүйлийг аялгуулан дуудах нь  магтаал болдог” хэмээлээ.

“Ерөөл, магтаалын авшиг хүртэх нь заслаа хийлгэхтэй адил”

Зээ түмэн жилийн түүхтэй

Төрөлх  Монгол орны минь

Өнө эртнээс уламжлагдсан

Өвөг дээдсийнхээ заншилтай........ гээд Монгол түмний бүх соёл, ерөөл магтаалдаа багтдаг гэдгийг нийтлэлийн баатар маань онцолж байлаа.  Ерөөл, магтаал сонсоод авшиг хүртэнэ гэдэг тухайн жилийнхээ заслыг  хийлгэхтэй адил өлзийтэй сайн аж. Энэ тухай тэрбээр “Монголчууд далайцтай, цаглашгүй их өв уламжлалтай ард түмэн. Хөрст алтан дэлхий, хөх мөнх тэнгэрийг холбож өгч байгаа нь хүмүүн төрөлхтөн. Үүний нэг жишээг дурдья. Уул овооны тахилга дээр сайхан хувцсаа өмсөөд сайхан зүйл бодоод очихоор тэнгэр хангай хураа хайрладаг шүү дээ.

Монголчууд өвлөгдөн  ирсэн  аугаа их түүх соёлтой ард түмэн. Үүний нэг бол хүүхдийн даахь үргээх ёслол. Хүүхдийнхээ даахийг үргээхдээ  гэр бүл нь ерөөлчдөө “Танд мялаалгын үг өргөж явна, даллагын үг өргөж явна" хэмээн хүндэтгэж урьдаг.  Энэ хүндтэй урилгыг хүлээж авсан учраас бие, сэтгэлээ ариусгаж тухайн айлыг зоридог сайхан уламжлал бий. Хүүхдийнхээ даахийг үргээх гэж буй айл модон хутга, тос бэлдэх ёстой. Модон хутганы дом нь машины аваар, мэс зэргээс ангижруулж байна гэсэн үг. Эхлээд ерөөлч домынхоо зан үйлийг хийнэ. Мөн хадгаа гурав нугалж барьж хүндэтгэсэн  хүн рүүгээ харуулах ёс бий.  Ерөөлч  дээлнийхээ энгэрийг задгай тавихгүй байх гээд  дэг байдаг” хэмээв.

 

“Үндэснийхээ хувцсыг бүрэн өмсөөд, тайзнаа гарахад  сайхан мэдрэмж төрдөг”

 

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн  бахархаад баршгүй үнэт өвийн дунд бид амьдарч байна. Үүнийг бид өдгөө хийгээд ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үүрэгтэй. Гэвч өнөө цагт алсарч, ховордож буй өвлөн уламжлагчийн хувьд сэтгэл гундуу явдаг гэдгийг Ө.Хүрэлбаатар хэллээ. Тэрбээр “Монголчууд Ерөнхийлөгчийн зарлиг, үндэсний өв соёл гэж яриад байгаа болохоос биш үнэндээ  өв соёлоо сурталчилж байгаа хүмүүс ховор. Өв соёл үнэлэмж муутай байдаг. Энэ нь төрийн  бодлого, реклам, сурталчилгаа дутаж буйн шинж. Хэд хоногийн өмнө Дорнод аймагт очиж, морь бөхийн цол дуудах, ерөөл магтаал уртын дууны талаар сургалт орсон. Тэр үед танхимд дүүрэн үзэгч цугларахад их баярлаж, бахархсан. Энэ нь өв соёлоо сурах, судлах хүсэл эрмэлзэлтэйн шинж шүү дээ.  Харин Улаанбаатар хотод  өв соёлоо сонирхож байгаа хүн ховор байна. Үндэснийхээ хувцсыг бүрэн өмсөөд, бүтэн сэтгэлтэй тайзнаа гарч ерөөл, уртын дуугаа дуулаад  буухад  төрдөг сайхан мэдрэмж өөр байдаг. Хүмүүн төрөлхний цогцлоосон соёлоосоо бид алсарч, түүхэн зүйлүүдийг устгаж байна. Нүүдэлчин соёлоо хайрлаж, түүчээлэх хэрэгтэй. Тиймээс үндэснийхээ сэтгэлгээг хөрсөн дээр буулгаж чадвал  хүмүүс хоорондоо мэндлэхээс эхлээд  өв соёл маань дэлгэрнэ гэсэн үг”  гэсэн юм. Үнэхээр бид үзүүрээс тавьж болохгүй, илүү чанга атгаад л ирээдүйг зорих  ёстой үнэт зүйл бол яахын аргагүй өв соёл билээ. “Өв соёл” хэмээх хоёрхон үгэнд цаглашгүй их утга,  оршин тогтнохуйн үнэ цэн хадгалагдан буй.

 

18 настай  морь цоллооч хүү

 

А.Хүрэлбаатарын хөгшин аав морь, бөхийн цол дууддаг байсан нь түүний  ирээдүйн замналыг бүтээжээ. Түүний бөх, морь цоллож эхэлсэн түүх нь хүртэл бэлгэшээлтэй сайхан аж.  Нийтлэлийн баатар маань энэ тухайгаа дурсамж яриа дэлгэлээ. Тэрбээр “Налайхад Увс аймгийн  Наранбулаг сумын харьяат  Монгол Улсын аварга О.Балжинням гэдэг хүн ирлээ. Тэр үед бөхийн цол дуудах байсан Налайхын ахмадын хорооны дарга н.Дашцэвэг гэж хүний хоолой нь сөөчихсөн учраас цол дуудаж чадахгүй болоод надаар цоллуулж байлаа. “Чи чадна” гээд үгийг бичиж өгөөд би анх Улсын аварга О.Балжиннямын цолыг дуудаж байлаа. Тэгсэн намайг сайхан хоолойтой хүүхэд байна гээд  морины цол дуудуулж байсан юм. Анх их насны морины цол дуудахдаа Гачууртын уяач Увс аймгийн Наранбулаг сумын харьяат өндөр настан н.Чимэд уяачийн дөрвөн морийг цоллож байсан түүхтэй. Миний бөх, морь цоллох эхлэлийг Увс аймгийн  Наранбулаг сумын харьяат  иргэдээс эхлэсэн нь их бэлгэшээлтэй санагддаг” гэсэн юм.  

.

“Бөх, морь цоллоход сэтгэл огшдог”

Манай сонины зочин хойморт уригдсан Ө.Хүрэлбаатар төрийнхөө наадмын хүчит бөхийн барилдааны  зүүний дагавар магнайд гурван жил  бөхийн цол дуудаж байна. Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, О.Хангай  гээд түүний цоллосон бөхийн цуваа тасрахгүй үргэлжилнэ. Мөн тэрбээр улсынхаа их баяр наадмын  түрүү магнай соёолонгийн цолыг долоон жил дуудаж, наадамчин олноо цэнгүүлж яваа нэгэн.

Нийтлэлийн баатар маань Налайх дүүргийн баяр наадмыг 26 жил  уртын дуугаараа нээж, морь,  бөхөө цолложээ. Энэ тухайгаа “Эрийн гурван наадам бол монгол түмний дархлаа. Өвөг дээдсээс бидэнд өвлөгдөн ирсэн дундаршгүй бүтээгдэхүүн.  Бүтээгдэхүүн гэж буйн учир нь  наадмын өдрүүдэд  тэнд бүхий л зүйл цогцолдог шүү дээ. Наадамд ирсэн хүмүүс нутаг усныхаа сонин сайхныг ярьж, халуун уур амьсгал бүрддэг. Энэ өдрийг соён гэгээрүүлж цог золбоог нь бадрааж, 3-5 минут бөх, морио цоллоход өөрийн  эрхгүй сэтгэл огшдог. Би уртын дуу, бөх, уяач гэсэн олон  малгайтай хүн дээ” хэмээн мэргэжлийнхээ сайхан мөн чанарынхаа талаар хуваалцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 75 (7060)