А.Мэдине

Авдрын таг сөхөгдөх бүрд өнгөрсөн зууны түүх  монгол түмний соёл аж ахуй нэвт үнэртэнэ. Эд өлгийн үнэт өвөөр дамжуулан үе дамжсан соёлоо таниулах “Монгол авдар” үзэсгэлэн Үндэсний музейд дэлгэгдлээ.

Монголчуудын уламжлалт аж ахуй нь амьдралын гүн ухаан,шүтлэг бишрэл,гоо зүй шингэсэн онцгой соёлын илрэл юм. Өнөөдрийг хүртэл олон цагийн турш үйлийг бүтээж, сэтгэлийг шингээн үйлдсэн  зүйлээ нандигнан хадгалж ирсэн бөгөөд эдгээрийн дотор эрхэмлэн дээдлэхүйц нэгэн зүйл бол авдар билээ. Авдар нь зөвхөн эд агуурс хадгалах бус айл гэрийн эрдэм буяны сан гэгддэг.  Монгол түмний соёлын чухал элемент болох авдар нь монголчуудын ахуй амьдрал, итгэл үнэмшил, ур ухааны нэгдэл бөгөөд  нутаг орны түүх соёл, гар урлалын уламжлал зэргийг таньж мэдэх боломжтой. Өөрийн гэсэн онцлог шинж, хэрэглээнээс нь хамаарч  авдрыг өөр өөрөөр нэрийддэг ажээ.

Монголын үндэсний музей Үндэсний баяр наадмыг тохиолдуулан “Монгол авдар” үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй толилуулж байгаа бөгөөд. XIX-XX зууны эхэн үеэс өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн 100 гаруй эд өлгийн зүйл, авдруудыг танилцууллаа. Түүнээс  дараах таван авдрыг онцолж байна.


Үхэг авдар XIX зуун  

Уг авдар нь нүүдэлчин ардын буйр сэлгэж нүүдэллэх аянд нялх хүүхэд, настангуудыг суулган холын замд алжаалгүй хүрэхэд тус болдог аж.


Зүмбэртэй жижиг авдар XIX зуун

Уламжлалт монгол ур хийцээр урласан, нарийн сийлбэр бүхий жижиг авдар. Гоёлын болон хэрэглээний зориулалтаар ашигладаг бөгөөд монгол модон эдлэлийн өв соёл, дархчуудын уран гарын билгийг илтгэдэг байна.


Дархны багажны авдар  XIX- XX зууны эхэн үе

 Хэд хэдэн тасалгаа бүхий нээлттэй, хаалттай шургуулгатай эл авдар нь уран дархны  алх, тэвнэ,хадаас татагч зэрэг жижиг багаж хэрэгслийг цэгцтэй байлгах зориулалтай.


Жижиг авдар /Барга/

Барга ястны ур хийц,сэтгэлгээ шингэсэн,нарийн сийлбэртэй гоёмсог будгаар чимэглэсэн энэхүү авдар нь үнэт эдлэл, бичиг хэрэг гоёл чимэглэл хадгалахад хэрэглэдэг. Нар, арслан, усны долгио гэх мэт хээ угалз ашигладаг нь хүч чадал, амар амгалан амьдралыг бэлгэдэл болдог.


Хос авдар XIX зуун

Монгол уламжлалд айл гэрийн хойморт залрах ижил хийц загвартай хоёр авдрыг “хос авдар хэмээн нэрийддэг. Хос авдрын хээ угалз үргэлжилсэн буюу толь мэт харилцан туссан байдаг бөгөөд эв нэгдэл,хосын бэлгэдэл болдог.

Бүсгүй хүний эрдэнэ хадгалж, хүүгийн бэлэг багтана, өвгөдийн захиас шингэсэн эдгээр авдрын үзэсгэлэн өнгөрсөн зууны түүхийг өгүүлэхийн сацуу мөнхрөх өв соёлоо өнөөдөрт авчирч маргаашид өвлүүлэн дамжуулсаар байна.

Эх сурвалж: zms.mn