Х.ХУЛАН

Ирээдүйн үйлдвэрийн хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг нуруун дээрээ үүрэлцэж яваа Дорноговийнхны дараагийн жилүүдийн төлөвлөгөө нь юу бол. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрахтай ярилцлаа. 

-Дорноговьчууд  Ард­чил­сан намд дахин итгэл хүлээлгэсэн нь та бүхний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй “оноо цуглуулс­ныг” баталж байна. Чухам яг ямар бодлого, бүтээн байгуулалт нь хамгийн өндөр “оноо түүж” чадсан гэж та үзэж байна вэ?

-2012 оны сонгуульд Дорноговь аймагт Ард­чилсан нам 12 онцлог бодлого бүхий “Шинэ Дор­ноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр дэвшүүлж ард түмэндээ санал болгосон. Энэ бол өнгөрсөн 2008 онд Ард­чилсан намаас санал бол­госноор сонгуульд ялалт байгуулж байсан  “Шинэ Дорноговь” хөгжлийн хө­төлбөрийн үргэлжлэл юм. Орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийн бод­логыг тодорхойлсон хө­төлбөр болж чадсан учраас  Ардчилсан нам энэ удаад сонгуульд олон­хиороо ялалт байгууллаа. Шинэч­лэлийн Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийн үн­дэс суурин дээр, бас 2012 онд бүх ард иргэдээрээ хэлэлцүүлсэн “Монгол хүн 2020” хөтөлбөрт үндэслэж энэ хөтөлбөрийг боловсруулсан. Мэдээж, дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын маань үр дүнд үнэлгээ өгсөн, ард иргэд. “Шинэ Дорноговь” хөтөл­бөрийг хэрэгжүүлж байх явцад сайжруулмаар, засч залруулмаар зүйлүүд бай­сан. Тэдгээрийг бүгдийг нь тусгаад, “Шинэ Дорноговь-2” хөтөлбөрийг боловсруулсан юм.

Өнгөрсөн дөрвөн жилд бид иргэдийнхээ аюулгүй, тайван амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд газартай, өмчтэй болгох, орон сууцжуулах, Сайншанд, Замын-Үүдийн дэд бүтцийг сайж­руулах чиглэлээр голлож ажилласан. Ирэх дөрвөн жилд бидний хамгийн том зорилго бол үйлдвэржилт. Дорноговьд байгуулах аж үйлдвэрийн паркийн то­моохон бодлогыг хэрэг­жүүлэ­хэд бид орон нут­гийн зүгээс шаардлагатай бүхий л дэмжлэг туслал­цааг үзүүлж ажиллаж байна. 2012 онд Сайн­шандын аж үйлдвэрийн паркийн төрийн өмчит компанийг байгууллаа. Мастер төлөвлөгөөг нь АНУ-ын компани хий­чих­сэн. Одоогоор судал­гааны ажлуу­дыг хийж байгаа.

Сайншанддаа 3000  гаруй га газрыг аж үйлдвэрийн цогцолбор барихаар тө­лөв­л­өгөөнд оруулж, тусгай хэрэгцээнд авчихаад байна. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай хол­боо­той­гоор бидний зүгээс боловсон хүчний асуудлыг нэн тэргүүнд бэлтгэх үүд­нээс Сайншанддаа төмөр замын мэргэжлийн сур­галт үйлдвэрлэлийн төвийг байгууллаа. Аймгийнхаа мэргэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төвд уул уур­хайн мэргэжилтэн, мэр­гэж­лийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нэлээд­гүй хөрөнгө оруулалт хийж шинээр анги танхим нээ­сэн. Ингэснээр боловсон хүчний бодлогын суурийг тавилаа.

2013 оныхоо үндсэн чиглэлийг аймгийнхаа ИТХ-аар саяхан баталсан. Шинэчлэлийн Засгийн газрын нэг гол бодлого нь иргэдээсээ бүх зүйлийг асууя гэж байгаа. Энэ онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж,  сумд өөрсдөө эрх мэдэлтэй бол­чихлоо. Юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ өөрсдөө сумынхаа ИТХ-аар шийддэг болсон. Сумынхаа иргэдээс санал асуулга авч, хөрөнгө оруу­лалт хийх ажлаа эрэм­бэлсний үндсэн дээр хө­рөнгө оруулалтаа ч эрэм­бэлэх юм.  Энэ онд бид иргэдийнхээ оролцоог түлхүү хангахын тулд ажил­лана. Иргэдийнхээ санал санаачлагыг өр­нүүлье, идэвхи оролцоог нь сайжруулъя, төс­вийнхөө ил тод нээлттэй байдлыг хангая, тэдний оролцоонд тулгуурласан бүтээн байгуулалтуудыг хийе, ингэснээр ажлын байр олноор бий болгоно гэж үзэж байгаа.

-Төсвийн зарцуулалтад иргэдийн саналыг эрэмбэлж байна. Ямар санал санаачлага хамгийн дээгүүрт бичигдэж байна, та бүхний хувьд?

-Мэдээж, амьдарч байгаа нөхцөл байдлаасаа шалтгаалаад янз бүрийн санал хэлдэг. Дийлэнх нь төрийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Бид 2013 онд нийтийн үйлчилгээний шинэ ме­неж­ментийг нэвтрүүлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд шинэч­лэлт хийх шаардлагатайг өнгөрсөн жилүүдэд бод­логоо хэрэгжүүлж байх явцдаа олж харсан.

Дорноговь аймагт, ялан­гуяа Сайншанд, Замын-Үүд гэх мэт то­моохон төвлөрсөн суурин газруудад асуудал бий юү гэвэл бий. Энэ талаар бүх шатандаа хэлэлцүүлэг зо­хион байгуулъя, иргэ­дийнхээ саналыг авахдаа сүүлийн үед эрчимжсэн цахим хэрэглээг ашиглая гэж байгаа. Заавал хө­рөнгө мөнгө гэж хүндрэл учруулахгүйгээр, зохион байгуулалттайгаар хам­гийн түрүүнд юуг шийдэж болох юм гэдэг асууд­луудыг нь эрэмбэлж, эхнээс нь шийдээд явна.

2013 онд Газар өмч­лөлийн тухай хуулийн хугацаа дуусна. Үүнээс өмнө иргэдэд газрыг өмч­лүүлэх чиглэлээр, газрын харилцааны мэргэ­жилт­нүүдийн орон тоог нэмэг­дүүлж иргэдийн авах үйл­чилгээний хүртээмжийг сайжруулъя гэж байгаа.

Бид өнгөрсөн арван­хоёрдугаар сард газрын үр өгөөжийг дээшлүүлэх чиг­лэлээр нэг сарын аян турш зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. Зөвхөн нэг сарын хугацаанд 1000 ор­чим иргэнд газар өмч­лүүлж чадсан. Цаашид зөвхөн нэг сарын аян биш, иргэдэд газрын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг, асуудлуудыг нь шийдэж өгдөг байнгын хөтөч бол­дог үйлчилгээний шинэ менежментийг нэвт­рүүлнэ.

-Аж үйлдвэрийн парк байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэт­гэсэн, цаашид үргэлж­лүүлж хийхээр төлөвлөж байгаа ажлууд юу байгаа билээ?

- Сайншандын аж үйлд­вэрийн паркийн мас­тер төлөвлөгөөг хуучнаар Үндэсний хөгжил шинэт­гэлийн хороо гэж байхад боловсруулаад бидэнд ирүүлсэн. Орон нутгийн зүгээс үүн дээр шууд дэмжлэг үзүүлж, бодлого боловсруулаад ажиллахад хүндрэлтэй л дээ. Гэхдээ бид 2011-2021 он хүртэлх аймгийн үйлдвэржүүлэх дэд хөтөлбөрийг батал­чихсан байгаа. Сумдаа дөрвөн бүс болгон хувааж үйлдвэржүүлнэ. Нэг­дүгээр бүс нь мэдээж Сайн­шанд байна. Энд аж үйлдвэрийн паркийг да­гал­дах газрын тос, барил­гын материалын үйлдвэ­рүүдийг барьж байгуу­лахдаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжинэ. Мэдээж, Сайн­шандын аж үйлдвэрийн парктай холбоотойгоор олон ажлын байр бий болно. Том хот суурин газар, үйлдвэрийн хот бий болно гэж тооцоолж байгаа учраас хүнсний хангамж, орон сууцны хангамж гэх мэт чиглэлээр бид өнгөрсөн дөрвөн жи­лийн хугацаанд ажил­лалаа. 2016 он хүртэлх хугацаанд энэ бодло­гуудаа илүү эрчимжүүлнэ. Ялангуяа, уул уурхайн боловсруулах үйлдвэрийн чиглэлийн мэргэжилт­нүүдийг бэлтгэдэг техник технологийн чиглэлийн их сургуулийг аймагтаа бай­гуулъя гэж байгаа. Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг коллежийн статустай болгох шаард­лага бий.  Энэ сургуулийн бааз суурь нэлээд том байх ёстой. Сурагчид нь тэндээ дадлагаа хийчихдэг, тоног төхөөрөмж дээр ажиллах бүхий л нөхцөл бололцоог нь бүрдүүлэх үүднээс сургалтын төвүүдийг хөгжүүлж, өргөжүүлнэ.

-Таны хэлснээр, хүн амын хүнсний хангамж маш чухал. Энэ хүрээнд босгож, бий болгосон ямар ажлууд байна вэ?

-Хэд, хэдэн ферме­рийн аж ахуйг 2011, 2012 онд байгуулсан. 2013 онд бас зарим сумын төвийг түшиглээд гурван сумын дунд томоохон фермерийн аж ахуй байгуулна. Сайхан­дулаан суманд гэхэд 1000 ингэтэй фер­мерийн аж ахуй байгуулах ажлыг эхлүүлээд цахилгаан, газрынх нь асуудлыг шийдэж байна. Цаашид хүнсний ногоо, бүтээгдэхүүнээ зөвхөн гаднаас хангадаг биш, аймагтаа газар тариалан хүнсний ногоог хөг­жүү­лэхээр агропарк бай­гуулсан.

Дээр нь аж үйлдвэрийн цогцолборт дагалдах жижиг үйлдвэрүүд, орон нутгийн зүгээс ажлынх нь хөдөлмөр аюулгүй байдал, хамгааллынх нь хувцсыг бэлтгээд өгчихдөг хүмүүсийг бэлтгэх гээд Бизнес инкубатор төвийг өнгөрсөн жил байгуулсан. Энд жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн сургалтыг төлбөргүй, ямар нэгэн түрээс, байрны хөлс авахгүйгээр 2-3 сар, зарим тохиолдолд зургаан сар хүртэлх хугацаагаар явуулах юм.

-Орон сууцжуулах ажил эрчимтэй өрнөж байгаа шүү дээ. Шинэ хороолол байгуулж байна. Түүнийг дагаад дулааны хангамжийн асуудал гарч ирж таарна. Шинэ ду­лааны станц барихгүй бол одоогийнх нь хүчин чадлаа дийлэхгүй болсон байна?

-Бид 2013 оны үндсэн чиглэлдээ “Сайншанд-2” дулааны станцын техник эдийн засгийн үндэс­лэлийг боловсруулахаар оруулчихсан. Мэдээж, дулааны станц барихад  хөрөнгө, санхүү их шаардана. Тиймээс ямар ч байсан 2013 онд ТЭЗҮ-г нь боловсруулаад, бүх бичиг баримтыг бэлтгээд, судалгааг нь хийж дуусгая гэж байгаа. Сайншандад сүүлийн гурван жилийн хугацаанд орон сууц эрчимтэй баригдсан. Орон нутгийн засаг захиргаа­наас иргэдийг хямд, чанартай орон сууцтай болгох бодлого хэрэг­жүүлсний үр дүнд 2012 онд 500 гаруй айлын орон сууц ашиглалтад орлоо. 2013 онд дахин 200 гаруй айлын орон сууц ашиглалтад орно.

Тэгэхээр мэдээж, шу­гам сүлжээ, дулааны хангамж, хүртээмжийг зайлшгүй нэмэх шаард­лагатай. Ойрын хоёр жилийн хугацаанд Сайн­шандын ДС-2-ыг барьж байгуулахаар ажлыг нь эхлүүлээд явж байна. Мэ­дээж, зөвхөн нийтийн орон сууц бариад зогсох­гүйгээр гэр хороололд дахин төлөвлөлт хийгээд орон сууцжуулах ажлыг өнгөрсөн 2009 оноос эхлүүлсэн. Гэр хороолол руу дулааны цэвэр бохир усыг татах ажлыг 2009 онд эхлүүлсэн. Дөрвөн жилийн хугацаанд нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэг, гуравдугаар багийнхаа зарим хэсэгт цэвэр , бохир, дулааны шуга­муудыг татсан. 2013 оноос бид энэ төвлөрсөн төв шу­гамыг айлуудтай холбож эхэлнэ.

Аймгийн Ардчилсан намаас хэрэгжүүлэх 12 бодлогын нэг нь “Тохилог сууц-10000” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид зөвхөн Сайншанд, Замын-Үүд гээд төвлөр­сөн газруудаар зогсохгүй, сумдад 60-120 айлын орон сууцыг барьж байгуулна. Сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангах ёстой. Нөгөө талаар хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа юм. Сумдад төв­лөрсөн дулааны зуухтай болгоё гэж байгаа. Өнөөдөр сумдад сургууль, цэцэрлэг, Соёлын төв, эмнэлгийн барилгууд нь тус тусдаа жижигхэн уурын зуухтай.

2013 онд 1-2 сумын төвийн дулаан, дэд бүтцийг нь шийдвэрлэнэ. Цаашдаа дөрвөн жилийн хугацаанд жил бүр хөрөнгө санхүүгийнхээ байдлаас шалтгаалаад 2-3-аар нь шийдвэрлээд явах юм.

- Эцэст нь зөвхөн энэ онд барьж байгуулахаар, хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа товчхон дурьдахгүй юу?

 -2013 онд манай аймагт Тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн 210 жилийн түүхэн ой тохионо. 2013 он бол Дорно­говьчуудын хувьд бүтээн байгуулалт өрнүүл­сэн жил байх болно. Хутагтынхаа ойг угтсан бүтээн байгуу­лалтуудыг иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хийхээр төлөвлөж байна. Өмнөх жилүүдэд төлөвлөж бай­сан, Сайншанд, Хатан­булаг, Замын-Үүд сумын спорт, соёлын төвийн цогцолборуудыг барьж байгуулна. Сайн­шандад аймгийн төв музейн орчин үеийн шаард­лагад нийц­сэн томоохон барилгын ажлыг эхлүүлж, аялал жуулч­лалыг хөгжүүлэх чиглэ­лээр үлэг гүрвэлийн парк байгуулах ажил эхэлнэ. Зарим суманд Залуу­­чуудын хөгжлийн төвийг бас байгуулах юм. 2008-2012 онд сумдад Ахма­дын хөгжлийн төвийг байгуулсан. 2008-2012 онд бүх суманд цэ­цэр­лэгийн асуудлыг бүрэн шийдсэн. 2013 онд Сайн­шандад, Замын-Үүдэд тус бүр 300 хүүхдийн, Өргөн суманд 75, Даланжаргалан суманд 100 хүүхдийн цэцэр­лэгийн барилгын ажлыг, зураг төслийг эхлүүлнэ. Мөн хоёр суманд Соёлын төвийн барилгын ажил эхэлнэ.