Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН 

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэж Д. Нацагдорж шүлгэлсэн байдаг. Тэгвэл Э.Мөнхбадрах одоогоос 10  гаруй жилийн өмнө эхнэрийн хамт БНСУ-ыг зоржээ. 
Очсон цагаасаа л авто угаалгын газруудад ажилласан байна. Э.Мөнхбадрах энэ талаараа “Солонгос явахаасаа өмнө эхнэр бид хоёр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг байсан.
2011 онд эхнэртэйгээ ярилцаад Солонгос явж амьдрал ахуйгаа сайжруулъя. Өөрсдийн орон байртай больё гээд явсан. Очсон цагаасаа ирэх хүртлээ авто угаалгад ажилласан. Солонгост машин угаалгууд нь бүгд уураар цэвэрлэдэг. Харин усан угаалгаар автобус, том машинуудыг угаадаг” гэсэн юм.


ГАДНЫ СОЁЛЫГ НУТАГШУУЛАХААР ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ НЬ


З.Мөнхбадрах 2020 онд эх орондоо ирсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сараас “Clean boy” нэртэй уураар цэвэрлэдэг авто угаалгаа нээсэн байна. Дашрамд хэлэхэд Монголд энэ төрлийн авто угаалга цөөн байдаг. Мөн тэдгээр угаалгууд нь гадна, доторгүй уураар цэвэрлэдэггүй байна. Тодруулбал, гадна талыг нь усаар, дотор талыг нь уураар цэвэрлэдэг байна. Харин Э.Мөнхбадрахын “Clean boy” авто угаалга нь дотор гадаргүй уураар цэвэрлэдэг бөгөөд Солонгосын машин угаалгын технологид суурилдгаараа онцлогтой. 
Уураар машин угаахад бохирдол ихтэй машиныг 8-10 литр усаар угаадаг бол бохирдол багатай машинд 4-6 литр ус ордог байна. Энэ тухай З.Мөнхбадрах “Солонгост машин угаалгын олон газар ажиллаж байсан. Сүүлд тус улсын  “Clean boy” нэртэй машин угаалгын том компанид долоон жил ажилласан. Ажиллах хугацаандаа Монголд энэ төрлийн угаалгын газар нээвэл болох юм байна гэж боддог байсан. Ингээд Монгол руу буцахад захирал маань нутагтаа очоод уурын угаалга нээгээд үз гээд нэг төхөөрөмж бэлэглэсэн. Тиймээс ажиллаж байсан компанийнхаа нэрээр нэрлэсэн. Одоо ч солонгосын компаниудтайгаа холбоотой байгаа.  Ирээд угаалга нээх гэхэд “Монголд болдоггүй юм аа. Дампуурна” зэргээр сөрөг зүйлсийг хүмүүс их ярьж байсан. Гэтэл угаалгаа нээх гээд хөөцөлдөхөд эко, ус бага хэрэглэдэг гээд бичиг баримт нь долоо хоногийн дотор л бүтсэн” гэв. 

 

СААРАЛ УС МАШ ИХ ҮНЭРТЭЙ

 

Солонгост авто угаалгууд нь бүгд саарал ус ашигладаг байна. Э.Мөнхбадрах угаалга нээгээд саарал ус ашиглаж үзжээ. Энэ тухайгаа “Монголын саарал ус үмхий үнэртэй байсан. Халуун уураар цэвэрлэдэг учраас муухай үнэр илүү ихээр гардаг юм байна лээ. Солонгосын саарал ус бол ямар ч үнэргүй байдаг. Хүний машинд өмхий үнэр шингээчихвэл үйлчлүүлэх хүн олдохгүй шүү дээ. Хэрэв манай Монголын цэвэршүүлэх байгууламж илүү сайн цэвэршүүлдэг болвол бид хэрэглээндээ нэвтрүүлэхэд бэлэн” гэсэн юм. Ссүүлийн үед “Clean boy” авто угаалгаар үйлчлүүлэх хүмүүс нэмэгдсэн байна. Учир нь тус угаалга хүний гар хүрч чадахгүй хэсгийг ч маш сайн цэвэрлэж байлаа. Тодруулбал, биднийг очиход цагаан өнгийн эстима маркийн машин угаалгаж байв. Тус машиныг таван хүн 30 минутын дотор зэрэг угаагаад дуусгав. Ингэхдээ машины хаалганы хавтас, тааз, багааж, бүх багана,  паарны доторх хэсэг гээд бүхнийг яг л шинэ юм шиг болгов. Нэг үгээр хэлбэл 150-200 градусын халуун уураар машиныг нь ариутгаад гаргаж байгаа нь энэ юм. Мөн уурын угаалга учир ямар ч тос түрхэхгүй ажээ. 

ЦАГИЙГ ХЭМНЭНЭ, УСЫГ ХЭМНЭНЭ, ДЭЛХИЙГ АВРАНА ГЭСЭН УРИАТАЙ

 

Э.Мөнхбадрах “Манай авто угаалга “Таны цагийг хэмнэнэ, усыг хэмнэнэ, дэлхийг аварна” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх надтай нийлээд таван ажилчинтай. Нэг машин ирэхэд хоёр эмэгтэй маань дотор тал, гурван эрэгтэй нь гадна талыг нь угаагаад маш хурдан гаргадаг. Би захирал гээд зүгээр суухгүй. Энэ хэдтэйгээ хамт угаагаад л явдаг. Надтай хамт ажиллаж байсан хоёр залуу мөн уурын угаалга нээсэн. Гэвч би захирал нь гээд угаалгаа хаяад явчихсан  байгаа юм. Харин миний хувьд ажилчидтайгаа хамт угаалгаа хийгээд л явж байна. Солонгост ч захирал нь хамт ажиллаад л явдаг. Ингэж байж бизнесээ тогтвортой авч үлдэнэ. Гадны энэ сайн жишгийг бид суралцах хэрэгтэй” гэсэн юм. Тус угаалга нь маш цэвэрхэн орчинтой. Энэ нь ус бага зарцуулдагтай холбоотой аж. 

 

АЖИЛЧДАА ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД НЬ ХҮРГЭХ, АВАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГЧЭЭ

 

“Clean boy” авто угаалгын цагийн хуваарь нь 10:00-19.30 цаг. Мөн долоо хоног бүрийн нэг дэх өдөр амардаг аж. Энэ нь ажилчид хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх, албаны ажлаа амжуулахад тустай байдаг талаар хэлж байлаа. Мөн бусад авто угаалгууд шиг хувиар цалин авдаггүй байна. Энэ нь тогтвортой суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.  
Сонирхуулахад энгийн угаалгад шалавч угаахад 10 л ус зарцуулдаг бол уураар бүтэн машин угаахад 10 л ус ордог.  
Энэ талаар угаагч М.Ганбат “Би машин угаалгын олон газар ажиллаж байсан. “Clean boy” авто угаалгыг нээгдсэн цагаас нь ажиллалаа. Уурын угаалгын давуу тал нь усыг бага хэрэглэнэ. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн байдаг юм байна. Үүнээс орчин нь цэвэрхэн байхаас гадна машины бүх тоос шороог цэвэрлэдэг болохоор үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун гарах юм. Үүнээс гадна хувиар биш тогтмол цалинтай нь таалагдаж байна” гэв. 
Үйлчлүүлэгч Б.Зоригтбаатар “Энэ авто угаалгаар машинаа угаалгаад жил болж байна. Өөр газруудаар үйлчлүүлэхээр сэтгэлд хүрэхээ больсон. Хурдан, найрсаг, чанартай үйлчилгээ нь маш их таалагддаг” гэв. 

Улаанбаатар хотод 240 гаруй автомашин угаалгын газар бий. Тэдний 34 нь л саарал ус ашигладаг. Мөн нэг машин угаахад 80-100 литр ус зарцуулдаг тухай өмнөх дугаартаа бид  хүргэсэн. Ингэхэд саарал ус ашигладаг нэг ч газартай таараагүй. Тэгвэл саарал ус сайн цэвэршүүлэгдээгүй. Муухай үнэртэй байдаг бол дээрх 34 авто угаалга цэвэр ус хэрэглэдэг нь тодорхой. Бид дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж. 2050 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхийн тулд хөшөө дурсгал, цагаан сарын боов зэрэгт мөнгө төсөвлөхөөс илүүтэй цэвэршүүлэх байгууламжаа сайжруулах, хэрэглээнд нэвтрүүлэх  нь нэн тэргүүний асуудал болоод байна. Саарал усыг ядаж л нойлын ус болон машин угаалгад ашиглах хэрэгтэй. Машин угаалгууд саарал ус хэрэглэдэг болвол өдөрт 2000 тонн усыг хэмнэх боломжтой юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 27 (7012)