100 жилийн өндөрлөгөөс боловсруулах үйлдвэрийн сайн жишээг тольдлоо

0
хуваалцах
128
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улсын эдийн засгийн  гол тулгуур уул уурхайн салбар үүссэний 100 жилийн түүхэн ойн өдрүүд үргэлжилж байна. Энэ хугацаанд уул уурхайн салбар төсвийн орлогын 30 орчим хувь, ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг болтлоо өсөж дэвшжээ. Энэ орлогыг газрын баялгаа экспортолж олдог. Ингэхдээ баяжмалаар нь гаргаж байна уу, боловсруулж гаргаж байна уу гэдэг нь 100 жилийн өндөрлөгөөс харахад анхаарал татах боллоо. Уул уурхайн Экспортын эердөө 1.1 хувийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний 88 хувийг “Ачит Ихт” ХХК экспортолдог юм байна. Тиймээс боловсруулах үйлдвэрийн сайн жишээ болсон, Лондоны металлын биржийн ганц монгол гишүүн, Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр зургаа дахь удаагаа шалгарсан “Ачит-Ихт” компанийн үйл ажиллагаатай танилцахаар Эрдэнэт хотыг зорилоо.

“Ачит-Ихт” компани байгальд сөрөг нөлөө багатай, Европын дэвшилтэт технологи ашиглан, балансын бус 2-р овоолгыг боловсруулан, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэн өдгөө олборлолтоос боловсруулалтад, боловсруулалтаас бүтээгдэхүүнд гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Түүхэн замналын тухайд “Ачит-Ихт” компани нь балансын бус 2-р овоолгыг ашиглан, үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй 2010 онд байгуулсан байдаг. Тодруулбал, бидний сайн мэдэх “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, агуулга муутай, балансын бус хаягдлыг  1978 оноос 2004 он хүртэл хуримтлуулан 2-р овоолгыг үүсгэсэн байна. Балансын бус гэдэг нь ашиглах боломжгүй хэмээн ялгасан хүдрийг хэлдэг.

“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг тойрсон технологид нь тохирохгүй болон өнгөн хөрс хуулалтаас гарсан 12 овоолго байдаг. Энэ 12 овоолго дээр одоогоор гурван компани үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс балансын бус овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг нэг  үйлдвэр нь “Ачит-Ихт” юм. Тус үйлдвэр уусгалт, уусган хандалт, цахилгаан хими гэсэн гурван үе шаттайгаар гидрометаллургийн аргаар Лондоны металл биржийн “А” зэрэглэлд багтах 99.999 хувийн сорьцтой катодын зэсийг үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд гаргаж байна.

Дээр дурдсан балансын бус хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд “Ачит-Ихт” компани  санхүүгийн болон технологийн асар том эрсдэл үүрч ажилласнаар 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан нь өдгөө Монголын боловсруулах үйлдвэрийн сайн жишээ болж байна. Катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор балансын бус  овоолгоос байгаль, цаг уурын нөлөөллөөр хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж ирсэн уусмалыг байгаль орчинд ээлтэй технологиор ногоон зэс үйлдвэрлэж, “хаягдал”-аас баялгийг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч болсон юм.

 

Галын иж бүрэн систем нь Монголд анхных

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд саяхан болсон 30 гаруй компанийн 1600 тамирчин оролцсон тэмцээнд "Ачит Ихт" ХХК-ийн эрэгтэй баг алтан медаль авлаа

Ямар гурван үе шатаар цэвэр катодын зэс бэлэн болдог үйл явцтай биечлэн танилцсаны дараагаар бид хяналтын өрөөгөөр зочиллоо. “Ачит-Ихт” үйлдвэр гар ажиллагаа багатай бүрэн автомажсан юм байна.  Тухайлбал, хяналтын өрөөн дэх камераар зэс үйлдвэрлэлтийн бүх явцыг нарийн хянадаг аж.

Үүнээс гадна үйлдвэрийн өрөө бүрт мэдрэгчүүд байрлуулжээ.  Эдгээр мэдрэгч нь дулаан, хий, утааг мэдэрдэг. Ямар нэгэн утаа гарах, хий алдагдах үед автоматаар ажиллах зохицуулалттай дэлхийн үйлдвэрүүдэд ч цөөн байдаг галын аюулаас урьдчилан сэргийлэх, галыг унтраах  иж бүрэн хамгаалалтын системийг нэвтрүүлжээ. Энэ галын систем нь галыг өөрөө унтраадаг бөгөөд Монголд анхных гэж болно.

Зэс агуулсан уусмалаа баяжуулахын тулд олон химийн бодис ашигладаг. Тиймээс “Ачит-Ихт” үйлдвэр химийн тусгай лабораторитой агаад үүнд одоогоор есөн мэргэжлийн химич ажиллаж байна. Уусмалаас авсан дээжийг энэ лабораторид шинжилж, ямар бодис нэмэх, хасахаа тооцоолдгийн үр дүнд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилдэг байна. Нийт үндсэн 230, гэрээт 66 нийт 290 орчим ажилтантай. Нэг ажилтан багадаа дөрвөн ам бүлтэй хэмээн тооцвол “Ачит-Ихт” үйлдвэрийн үр шим шууд нөлөөгөөр 50 мянган хүнд хүрч байна. Харин ажилтан бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн шууд бус үр нөлөөг тооцвол 180 мянга гаруй хүнд тус үйлдвэр үр шимээ өгчээ.

 

Жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэдэг

 

Боловсруулсан экспортын 88 хувийг “Ачит-Ихт” компанийн зэс дангаараа эзэлж байна. Тухайлбал, манай улсад боловсруулсан зэс үйлдвэрлэж экспортолдог хоёр компани байдаг. Үүний нэг нь “Эрдмин” компани. “Эрдмин” ХХК 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс, 2005 оноос зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани жилдээ 2500 тонн зэс үйлдвэрлэдэг. Харин “Ачит-Ихт” компани  жилдээ 10 мянган тонн зэс үйлдвэрлэдэг.

Энэ талаар “Ачит-Ихт” компанийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Ц.Ариунжаргал “Манай үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2011-2014 онд үргэлжилсэн. Анхны ТЭЗҮ-г Бээжингийн уул уурхайн метал¬лургийн судалгааны төв инс¬титут хэмээх гидрометаллургийн үйлдвэрүүд дээр судалгаа хийдэг том байгууллага 2014 онд боловсруулж байсан. Техник технологио шинэчилж, нуруулттай уусгалтын технологийг нэвтрүүлэхээр 2019 онд ТЭЗҮ-дээ тодотгол оруулсан. Ингэснээр 10 жил ашиглах хугацаа уртасч 2026 он хүртэл ашиглахаар болсон. Дэлхийн нийт зэсийн 3 орчим хувийг Монгол Улс үйлдвэрлэдэг. Цаашид үйлдвэрлэлээ сайжруулбал дэлхийн топ 20 зэс үйлдвэрлэгч орны эгнээнд багтах боломж бүрэн бий” гэв.

“Ачит-Ихт” компани үйлдвэрийн бүтээн байгуулалтын туршид техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг дөрвөн удаа боловсруулж, 2018 онд Үүсмэл ордын нөөцийг  ашигт малтмалын Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлжээ.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийв

 

Байгуулагдсан цагаасаа хойш “Ачит-Ихт” компани нь Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжин үйлдвэрлэл эрхлэхдээ орон нутагт ажлын байрыг бий болгох замаар нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ хугацаанд улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд нийт 297 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Мөн 1500 гаруй дотоодын ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, 81.7 тэрбумын дотоодын худалдан авалт хийсэн байна. Ашигт малтмалын тухай хуульд 2016 онд үүсмэл ордын холбогдолтой зохицуулалтууд шинээр орсноор эрх зүйн орчны үндэс бүрдсэн байдаг. Энэ дагуу үүсмэл орд ашиглах ганцхан тусгай зөвшөөрлийг олгосон нь “Ачит-Ихт” компани юм. “Ачит-Ихт” компани үүсмэл ордыг ашиглах туршилт судалгаагаа геологийн судалгаа, металлургийн туршилт, судалгаа, практик туршилт гэсэн гурван үе шаттайгаар хийжээ.

“Ачит-Ихт” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн нэг томоохон ажил нь өөрийн үйлдвэрийн болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтнуудад зориулан гаргасан Давуу эрхийн хувьцаа юм. Энэ давуу эрхийн хувьцааг жилийн 30 хувийн ногдол ашигтай,  гурван жилийн хугацаатай гаргасан байна. Хувьцааны ногдол ашиг нь банкны хугацаатай хадгаламжийн хүүнээс дөрөв дахин их байж. Монгол Улсад анх удаа баялаг бүтээгч ажилтан үйлдвэрийнхээ үр шимийг хүртэх боломжийг энэ давуу эрхийн хувьцаагаар олгож, нийт 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.

Мөн ирэх 10 жилд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” санаачлагын хүрээнд орон нутагт гурван сая мод тарьж ургуулахаар  Орхон аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулжээ. Одоогоор тус компани Орхон аймгийн Баян-Өндөр суманд 6.4 га талбайг 100 хувь нөхөн сэргээж, 8500 гаруй мод тарьсан байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ундны эх үүсвэр Хөөврийн булаг болон Далиу булгийн эхийг сэргээн, тохижуулж, усны нөөцийг хамгаалан, усны чанарт тогтмол шинжилгээ, мониторинг хийж, хянан ажиллаж байна. Мөн байгаль экологийн тэнцвэрийг хангагч тарвагыг нутагшуулан, үржүүлснээр тоо толгой нь 20 орчим болж өсч үржжээ.

 “Ачит-Ихт” компани байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар таван жил тутам баталгаажуулж, “бага эрсдэл”-тэй гэсэн үнэлгээ авчээ.  Тиймээс Орхон аймгийн “Байгалийн нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлтэд үнэлгээ, дүгнэлт гаргах” ажлын хэсгийн дүгнэлтээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) нь гүйцэтгэлийн “зорилтоо ханган ажилласан” гэж үнэлдэг. Энэчлэн бичээд байвал бүх талаараа үлгэр жишээ болохуйц үйл ажиллагаа нь тогтворжсон, ажилтан бүр нь сэтгэл өөдрөг ажилладаг ийм нэгэн халуун дулаан хамт олонтой үйлдвэрийг үзлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 234 (6966)