Ч.ХАЖИД
Гэрэл зургийг Р.ОЮУН
"Туулын хурдны зам"-ын төсөл хэрэгжүүлэгч "Хао Юань женерал констракшн" ХХК-ийн удирдлагууд БОУАӨ-ийн сайдын "түр зогсоох" шийдвэрийг биелүүлээгүй, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсаар байгаа талаар иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.
Иргэдийн төлөөлөл “Хао Юань женерал констракшн” компанийн менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй учраас үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан мэдэгдлийг цагдаагийн байгууллагад хүргүүллээ. БОУАӨ-ийн сайдын ажлын хэсгийн тэмдэглэлд тухайн компанийг төлөөлж хоёр иргэн, Монгол талаас хоёр иргэн гарын үсэг зурсан байдаг. Тус компанийн байшин барьж байгаа газар нь ХУД-ийн нутаг дэвсгэрт харьяалагдахгүй, 013 дугаар ангийн эзэмшлийн талбай гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан. Харин тухайн компанийн зүгээс “Уг талбайг түрээслээд байшин барьж байна” гэж хэлсэн байгаа юм. Батлан хамгаалах салбар Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж, хамгаалах үндсэн үүрэгтэй гэвч ямар үндэслэлээр энэ бүхэн цэргийн 013 дугаар ангийн эзэмшлийн газар дээр баригдаж байгааг ойлгохгүй байна. Гаднын компани ингэж дураараа байнгын оршин суух кемп барьж байгаа нь үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа зүйл болж байна. Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж байна. Мөн АТГ, Эрүүгийн цагдаагийн газар ажлаа хийхийг хүсье.
Дараагийн асуудал бол Туул голын сав газарт олон тооны цагариг суулгасан байна. Энэ нь мөс хайлж, цөн түрэхээр усны урсгалыг өөрчилнө. Уусны урсгалыг өөрчлөх нь Байгаль орчны хуулиар зохицуулагддаг. Гэтэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх үндэслэлээр БОУАӨ-ийн сайд үйл ажиллагааг нь зогсоосон байхад энэ бүхнийг хийсэн байна. Энэ чинь шар усны үер болбол тухайн бүсэд байдаг иргэдэд хор хохирол учрах нөхцөлтэй байна. Тиймээс холбогдох хууль хүчний байгууллагууд эдгээр асуудал дээр арга хэмжээ авахыг шаардаж байна” гэв.
Эх сурвалж: zms.mn