Д.ЦЭРЭННАДМИД

 

"Өнөөдрөөс маргааш гэхэд арай илүү ихийг бүтээхийн төлөө боддог хүн дээ би" гэж яриагаа эхэлсэн энэ эрхмийг уран сийлбэрч, барималч Т.Ганболд гэдэг. Түүнтэй уулзахсан гэж боддог байлаа.

Бид хоёр дан урчууд цугларсан нэг үзэсгэлэн дээр анх танилцсан юм. Саявтар түүн рүү утасдлаа. Утсаа авч байх юмаа. Олзуурхаж сониныхоо “Амьдралын тойрог” гэх хүндтэй буланд уриатахлаа. Зөвшөөрлөө. Бөөн олз санагдав. Түүнтэй уулзахыг зорилоо. Баянзүрх дүүрэг олны мэдэх Шар хадын гэр хороололд байдаг аж.

Очлоо. Гаднаас нь харахад жирийн л сууц юм. Харин өргөтгөж байгаа бололтой. Хашаанд нь банз, дүнз, тоосго хураастай байх юм.

Хэд хэдэн өрөө нэмэхээр суурийг нь тавьчихаж. Дотогшоо орвол тэр чигээрээ урланд орчихов.

.... хоймортоо зэрэгцүүлж тавьсан дээр үеийн хийцийн авдарнууд дээр нь бурхан багш, цагаан ногоон Дарь-Эхээс эхлээд том том бурхад өржээ. Хананд нь бидний урлагийн тайзнаа хардаг баг, маскнууд анхаарал татахгүй байхын аргагүй мэт. Урлан нь юм уу гэтэл үгүй юмаа. Зочны өрөө нь гэнэ. Сийлбэрч, барималч энэ эрхэм бэлэг дурсгалын эд зүйл хийгээд 40 гаруй жил болжээ. Бүтээлээ их тоолоод байсангүй гэнэ. Лав хэдэн мянгад хүрсэн байх гэж хэлнэ лээ. Ангилаад үзэхэд 84 нэр төрлийн зүйл урлажээ гэх.

Энд ч ширээ дүүрэн байдаг бийр, нэг ширээ дүүрэн урлалууд нь жирийнэ. Түүнийг нь хараад үйлдвэрийн цех шиг санагдсанаа хэлбэл Т.Батзориг:

-Манай Урчуудын эвлэлийн харьяанд цаасан шуумал болон гипсээр бэлэг дурсгалын зүйл янз бүрийн баг маск хийдэг тасагтай байснаа байхгүй болгосон. Үүнийг нь би орлон ажиллаж байна даа гэсэн юм.

Үг сургаалийг нь сонсож ажлынх нь арга барилаас суралцмаар хүний нэг нь Т.Ганболд аж. Түүнийг хажуу гудамжныхан нь мэдэхгүй байж болно. Тэгвэл дэлхий мэднэ гэж хэлэхэд онох байх. Яагаадав гэвэл хаа газрын улс орныхон Монголд нэг тийм урлаач байдаг гэдгийг мэдчихээд захиалга өгдөг. Зорьж ирдэг байх юм. Тэр бүхэнтэй Ганболд интернэтээр харьцана, санаа бодлоо солилцоно. Хэдхэн жилийн өмнө гэхэд өөр улс орны 30-40 аж ахуйн нэгж, компани, цуглуулагчид холбоотой байж. Тэр тоо ковидоос хойш цөөрчихсөн гэх.

"Гэхдээ орлого буураагүй дээ" гэж Н.Ганболд хэлнэ лээ. Түүнийг дэлхий мэднэ гэж хэлсэн үгээ улам бататгая. Тухайлбал, Францын Робертын томоохон музейгээс эхлээд түүний бүтээл байдаг газар олон улс оронд тархжээ. Бас Тайвань дахь Монголын соёлын төвд зохиолч Д.Мэнд-Ооёо гуайн зуучилснаар бүтээгдсэн монгол уламжлалыг харуулсан бүлэг бүтээл бий юм билээ. Бас Германд байдаг “Морин төвөргөөн” чуулга хувцас, хэрэглэлээ хийлгэжээ.

Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгад цам бүжгийн баг чимэглэлийн зүйлсийг нь хоёр ч удаа хийж өгсөн байдаг. Саявтар Портулгалиас нэг хүн зорьж ирж захиалсан юмаа аваад явж. Тэр хүн Монгол дахь Европын холбооноос мэдээлэл авсан гэж байв. Энэ мэтээр гадаадад байдаг хувийн цуглуулагчдын захиалга ерөөс тасардаггүй юм билээ.

Цаасан шуумлаар эхэлсэн Ганболдын урлах ажлын хүрээ өдрөөс өдөрт өргөжиж бүтээл нь ч өнгөжиж байна. Урлаач маань мод, төмрөөс эхлээд олон түүхий эдээр бүтээл хийдэг. Саявтар бүрэн сийлбэр угалзтай авдар, бурханы гүнгэрваа захиалгаар хийжээ. Үүнийгээ нэг онцлох бүтээл гэж хэлнэ лээ. Үнэт чулуугаар хөөрөг хийж ч үзэж. Чүнчигноров чулуугаар бурхан хийхээр бэлдчихсэн гэнэ. Бүтээл маань хүрэхгүй газар орон гэж бараг байхгүй дээ. Харин бусадтай хамтарч хийсэн томоохон бүтээлд миний нэр байхгүй байж болно. Энэ бол  захиалагчийн мэдэх асуудал юм даа гэж даруухан хэлэх нь Т.Ганболд хийх бүтээхдээ сэтгэлээ бүрэн гаргаж бусдад хүртээхдээ ч гар татдаггүй нэгэн гэдэг нь харагдаж байна. Бас түүний ярианд

"Урлагийн ямар нэг бүтээл хийнэ гэдэг хөндлөнгийн хүнд бол “там”-ын ажил шиг байж магадгүй. Харин манай гэр бүлийнхэнд бол бүтээхүйн жаргал байгаа юм гэсэн санаа үе үе гарч ирээд л байх юм. Бид бүтээхүйн жаргалыг ам бүлээрээ эдэлж байна даа" гэлээ.

Т.Ганболдынхныг гэр бүлээр нь уран бүтээл урлаачид гэж хэлэхэд онох болов уу. Ах Т.Батаа нь ЗХУ-д зураачийн мэргэжил эзэмшсэн нэгэн. Одоо Америкт хийдгээ хийгээд бүтээдэгээ бүтээгээд амьдарч байгаа юм. Удмаараа урлаачид байна гэдэг манай монгол өв уламжлалын нэг сайхан нь л даа гэдгийг Ганболдын гэр бүлийнхэн тод харуулж байна.

Т.Ганболд эхнэр Б.Энхтүвшингээ урлангийн урлан бүтээх албанд бүрэн урвуулж чаджээ.

-Эхнэр маань уг нь цахилгааны мэргэжилтэй хүн. Одоо бол юун нэмэх хасах цэнэг гэхээсээ надтай адил мод чулуу сонирхож огт өөр хүн болчихсон. Оёх, хатгамалдахаас эхлээд зурна, бичнэ, будна. Түүнд хийхгүй чадахгүй юм ховор. Нэг тийм шинэ юм хиймээр байна гэвэл надтай цуг ханцуй шамлаад орчихно доо гэж бахархангуй ярив.

Т.Ганболд дөрвөн хүүхэдтэй, тэдний хоёр нь хүү. Том хүү Г.Энхбат нь мөн гадаадад гар урлалын зүйлээ хийж амьжиргаагаа залгуулж байгаа бол бага хүү нь нефтийн химич мэргэжил эзэмшсэн ч одоо удам дамжсан монгол өв уламжлалын бүтээлийг хийлцэж явна. Уг нь нефтийн чухал мэргэжил эзэмшсэн хүн гэх. Гэтэл Монгол Улс нефтийн химич гэдэг ховор сайхан мэргэжилтэй. Тийм мэргэжлийг сонгосон. Гэтэл Монгол Улс хэзээ нефтийн үйлдвэртэй болох нь бүдэг бадагхан байгаа. Тэр бас гадаадад амьдарч явна. Одоо цагт хийе бүтээе гэсэн санаа байх юм бол хол, ойрын ялгаа байхгүйг Т.Ганболдын урлаач гэр бүлийн жишээгээс харж болох юм.

Сийлбэрч Т.Ганболд түүний эхнэр Б.Энхтүвшин нар энд тэнд тархсан ам бүлээ төвлөн удирдаж ажил үйлдвэрлэлийн хүрээгээ тэлсээр шинэ шинэ бүтээл гаргасаар л. Т.Ганболд "Та урланг маань сонирхоод байх шиг. Үз л дээ. Уучлаарай. Бид урлангийн өрөөгөө тохижуулах гээд нүүдэл суудалтайхан жаахан зах замбраа муутай байгаа даа" гэж хэлсэн бол олон юм асуулгүй бүрэн ойлгочихоор ахуй тэнд угтав.

Шинэ, хуучин бүтээл бүр нь бүрэн савлагаа, нэр хаягтай юм. Энэ нь хаанаас юугаа олоод шинэчлэл хийх боломжтой байдаг аж. Бас томоохон компьютерийн дэргэд 20, 30, 40 гэсэн хэмжээний принтерүүд байх нь юу вэ гэвэл техник, технологийн шинэчлэл хийж байгаагийн илрэл юм байна. Тун удахгүй бүхнийг гараар хийхээ больж 3D систем нэвтрүүлэхээр болжээ. Тэгснээр бүтээгдэхүүн нь улам нарийн хийцтэй улам өнгөлөг болох гэнэ.

Урлаач Т.Ганболд уран гартай, шинийг сэдэгч төдийгүй их холч бодолтой нэгэн юм байна л даа. Нэг эцгийн зургаан хүүхэд нийлээд аавынхаа төрсөн газар Говь-Алтайн Хөх морьтын нутгаар нэг сайхан аялсан гэнэ.

Тэгэхдээ зүгээр нэг аялал биш үр хүүхэд, хойч үедээ удам судраа танилцуулах нь гол юм байж. Хамгийн гол нь аав Тожилсүрэн нь үл мартагдам гавьяат хүний нэг юм. 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчин. ЗХУ-д цэргийн сургуульд байхдаа 1945 оны эх орны дайнд явж Москвагийн хамгаалалтад эрслэн зогсож байсан нэгэн байв. Сүүлд нь батлан хамгаалах яаманд алба хэлтэс толгойлж явсан ч тухайн үеийн хэлмэгдлийн шуурганд өртсөн нэгэн юм билээ. Басхүү хошуу ноёны хүүхэд гэгдэж явсан нь шалтаг байсан байж ч болох. Юм үнэнээрээ байдаг болохоор хожим нь цагаадсан байх юм. Иймээс л ухааны хүрээ тэгшсэн хүүхдүүд нь алдар нэрийг мөнхлөх үйлс бүтээсэн тэр аялалаараа Т.Ганболд нар хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнд олон зуун мод тарьжээ. Хэдэн барималтай нэгэн цэцэрлэгт хүрээлэнд олон мод тариад тэнд "хошуу ноён Да захирагчийн хүү Тожилсүрэнгийн нэрэмжит болголоо" гэсэн бичиг бүхий самбар босгожээ. Энэ нь үр хүүхдэд нь монгол өв уламжлалаа, эцэг эхийнхээ дурсгалыг мөнхжүүлсэн үлгэр жишээч сайхан хэрэг юм.

 

Т.Ганболдын хийсэн бүтээлүүдээс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 74 (7816)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn