Улаанбаатар хот “Русский дом”-д 1941–1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан «Бид санаж байна, Бид бахархаж байна!» нэртэй олон улсын өсвөрийн уран уншигчдын IX уралдаан дөрөвдүгээр сарын 18-нд боллоо. Тус арга хэмжээг Монгол дахь Оросын эх орон нэгтнүүдийн нийгэмлэгүүдийн зохицуулах зөвлөл (КСОРС) Монгол Улсад ОХУ-аас суугаа Элчин сайдын яам болон Россотрудничество агентлагийн Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Уралдааны төгсгөлийн шатанд Монгол Улс дахь Орос болон Монголын боловсролын байгууллагуудын 5-16 насны 65 суралцагч дөрвөн насны ангиллаар өрсөлдлөө. Тэдний уран уншлага бүр гүн гүнзгий сэтгэл хөдлөл, уран яруу, чин сэтгэлийн илэрхийллээрээ ялгарч байв. Оролцогч хүүхэд бүр зохиолынхоо баатруудын зан чанар, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг чадварлагаар илэрхийлж, уран яруу үгээр түүхийн хуудсуудыг амилуулж чадлаа. Шүүгчид уралдаанд оролцогчдын бүтээлч хандлагыг үнэлж, тэднийг бэлтгэлээ маш өндөр түвшинд хангасныг онцлон тэмдэглэлээ. Энэхүү уралдаан нь дайны жилүүдийн эмгэнэлт бөгөөд баатарлаг үйл явдлын талаарх түүхэн дурсамжийг хадгалахад чухал хувь нэмэр оруулсан юм. Насны ангилал бүрт шагналтнуудыг тодруулж, ялагчид, шагналт байр эзэлсэн төдийгүй уралдааны оролцогч бүр диплом, дурсгалын бэлэг гардсан. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол дахь «Новороссийн найзууд» нийгэмлэгийн дарга Б. Батболд, «Сказка» сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захирал Н.Б.Усова, орос хэл, уран зохиолын багш О.Н.Федосеева, Олон улсын боловсролын төвийн ажилтан Л.Э.Доржа, Орос-Монголын хамтарсан 162 дугаар сургуулийн багш Н.В.Сергеева, Улаанбаатар дахь “Русский дом”-ын багш, номын санч К.Н.Баторова нараас гадна КСОРС-ын Удирдах зөвлөлийн гишүүд орж ажилласан юм. Уралдааныг зохион байгуулагчид өсвөр үеийг хүмүүжүүлэх, түүхэн дурсамжийг хадгалах үйл хэрэгт хувь нэмэр оруулсан бүх оролцогч, багш, эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж “Русский дом”-оос мэдээлллээ.