Арваннэгдүгээр сарын 20 бол Дэлхийн хүүхдийн өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ.

Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдүүдийг оролцуулсан өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.

Соёлын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас хоёр дахь жилдээ хамтран тус өдрийн бэлгэ тэмдэг болсон #GoBlue (Цэнхэр өнгөнд нэгдье) аяныг хамтдаа тэмдэглэж, урлагаар дамжуулан хүүхдийн эрх, хүүхдийн асуудлыг олон нийтэд таниулах ажлыг хийж байгаа билээ.

Энэ жил дээрх санаачилга өргөжин илүү олон  залуу дуучид, уран бүтээлчид болон 500 гаруй хүүхэд оролцуулсан #GoBlue арга хэмжээг мөн Зайсан Хилл цогцолбор, Скаутын холбоотой хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд комедиан Төгөлдөр, Armanbakhytbyek, Vandebo, 290, Uri mae, Sekstsagaanbogd, Wasabies зэрэг уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхийн сацуу хүүхдийн сайн сайхны төлөө үргэлж дуу хоолойгоо өргөж байхаа амлав.

Мөн зочноор Kai, Gremix, Тэмүүлэн нар оролцож, хүүхдүүдтэй өөрсдийн бага насны нандин дурсамжаасаа хуваалцлаа. Арга хэмжээг цахимаар шууд дамжуулан хүүхэд, залуучуудад хүргэлээ.

Монголын спортын одод болох усан спортын ОУХМ Э.Ариунтамир, холимог тулааны тамирчин Б.Баттөр буюу Ангууч, сагсны Олимпын шигшээ багийн тамирчин О.Хулан, боксын ОУХМ Б.Чинзориг, воллейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, сагсны ОУХМ Б.Билгүүн нар  Дэлхийн хүүхдийн өдөрт нэгдэж, хүүхэд бүрд юу хүсэж байгаагаа видео мессежээр хүргүүлэн хүүхдийн эрхийн төлөө НЭГ БАГ болж ажиллахыг уриалав.

#GoBlue аянд хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд илүү өргөнөөр нэгдэж, цэнхэр өнгөөр өөрсдийн сошиал хуудаснуудаа ижилсүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж ажиллах амлалтууд өглөө.

Мөн #GoBlue аяны хүрээнд дэлхийн улс орнууд алдартай барилга, хөшөө, стадион, гүүр болон түүхэн дурсгалт газруудыг цэнхэр гэрлээр гэрэлтүүлдэг. Энэ жил Улаанбаатар хотод Дэлхийн хүүхдийн өдөрт нэгдэж байгаа бизнес, компаниуд өөрсдийн барилгыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэн хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэв. Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас Энхтайвны гүүрийг мөн цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)