Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна

0
хуваалцах
109
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

“Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна”  гэсэн үг “Гүнээсээ хайрлая” феллов хөтөлбөрийн үзэсгэлэнд тавьсан нийтлэл, контент, гэрэл  зургийн  бүтээлүүдээс нийтлэлийн төрөлд тэргүүн байрыг эзэлсэн бүтээлийн гарчиг юм. Biznes.mn сэтгүүлийн сэтгүүлч У.Түвшинбаяр “Оюу толгой” компаниас зохион байгуулж буй “Гүнээсээ хайрлая”усны аяны хүрээнд зарласан уралдаанд оролцож  дээрхи бүтээлээрээ  тэргүүн байрыг эзэлсэн юм.

Тэрбээр “Би энэ нийтлэлээ бичихдээ сар гаруй хугацаанд  судалгаа хийсэн. Манай ард түмэн XIII дугаар зууны үеэс усаа хэмнэж, хайрлаж ирсэн түүхтэй. Түүнчлэн гэр хороололд өссөн бид гэртээ зөөж ирсэн худгийн усаа хэрхэн гамтай зарцуулдаг байсан. Мөн усаа дахин ашигладаг байсан дадлуудыг дурьдаж улмаар усны хэрэглээг хариуцлагатай хэрэглэдэг уурхайнуудын талаар онцлон дурьдсан. Түүнчлэн ус бидний амьдралын их булаг төдийгүй ус ашигласны төлбөрт олон тэрбум төгрөг төсөвт төвлөрдгийг ч тоо баримтаар хөндсөн” гэсэн юм. Уснаас ирсэн захидал хэмээн нийтлэлээ төгсгөсөн нь  сонирхолтой байлаа.

“Сайхан хоолоорой” гэсэн нэртэй гэрэл зурагчин Н.Ганзоригын бүтээл тэргүүн байрыг эзэлсэн юм. Хоол идэх дуршлыг ихээр татсан хоолны  цуврал зургийг сайн ажиглавал дэргэд нь жорлон харагдаж байгаа нь ой гутмаар байв. Гүний ус нүхэн жорлонгоор бохирлогдож байна гэсэн санааг энэ бүтээлдээ илэрхийлсэн гэж тэрбээр ярьсан юм.                         

Энэ мэтчилэн тус уралдаанд  контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлч,  оюутан залуус зэрэг 43 орчим уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн байна.  Феллов хөтөлбөр зарласнаар  эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг олон нийтэд таниулах усны мэдээллийн урт хугацааны аяныг эхлүүлж буй зорилго тавьж байгаа аж. Хөтөлбөрт оролцсон уран бүтээлчдээс хүлээн авсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж  энэ сарын  21-нээс  арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд олон нийтэд нээлттэй зохион байгуулах юм байна.

Гүнээсээ хайрлая” аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, "Монголын Гидрогеологичдын Холбоо"  TББ,  Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” ХХК хамтран зохион байгуулж байгаа билээ.

Нийтлэлийн төрөлд А.Эрдэнэчимэгийн бичсэн “Амьдрах боломж хоёрхон хувь” нийтлэл II байранд шалгарсан бол III байранд Э.Отгонтуяа “Жорлонгийн ус уусаар байх уу” , тусгай байранд Т.Баярбатын “Гүний усаа гүнээсээ хайрлая” нийтлэл тус тус шагналт байруудыг эзэлсэн. Гэрэл зургийн төрөлд Б.Баярмаагийн “Амин ус”,Г.Өнөболдын “Ус ба амьдрал”, Б.Бат-Оргилын “Цөлжилт”-ийн тухай сурвалжлага шалгарсан юм. График төрөл Б.Билгүүний “ Үл эзэгдэх ус “ тэргүүн байр эзэлж II,III болон тусгай байруудад Г. Сүрэнгийн “Дусал усны түүх” цуврал, Б.Төгөлдөр “Байгаль эхийн бидэнд өгсөн баялаг ч хайрлахгүй бол дуусна”, Ж.Пүрэвсүрэнгийн “Номука, Нарка хоёр гүнээсээ хайрлая” цуврал бүтээлүүд оржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)