Ц.БАЯР
Монгол-Солонгосын политехник коллежийн 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ есдүгээр сарын 26-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус коллежийг мэргэжлийн боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа. 1966 онд “Хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн сургууль” нэртэйгээр байгуулагдсан тус коллеж 60 жилийн хугацаанд 40 мянга орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэжээ. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 88 хувь, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж буй нь 68 хувьд хүрсэн байна. Тус коллеж 2026-2027 оны хичээлийн жилд 141 багш, ажилтан, 1900 орчим суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн үндэсний хэмжээнд гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгджээ.Ойн үеэр мэргэжлийн боловсролын салбар болон улс орны хөгжилд хувь нэмэр оруулсан багш, ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэв.
Э.Түмэндэмбэрэл: Дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна

Монгол-Солонгосын политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл сургуулийн 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тус сургуулийн ололт, цаашдын зорилтын талаар онцоллоо.Тэрээр “Манай сургууль 60 жилийн хугацаанд 40 орчим мянган хүнийг мэргэжил, ур чадвартай болгон хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан. Үе үеийн төгсөгчид эх орны өнцөг булан бүрд ажиллаж, Монголын хөнгөн болон аж үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн” хэмээн тэмдэглэв.Сургалтын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ ажил олгогчидтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хосмог сургалтын тогтолцоог хөгжүүлж байгааг захирал онцолсон юм. Тус сургалтыг ноос, эсгий боловсруулах, механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийн технологийн мэргэжлээр салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тэрээр “Дэлхийд үнэлэгдэх монгол ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх нь манай сургуулийн хамгийн том зорилт” гэдгийг онцлоод, цаашид түншлэл, инновац, стартап болон хосмог сургалтыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.Тус коллеж 60 жилийн ойгоо угтан сургалтын орчин, багшийн хөгжил, сургалтын чанар, суралцагчийн хөгжил, инновац болон түншлэлийн чиглэлээр 60 бүтээлч ажил хэрэгжүүлж, төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн байна.
Т.Ням-Очир: Мэргэжилтэй, ур чадвартай хүний нөөц бол хөгжлийн хөдөлгөгч хүч

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Монгол-Солонгосын политехник коллежийн 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ тус сургуулийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг онцоллоо.Тэрээр “Монгол-Солонгосын политехник коллеж байгуулагдсан цагаасаа улс орны үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан, техникч, инженер, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх үүргээ нэр төртэй хэрэгжүүлж ирсэн” хэмээн тэмдэглэв.
Өнгөрсөн 60 жилийн хугацаанд тус коллеж 40 гаруй мянган залуусыг мэргэжил, ур чадвартай болгон хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж, төгсөгчид нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буйг онцолсон юм. Мөн өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд практик ур чадвараас гадна бүтээлч сэтгэлгээтэй, технологийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мэргэжилтэн шаардлагатай болж байгааг хэлээд, сургалтын хөтөлбөр, орчин, технологио шинэчилж, ажил олгогчидтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй сургуулийн хамт олонд талархал илэрхийллээ. Түүнчлэн 60 жилийн ойг өнгөрсөн амжилтаа дүгнэж, цаашдын хөгжлийн чиглэлээ тодорхойлох чухал босго хэмээгээд, тус коллежийг “ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж, хөгжлийн хөдөлгөгч хүч байх” зорилгоо улам бататган ажиллахыг хүсэв.
Н.Баярбат: Сурч байх хугацаандаа үйлдвэрлэл дээр дадлагажих нь ур чадвартай ажиллах хүч бэлтгэхэд чухал

“Кашмер Холдинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал Н.Баярбат Монгол-Солонгосын политехник коллежийн 60 жилийн ойн үеэр сургалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.Тэрээр “Кашмер Холдинг”, “Эвсэг” компани Монгол-Солонгосын политехник коллежтой 41 жилийн туршхамтран ажиллаж, үе үеийн мэргэжилтэй ажилтнуудаа тус сургуулиас бэлтгэн авч ирснийг тэмдэглэв.
Хоёр талын хамтын ажиллагааны нэг онцлог нь онолын сургалтыг коллежид, практик дадлагыг үйлдвэр дээр хослуулан явуулдагт оршдог байна. Тус коллежийн төгсөгчид шинэ зүйлд хурдан суралцдаг, техник сэтгэлгээ сайтай, ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийг Н.Баярбат онцоллоо.Мөн төгсөх курсийн оюутнуудыг компанийн “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамруулж, дадлага хийхийн зэрэгцээ хийсэн ажлынхаа гүйцэтгэлээр цалин авах боломж бүрдүүлдэг байна.Тэрээр “Сургалт, үйлдвэрлэлийн уялдааг хангаж, оюутнуудыг сурч байх хугацаанд нь ажлын байран дээр дадлагажуулах нь мэргэжлийн ур чадвартай ажиллах хүч бэлтгэхэд чухал” хэмээн онцлов.
Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хэлтсийн дарга Д.Буяндэлгэр

-Монголын техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын түүчээ сургуулиудын нэг, хөнгөн үйлдвэрийн салбарын анхдагч сургалтын байгууллагуудын нэг нь Монгол-Солонгосын политехник коллеж юм. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр 70 политехник коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол-Солонгосын политехник коллеж билээ.
Монголын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт түншлэлд суурилсан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн технологийн хөгжилтэй нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх бодлого хэрэгжиж байна.Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол-Солонгосын политехник коллеж маань цаашид ч түүчээлэн оролцож, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Зөвлөх багш А.Бямбасүрэн

- Сургуульдаа 21 дэх жилдээ багшаар ажиллаж байна.Энэ хугацаанд хөнгөн үйлдвэрийн салбарт хоёр мянга гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөжээ. Төгсөгчид маань өнөөдөр Монголын ноос, ноолуурын салбарт ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Ноос, ноолуурын салбарын өнөөгийн хөгжлийн түвшинд манай төгсөгчдийн оруулж буй хувь нэмэр нэлээд өндөр гэж хардаг. Ерөнхийдөө хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн хөгжил манай сургуультай салшгүй холбоотой. Сургууль маань 60 жилийн хугацаанд 40 гаруй мянган төгсөгч бэлтгэн гаргасан. Тэдний дийлэнх нь хөнгөн үйлдвэр, тэр дундаа ноос, ноолуурын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллаж байна. Тиймээс энэ салбарын хөгжилд манай сургуулийн төгсөгчид чухал хувь нэмэр оруулж ирсэн гэж үздэг.


