Украины 400 гаруй хүүхэд түрэмгийллийн улмаас амиа алдлаа

0
хуваалцах
75
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Украины нийслэл Киев хотод мэндэлсэн Николь ба Денис Дейнеко хэмээх ихэр хөвгүүд энэ оны гуравдугаар сарын 8-нд дөнгөж нэгхэн настай байхдаа ОХУ-ын цэргүүдийн хаясан их бууны бөмбөгөнд өртөж амиа алджээ. Энэ талаар тэдний өвөө Володимир Ободзинск “Миний эхнэр Наталия, охин Иванна, ач хүү Денис, Николь нар минь оросуудын агаарын довтолгооны улмаас бүгд амиа алдсан. Гэр бүлээрээ нэгдүгээр сарын 11-нд хамтдаа зургаа даруулсан нь хамгийн сүүлийн аз жаргалтай зураг байжээ. Бид ихэр хөвгүүддээ далай үзүүлэхээс эхлээд олон зүйлийг хамт хийхээр төлөвлөж байв. Гэвч тэдний мөрөөдлийг оросуудын бөмбөг сүйрүүллээ” хэмээн ярьжээ. Хорвоод мэндлээд ганцхан жилийн дараа амиа алдсан ихэр хөвгүүд бол ОХУ-ын түрэмгийллийн улмаас нас барсан 433 Украин хүүхдийн төлөөлөл. Оросын холбооны улс Украин руу цэргүүдээ оруулж байгаагаа зарласан 2022 оны хоёрдугаар сарын 24-ний тэр хар бараан өдрөөс хойш есөн сарын хугацаа өнгөрчээ. Тус түрэмгийллийн улмаас ямар ч гэм хоргүй олон зуун хүүхэд амиа алдаж, хэдэн мянган айлын амьдрал сүйрсэн болохыг Европын холбооноос зохион байгуулсан “Украин-2022” гэрэл зургийн үзэсгэлэнгээр дэлгэн харууллаа. Энэ гэрэл зургийн үзэсгэлэнг “Түгшүүр! Украин-2022” нэртэйгээр “The Corporate Hotel and Convention Centre”-д тавдугаар сард өмнө нь зохион байгуулж байв.

Түрэмгийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн зургийг тайлбарын хамт үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн нь бодит нөхцөл байдлыг дэргэдээс нь харж буй мэт мэдрэмжийг төрүүлж байв. Хичээлээ тараад ээжийнхээ гараас хөтлөн гэрлүүгээ харих замдаа амиа алдсан дөрвөн настай Лиза охин, бөмбөгдөлтөд өртсөн орон сууцны нурангид дарагдаж амиа алдсан таван настай Олэсягаас эхлээд бүхэл бүтэн нэг орон сууцныхан бүгдээрээ ОХУ-ын гэнэтийн түрэмгийллээс болж харамсалтайгаар хорвоог орхижээ.Байшингийн нурангид дарагдаж амиа алдсан 50 хүний нэг болох таван настай охин Олэся Столпаковагийн эмээ Маргарьта Смолярова “Ач охинтойгоо хамт хичээл давтаж, үсэг, тоо заадаг байлаа. Удахгүй сурагч болох гэж байгаа учир бид есдүгээр сарын 1-нийг тэсэн ядан хүлээж байсан” хэмээн ярьсан тухай дурсамжийг охины зургийн тайлбар хэсэгт оруулсан байв.

Ийн энэ гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан Европын холбоо болон Монгол дахь Украин иргэдийн холбооны байр суурийг хүргэж байна.

 

Монгол дахь Украины Өргөмжит консул Т.Мөнхбат:

Түрэмгийлэл үргэлжилж байгаа учир амиа алдсан хүүхдийн тоо нэмэгдэнэ

-Украины газар нутаг руу ОХУ  цэрэг армиа оруулж яаж түрэмгийлж, түүнээс болж энгийн иргэд, хүүхдүүд амь үрэгдэж байгаа бодит байдал, Оросын түрэмгийллийн хор уршгийг гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан харуулж байгаа юм. Мэдээллийг аль аль талаас нь бүрэн авч бодитой дүгнэлт хийхийн тулд Украины талаас бэлтгэсэн мэдээллүүдийг албан ёсоор хүргэж байна.Украины Гадаад харилцаа, Батлан хамгаалахын яамнаас сүүлд авсан мэдээллээр 433 хүүхэд амиа алдаад байна. Ингэж  тэнцвэртэй мэдээлэл авснаар өөр өөрсдийн дүгнэлтээ хийх нь зөв байх. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш дэлхий дахин эдийн засгийн хямралд өртөөд байна. Үүнээс хойших үйл явдлын багахан хэсгийг л гэрэл зургаар харууллаа. Түрэмгийлэл үргэлжилж байгаа учир амиа алдсан хүүхдийн тоо нэмэгдэж болзошгүй.

 

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз:

Украины хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлнэ

-Бид зөвхөн Украины ард түмний тухай бус НҮБ-ын дүрмийн дагуу даян дэлхийд энх тайвныг цогцлоох талаар ярилцаж байна. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр түрэмгийллийн  үр дагаврыг монголчуудад харуулахыг зорилоо. Европын холбоо эв нэгдэлтэй байж, өөрийн гишүүн орондоо тусламж үзүүлнэ гэдгийг ОХУ тооцоолсонгүй. Тиймээс Европын холбооноос найман удаагийн багц хориг арга хэмжээг авснаар Орос хямралд өртлөө. Түрэмгийлэл эхэлснээс хойш 20 тэрбум еврог Европын холбоо Украинд олгосон. Өмнө нь бид цэрэг дайнд төсөв зарцуулж байгаагүй.  Үүнийг хориглодог байсан.Суурь дэд бүтцээ сэргээхээс эхлээд Украинд маш их хөрөнгө хэрэгтэй.  Тиймээс 2023 онд 18 тэрбум еврогийн зээлийг Европын холбоо Украинд олгохоор  төлөвлөөд байна. Одоогоор Украины 38.3 сая иргэн хүмүүнлэгийн тусламж хүлээн авсан.Цаашид ч бид хүмүүнлэгийн тусламжаа тууштай үргэлжлүүлсээр байх болно.

 

 

Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил:

Украины сэргээн босголтод татаас олгоно

-Украинд үзүүлсэн цэргийн тусламжийн 30 хувийг Чех улс олгож, тус улсын олон тооны дүрвэгчийг хүлээн авсан. Манай улсын Ерөнхий сайд Петр Фиала “Эрх чөлөө гэдэг өөрийн үнэ өртөгтэй” гэж хэлсэн  бол ерөнхийлөгч Майлос Земан “ОХУ түрэмгийллээ хаана дуусгахаа мэдэхгүй байгаа” гэж хэлж байсан. Энэ түрэмгийлэл цааш үргэлжилж, ОХУ-ын одоогийн эрх баригчид хэвээрээ байвал манай улсад ч сөрөг нөлөө үзүүлнэ.Тиймээс түрэмгийллийн эсрэг тууштай хамт байхаа илэрхийлж, Украины сэргэн босголтод татаас олгоно гэж Чех улсын удирдагчид тохиролцсон.Энэ нөхцөл байдал дууссанаар бүх асуудал алга болохгүй нь ойлгомжтой. Учир нь өөр олон газарт  амаргүй нөхцөл үүссэн.

 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:

Хүүхдүүд олноороо хохирсныг хараад зүрх шимширч байна

-Гэрэл зурагнуудаас хүүхдүүд олноороо хохирсныг хараад сэтгэл зүрх шимширч байна. Хүүхдүүд амиа алдана гэдэг бүх хүний хувьд гүн гашуудал юм. Энэ хүнд хэцүү цаг үед украинчуудтай хамт байж, эрх чөлөөт, ардчилсан Украин улсын уй гашууг хуваалцах болно. ОХУ-ын түрэмгийллийг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Учир нь олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл юм. Үүнийг зогсоох дипломат яриа хэлэлцээ хийх сонирхол ОХУ-д алга. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулсныхаа төлбөрийг ОХУ төлөх учиртай. Ямар ч улсын тусгаар байдлын төлөө бид хамтдаа шийдэмгий босох ёстой. Эдийн засаг, цэрэг дайн, батлан хамгаалахын тал дээр ч Украинд үргэлжлүүлэн тусална.

 

Монгол Улсад 80 орчим Украин иргэн ажиллаж амьдардаг. ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Монгол дахь Украин иргэдийн холбооноос санаачлан хандив цуглуулсныг  түрэмгийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах байгууллагад  шилжүүлэн өгчээ. Тус холбоо цаашид ч үргэлжлүүлэн хандив цуглуулж, Украин иргэдэд туслахаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 227 (6959)