Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч. Мэндсайханы санаачилгаар тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр дэх байгалийн онгон дагшин төрхөө хадгалж буй Дэндийн амыг 2026.09.06-ны Ням гарагт цэвэрлэлээ. Байгаль хамгаалах үйлсэд олон жил манлайлан оролцож ирсэн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (watv.org)-ийн итгэгчид Дэндийн амыг зорин, “Итгэл найдварын ой” аяны хүрээнд байгаль орчин цэвэрлэх сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулав. Эхийн сэтгэлээр даян дэлхийд аз жаргал түгээнэ! уриатай Бурханы сүмийн 200 орчим итгэгч Улаанбаатараас 40 гаруй км зайд байрлах Дэндийн амны 12 км үргэлжлэх талбайг самнан цэвэрлэж, 2 тонн хог түүж, хогийн цэг рүү ачуулсан байна.  

Энэхүү аян нь уул нуруу, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаас гал түймэр гарах шалтгаан болох шатамхай зүйлсийг цуглуулж, ойн түймрээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ гаднын түрэмгий төрөл зүйлийг устгах, хүрээлэн буй орчныг цэвэрлэх үйл ажиллагаагаар дамжуулан ойн экосистемийг сэргээх зорилготой юм.

Бурханы сүмийн Гэрэлхүү пастор “Эх байгалийнхаа онгон төрхийг хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулж, байгалийн үзэсгэлэнт Дэндийг амыг цэвэр цэмцгэр, ая тухтай байлгахын төлөө сүмийн итгэгчид сэтгэлээ нэгтгэлээ. Цаашид ч нийгэмдээ хувь нэмэр оруулах төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ” хэмээн хэлэв.

Шар хантаазаар жигдрэн хувцасласан сайн дурынхан энд тэнд хаягдсан ундааны хуванцар сав, аяга, соруул, архины шил, тамхины иш, хоол хүнсний сав, баглаа боодол, автомашины сэг, дугуй, төмрийн хаягдал зэрэг ахуйн хог хаягдал болон ойн хаягдлыг нэг бүрчлэн сайтар цуглуулжээ. Малчин айлууд нүүж суухдаа хаясан бололтой хуучин хувцас, гутал зэргийг ч ихээр хаясан байсныг түүж цэвэрлэв.

Монгол уламжлалт ёс заншил, байгаль дэлхийгээ хамгаалах, малчин иргэдийнхээ ёс заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор Баянзүрх дүүргээс Дэндийн аманд монгол ахуй кластер төсөл хэрэгжүүлэхээр сонгожээ.  

Энэхүү сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажилласан БЗД-ийн ИТХ-ын ажлын албанаас бээлий, шуудай гэх мэт цэвэрлэгээний хэрэгсэл болон микро автобус зэргээр дэмжлэг үзүүллээ. Мөн үйл ажиллагаанд тус дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан хүрэлцэн ирж, “Ажлын алжаалаа тайлан амардаг өдөр Ням гарагт та бүхэн зорьж ирээд байгаль хамгаалах ийм сайхан үйлсэд гар бие оролцож байгаад баяртай байна. Сайн дурынхан та бүхний хичээл зүтгэл, халуун сэтгэлийг мөнгөөр хэмжих аргагүй юм. Ийм сайн үйлсийг улам дэлгэрүүлж явахыг хүсье” хэмээн урмын үгээр сайн дурынхныг дэмжин талархлаа илэрхийллээ.

Баянзүрх дүүргийн 20-р хорооны Засаг дарга С. Мөнхсүх хэлэхдээ, “Өнөөдөр манай Гачуурт тосгонд Бурханы Сүмийн итгэгч залуучууд хоёр дахь жилдээ уламжлал болгон Дэндийн амыг цэвэрлэхээр ирсэнд талархаж байна. Дэндийн амыг цаашдаа бид улсын онцгой хамгаалалтад авахаар хөөцөлдөж байгаа. БЗД-ийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан энэ ажлыг ахалж ажиллаж байгаад бид баяртай байна. Энэ сайхан хөндийгөө, байгаль орчноо аюулгүй, цэвэрхэн байлгахын төлөө сайн үйлс бүтээж байгаа, ногоон дэлхийгээ хайрлаж байгаа залуус та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье” гэв. 

Үзэсгэлэнт Дэндийн амаа хамгаалахын төлөө орон нутгийн иргэд, малчид ихээхэн санаачилга зүтгэл гаргадаг юм байна. Тэдний нэг болох Гачуурт тосгоны уугуул иргэн Л. Нармандах өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон юм. Тэрээр ярихдаа, “Хүн их байгаа газар байгаль эвдэгддэг. Ийм байдлыг сэргээж, цэвэрлэж сайхан болгохын төлөө Бурханы сүмийнхэн ирээд манай энэ орон нутагт их цэвэрлэгээ хийж байгаад би их баярлаж байна. Байгаль эх дэлхийдээ нэгхэн ширхэг цаас, гялгар уут унагаж хаяхад тэрний доорх газар нь эргээд сэхэж сэрвийдэггүй, нэг ёсондоо нарны туяагаар байгалийнхаа шимийг авч чаддаггүй, тийм уй гашуутайгаар байгаль бохирддог. Энэ бохирдлыг цэвэрлэж, арилгаж эх дэлхийгээ ариусгаж байгаа та бүхэнд их баярлалаа. Манай энэ нутаг бол эртний түүхтэй, хаадын нутаг, Их Эзэн Чингис хааны хамгийн отгон хүү Тулуй хааны аж төрж амьдарч байсан, Чингис хаанаас олгогдсон Тулуй хааны өлгий нутаг. Энэ сайхан нутагт бид бүхэн хэдэн үеэрээ хэдэн зуун жил аж төрж амьдраад байгалийг онгон дагшнаар нь авч үлдээд өнөөдөр өдийг хүрсэн. Хүн энэ хорвоод маш богинохон амьдардаг. Энэ дэлхийтэй харьцуулбал хүн нэг ялааны төдий л амьдардаг. Бид ийм богино хугацаанд аж төрж амьдрахдаа эх дэлхийгээ хойч үедээ үлдээхийн тухайд сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Ийм сайн сайхан үйлсийг дэмжээд хамтарч ажилласан Бурханы сүмийн та бүхэндээ талархлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны асуудал улам бүр ноцтой болж буй энэ үед Бурханы сүм нь Дэндийн амаас гадна Налайх дүүргийн нутагт орших Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан-Уул дүүргийн Богд хан уул, Яармаг дахь Олон улсын цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийслэлийн байгалийн үзэсгэлэнт газруудад мод тарих, цэвэрлэгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулж, үзэсгэлэнт байгалиа унаган төрхөөр нь хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулсаар иржээ.

Бурханы сүм сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд байгаль хамгаалах үйл ажиллагаанаас гадна цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, хөрш нийгэмдээ туслах, гамшгийн үед тусламж үзүүлэх зэрэг төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулжээ. Жил бүр Цагаан сар болон Ахмадын өдрийг тохиолдуулан ганц бие ахмад настнуудад хүнсний бүтээгдэхүүн, хандив тусламж хүргүүлж, хүүхдүүдэд бэлгийн багц тараан, орон нутаг, нийгэмдээ халуун дулаан сэтгэлээ түгээсэн байна.

Эдгээр үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн ус сувгийн удирдах газар, Цус Сэлбэлт Судлалын үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудаас өргөмжлөл, талархал зэрэг шагнал урамшуулал хүртээсэн байна.

Бурханы сүм нь дэлхийн 175 улс оронд 7800 гаруй сүмтэй, 4 сая гаруй итгэгч гишүүнтэй, Библийн үнэнд тулгуурлан Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг глобал сүм юм. 1964 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд энэ жил байгуулагдсаны 62 жилийн ойгоо тэмдэглэж байна. “Хөршөө өөрийн бие мэт хайрла” хэмээх Христийн сургаалыг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, ядуурал, өлсгөлөнг бууруулах, боловсролыг дэмжих, эрүүл мэнд, нийтийн эрүүл ахуйг дэмжих, тогтвортой, аюулгүй нийгэм бий болгох, энх тайван, хүртээмж, эв нэгдлийг дэмжих зэрэг 6 үндсэн чиглэлээр дэлхий даяар 50 мянга орчим нийгмийн сайн санааны үйл ажиллагаа явуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрд эв нэгдэл, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн АНУ-ын дөрвөн засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал, БНСУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Их Британийн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын Хууль тогтоох гавьяаны одон, Перугийн Конгрессын дээд одон, тэргүүн дээд байгаль орчны шагналууд гээд дэлхийн улс орнуудын засгийн газар, байгууллагуудаас 6200 гаруй шагнал, өргөмжлөл, талархлын бичиг хүртээсэн байна.