"COVID-19"-ийн вакциныг товлолтын тунтай нэгтгэх талаар судалж эхэллээ

0
хуваалцах
145
үзсэн

Б.БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн бид коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдаж эхэлсэн. Энэ хугацаанд дөрвөн улсад үйлдвэрлэсэн найман сая вакциныг хийлгэжээ. Мөн гуравдугаар тунг өнгөрсөн сараас хийж  эхэлсэн.  Гэвч иргэдийн дунд “вакцинаас үүдэж цус өтгөрөх, мартаж, санах, сахартай болох, хууч өвчин сэдрэх зэрэг эрсдэлүүд гарч байна” гэсэн яриа гараад байгаа. Тиймээс гуравдугаар тунгийн дархлаажуулалтдаа хамрагдахгүй гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа юм.

Тэгвэл өчигдөр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ болон АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн төв хамтран COVID-19-ын вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг хийж, танилцуулсан юм. Үнэлгээг есөн бүлэг сэдвийн хүрээнд ХӨСҮТ болон, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Баян-Өлгий, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар аймагт явуулжээ.

Урьдчилсан дүнгээр вакцины хангамж, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хангалт, багтаамж сайжирсан. Мөн эрүүл мэндийн ажилчдыг тасралтгүй сургасан, түр цэгийг иргэдэд ойрхон олноор байгуулсан, вакцинжуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулсан болон салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирсан зэрэг олон арга хэмжээг бусад улс орнуудад туршлага болохуйц хэмжээнд зохион байгуулсан гэж ДЭМБ-ын Үнэлгээний зохицуулагч Д.Нарангэрэл хэллээ. Мөн тэрбээр "Бидний хийсэн үнэлгээ нь коронавирусийн эсрэг вакциныг Монгол Улс дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойших хугацаанд ямар үр дүнд хүрсэн, ямар бэрхшээл байгаа болон цаашид юу анхаарах ёстой вэ гэдэгт чиглэж байна. Үнэлгээг хийхдээ ДЭМБ-аас баталсан аргачлалаас гадна вакцинд хамрагдаж буй иргэд, эмч нараас асуумж авах ажиглалт хийх зэргээр  судалсан. Үүний гол зорилго нь бусад улсад туршлага болохуйц ололт амжилтууд болон цаашид анхаарах ёстой асуудлуудыг гаргаж ирэх явдал юм. Манай улсад вакцинжуулалттай холбоотой ямар нэг санхүүгийн гачигдал гараагүй, олон салбарын хамтын ажиллагаа, цахим бүртгэлжүүлэлт, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж зэрэг нь сайн байсан гэж үнэлэгдсэн бол вакцины ач холбогдлыг бүрэн сурталчлах зэрэг иргэд олон нийттэй харилцах эрсдэлийн харилцаа холбоо харьцангуй сул байсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна" гэв.

Энэ үеэр ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн төлөөлөгч Шиаожун Ван "Цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсын хувьд эхний хоёр тун вакцинд иргэдээ амжилттай хамруулж, цар тахлыг давсан. Өнгөрсөн наймдугаар сараас гуравдугаар тун хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нэмэлт тун вакцины хамрагдалт 32 хувьтай байна. Ханиад томууны улирал эхэлж буй энэ үед нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж ДЭМБ-аас харж байна.  Мөн товлолт вакциныг ковидын вакцинтай нэгтгэх  боломжтой. 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах зайлшгүй шаардлагатай байна.

Манай улсын хувьд товлолт вакцинд хамрагдах тухай хуульчилж өгсөн байдаг. Тиймээс вакциныг товлолт вакцинтай нэгтгэх юм бол хүүхдүүддээ хийлгэх хэрэгцээ шаардлага үүснэ. Гэхдээ одоохондоо энэ тухай судалж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн коронавирусийн эсрэг вакциныг 5-11 настай хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн наймдугаар сард тушаал гарсан" гэв.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Вакцин хийлгэснээс болж цус өтгөрч байна гэх яриа иргэдийн дунд их байгаа. Тиймээс ХӨСҮТ-өөс вакцин хийлгэсэн хүмүүсийн цусны бүлэгнэлийг шинжилсэн. 7-14, 14-21 хоногийн зайтай хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглахад өөрчлөлт гараагүй. Түүнчлэн цахим сүлжээнд тархсан вакцины талаарх буруу ташаа ойлголтоос болж иргэдийн вакцинд итгэх итгэл буурч буй нь тухайн мэдээлэл бүрд эрүүл мэндийн байгууллага залруулах арга хэмжээ авч чадахгүй байна гэх дүгнэлттэй санал нэг байна" гэлээ.

Коронавируст цар тахлын эсрэг вакцин дэлхий дахинд нэвтэрснээс хойш ДЭМБ-ын зөвлөмжөөр ийм үнэлгээ хийлгэж буй хоёр дахь орон Монгол Улс болж байгаа юм.  Уг үнэлгээний тайланг өнөөдөр хэлэлцэж, бүрэн нэгтгэсний дараа үр дүн нь бусад улсад туршлага болж үлдэх юм. Харин иргэдийн хувьд гуравдахь тунд хамрагдах тал дээр ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


Иргэн Г.Халиун “Миний хувьд ковидын үед жирэмсэн байсан учраас нэг ч тун вакцин хийлгээгүй. Мөн өнгөрсөн хугацаанд ковидоор өвчлөөгүй. Тийм учраас гуравдугаар тунг хийлгэхгүй” гэв.


Иргэн Г.Өнөр “Вакцинд итгэх итгэл байхгүй болсон. Вакцинаас болж цус өтгөрөх, харвах цаашлаад үхэх эрсдэл үүсэж байна гэж харж байна. Тиймээс вакцин нэрээр мөнгө угаахаа болих хэрэгтэй гэж харж байна. Хүүхдүүдээ ч вакцинд хамруулмааргүй байна” гэв.


Иргэдийн хувьд вакцинд итгэх итгэл алдраад байна. Харин хүүхдүүдийн хувьд сайдын тушаалаар зайлшгүй шаардлагаар вакцин хийлгэсэн. Гэвч яг үр нөлөө нь сөрөг үү, эерэг үү гэдэг нь эргэлзээтэй байгааг зарим иргэн хэлж байв.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)