Б.ОД

Цаг уурын байгууллагаас аравдугаар сарын төлөвийг гаргажээ.

Аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй гарсан байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамлын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байна. Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Сэлэнгэ, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Эх сурвалж:www.polit.mn