Бурханы сүм Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 500 мод тарилаа

0
хуваалцах
124
үзсэн

“Ногоон ирээдүй, тогтвортой Монгол” уриан дор Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд (IGM- International Garden of Mongolia) 2022.09.22-ны Пүрэв гарагт Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (цаашид Бурханы сүм гэх)-ийн 50 гаруй итгэгч гишүүн, тэдний ар гэр, айл хөршүүд өөрсдийн бэлтгэсэн нэг метр өндөртэй 500 хайлаасны суулгацыг нямбайлан тарьж, нэг тэрбум мод тарих аянд оролцоод зогсохгүй үндэсний эко цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход, бид бүхний тогтвортой амьдрах үндэс суурь болсон Монголын ногоон ирээдүйд хувь нэмрээ орууллаа.

Хайлаас нь нарийн ширхэгтэй, тоосжилт багасгахад маш тустай мод юм. Хайлаас модны навч болгон нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж авах үүрэгтэй эрхтнүүд болох маш өчүүхэн жижиг стоматуудтай бөгөөд энэхүү стоматууд нь модны амьсгалах системийг бүрдүүлж, нарийн тоос шингээх үүрэг гүйцэтгэдэг байна. Навч болон уг стоматууд хоорондоо шууд пропорцианаль хамааралтай байдаг тул агаар цэвэршүүлэхэд нэн тустай учир хайлаасан ойн агаар туйлын цэвэр байдаг аж.

Энэ өдөр Бурханы сүмийн мод тарьсан газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас санал болгосон бөгөөд Хужирбулангийн урд байдаг тус талбайд олон улсын экологийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм байна. IGM төслийн хүрээнд 2036 он гэхэд тус талбайн 300 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ нь цөлжилт, агаарын бохирдол, нарийн тоосжилтоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” хөдөлгөөний нэг хэсэг бөгөөд “Алсын хараа 2050” төрийн бодлогод тусгагдсан үйл ажиллагааны зорилт аж.

Бурханы сүмийн албаны хүн хэлэхдээ, “Монгол улсынхаа ногоон ирээдүйг бүтээх үйлсэд манай итгэгчид нэгдэн оролцож байна. Өнөө үе бол агаарын бохирдол болон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг дотоодод төдийгүй дэлхий даяар арга хэмжээ авч байгаа үе билээ. Бид бүхэн байгаль орчноо эрхэмлэн үзэж байгаа тул хойч үедээ эрүүл саруул орчин өвлүүлж үлдээх үйлсэд илүү олон хүн бидэнтэй нэгдэнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

 Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас Бурханы сүмийн мод тарих үйл ажиллагааг талархан хүлээн авч, мод тарихад шаардлагатай ус, хүрз, зээтүү зэрэг багаж хэрэгслээр хангаж өгчээ. Тус арга хэмжээнд тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Шагнал, цагаатгал,  шашны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхсайхан, дөрөвдүгээр хорооны засаг дарга Б.Бадамгарав, Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга О.Гансүх, шашны асуудал хариуцсан мэрэгжилтэн Н.Долгорсүрэн, Баянгол дүүргийн ИТХ-ын эрх зүй, дотоод хяналт, цагаатгал, шашны асуудал хариуцсан мэрэгжилтэн Б.Ууганжаргал, IGM-н захирал Н.Нямхүү нар нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурынхны оролцоо, идэвхийг дэмжиж, тус үйл ажиллагааны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

“Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл нь  15 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил бөгөөд нийт 300 га талбайг хамарч байгаа. Үүний 70 % нь ногоон байгууламж, 30 % нь тохижилтын ажил хийхээр төлөвлөж, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэ жилийн бидний бүтээн байгуулалтын ажил бол нийт 1 га талбайд хамтрагч байгууллагуудын тусламжтайгаар мод тарьж байна. Олон нийт, байгууллага хамт олны оролцоог уриалсан өнөөдрийн  үйл ажиллагааг Бурханы сүмийнхэн маань зохион байгуулж, 500 хайлаас мод тарьж байгаа нь манай цэцэрлэгт хүрээлэнд үнэтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулалт хийсэн явдалд маш их баярлалаа” хэмээн IGM-н захирал Н.Нямхүү хэллээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын эрх зүй, дотоод хяналт, цагаатгал, шашны асуудал хариуцсан мэрэгжилтэн Б.Ууганжаргал, “Баянгол дүүргийн хэмжээнд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагууд байдгийн нэг нь Бурханы сүм юм. Өнөөдөр энэ сүмийн хамт олон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд нэгдэн оролцож байгаад баяртай байна. Монголчууд бид эртнээс зан заншлаа дээдлэн ирсэн уламжлалтай ард түмэн. Монгол улс болоод нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн асуудал бол маш чухал байгаа бөгөөд тулгамдсан асуудлуудын нэг болсоор ирсэн. Энэ асуудлыг шийдэхэд бодит хувь нэмэр оруулж буй өнөөдрийн мод тарих энэ үйл ажиллагааг бид дэмжиж байга юм. Цаашид иргэд, олон нийтийн сайн дурын оролцоотой ийм үйл ажиллагаа илүү олон хүн,  байгууллага хамт олны оролцоотойгоор өргөжвөл бидний эх дэлхийдээ оруулж байгаа үнэт хувь нэмэр болно гэж бодож байна. Та бүхэндээ цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье” гэсэн байна.  Мод тарих ажилд оролцсон Бурханы сүмийн итгэгч Б.Энхэлмаа, “Өнөөдөр манай Бурханы сүмийн залуучууд ажлын өдөр байсан ч гэсэн хотын төвөөс зайдуухан Баянзүрх дүүргийн Хужирбулан дахь энэ газар ирээд мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Цөлжилт, хуурайшилтын эсрэг хийх ажил бол ерөөсөө л  мод тарих гэж эрдэмтэд үзэж байгаа. Ерөнхийлөгч маань тэрбум мод тарих хөдөлгөөнийг санаачлаад, энэ үйл ажиллагаанд манай сүмийн итгэгч залуус бид оролцон мод тарьж байгаадаа бид маш их баяртай байна. Манай Бурханы сүм бол дэлхийн 175 гаруй улсад 8400 орчим салбар сүмтэй бөгөөд дэлхий даяарх манай сүмийн залуучууд дэлхийн дулааралтай тэмцэх, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилгын хүрээн дэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Бидний л амьдрах газар, бидний л амьсгалж байгаа агаар, бидний л идэж, ууж байгаа хөрс, ус байгаа шүү дээ. Үүнийгээ бүгдээрээ цэвэр ариун байлгахын төлөө сэтгэл нэгдэн хамтдаа тэмцэцгээе” хэмээн бахархан өгүүлэв.

Бурханы сүм байгаль орчиндоо ээлтэй үйлс тууштай, тогтмол өрнүүлж хэрэгжүүлж иржээ. Эрдэнэт хотын Баян-Өндөр уулын улаан рашаан болон Улаанбаатар хотын Баянгол дүүргийн экологийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байв. Мөн энэ оны 3-р сард “Алгасал баярын хайр” байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөний хүрээнд Дархан хотын 5-р хорооны орон сууцны хорооллыг цэвэрлэсэн байна. “Гай гамшиг алгасан өнгөрнө” гэсэн утга учир шингэсэн Бурханы баяр болох Алгасал баярыг (Passover) тохиолдуулан Бурханы сүмийнхэн 3-5-р сард байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн, цусаа хандивлах донорын үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулдаг ажээ. Тэд энэ оны 2-р сард Монгол улсад “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” донорын аян өрнүүлсэн байна.

Түүнчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, эмзэг бүлгийн иргэдэд төрөл бүрийн аргаар тусламжийн гараа сунгасаар ирсэн юм. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо болон Дархан хотын тамгын газарт Хүүхдийн баярт зориулсан бэлгийн багц хандивлаж, “Ковид-19”-н улмаас эдийн засаг хямарсан үед тус хорооны орлого багатай эмэгтэйчүүдэд техникийн тусламж болгон зориулалтын оёдлын машинууд хандивлаж, өндөр настнуудад тусламж үзүүлж байв. Мөн “Ковид-19”-н үеэр эмзэг бүлгийн иргэдэд олгох 30 багц хүнсний бүтээгдэхүүнийг Баянгол дүүргийн ИТХ-д хандивлаж, 1.2 сая төгрөгийг халдварт өвчин туссан ч эмчилгээ хийлгэх боломжгүй байгаа иргэдэд тусламж болгон өгсөн байна. Түүгээр зогсохгүй ЭМЯ, Орхон аймгийн Эрүүл мэндийн төв, Дархан-Уул аймгийн Гал түймэр унтраах ангиудад нийт 27 мянган ширхэг амны хаалт хандивлан, чацарганы ундаа өгч, Баянгол дүүргийн 18-р хорооны цагдаагийн хэлтэст техникийн тусламж үзүүлэн, нийгмийн хэв журам сахиулах үйлсэд идэвхтэй оролцсон ажээ.

Бурханы сүмийн сайн дурын ажил дэлхий даяар эрчимтэй өрнөдөг аж. Тэдний бусдын төлөө гэсэн гэгээн үйлсийг орон орны засгийн газар, төрийн болон олон улсын байгууллагуудаас өндрөөр үнэлэн 3400 гаруй шагнал урамшуулал хүртээсэн байна. АНУ-ын Байден, Трамп, Обамагийн засгийн газраас ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал (байгууллагад олгодог дээд шагнал: алтан шагнал 52 удаа), БНСУ-ын гурван ч засгийн газраас ерөнхийлөгчийн шагнал, олон улсын байгаль хамгаалах салбарын “Ногоон дэлхий”, “Ногоон алим” зэрэг шагналууд мөн хүртсэн байна. Монгол улсын тухайд тэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд болон Эрүүл мэндийн яамны сайдын хүндэт өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын яамны сайдын өргөмжлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны талархал, жуух бичгийг тус тус гардан авчээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс ч удаа дараа талархал гардуулж байжээ. Дэлхийн 175 оронд 7500 гаруй сүм, 3,3 сая итгэгчтэй Бурханы сүм нь байгаль хамгаалах, хөршдөө туслах, гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх, цус хандивлах, боловсролын дэмжлэг үзүүлэх зэрэг төрөл бүрийн салбарт сайн дурын ажил өрнүүлж, хүн төрөлхтний гэрэлт ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулсаар байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)