Ц.МЯГМАРБАЯР
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлын үр дүн, тайлангийн талаар СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир болон дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Б.Төгсбаяр, НЗДТГ-ын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, “COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын захирал Б.Баттулга нар мэдээлэл хийлээ.
Монгол Улс 2022 оноос эхэлсэн хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ирсэн бөгөөд энэ хүрээнд 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний баг бэлтгэж, хурлаар хэлэлцсэн 34 шийдвэрийн үйл явцад идэвхтэй оролцсон гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ. Хурлыг зохион байгуулахтай холбоотой тоног төхөөрөмж, барилга байгууламжийн зардалд 2026, 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 217.1 тэрбум төгрөг тусгасан байсан. Үүнээс 156.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, 60.8 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт бий болсон. Мөн хувийн хэвшил болон олон улсын түншүүдээс нийт 7.4 тэрбум төгрөгийн хандив, дэмжлэг төвлөрсөн нь улсын төсвийн ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр болсон гэдгийг танилцууллаа. Тэрээр "Улаанбаатарын тунхаглал болон Монгол Улсын дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” олон улсын дэмжлэг авч, бэлчээр, ус, газар, малчдын амьжиргаа, уур амьсгалын асуудлыг уялдуулсан шинэ бодлогын чиглэлийг бий болголоо. Тус төлөвлөгөөний хүрээнд "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга", "Ус ба газрын нэгдсэн менежмент", "Байгальд суурилсан дэд бүтцийн санаачилга"-ыг эхлүүлсэн нь цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулж буй бодит алхам боллоо гэдгийг онцоллоо.
Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь манай улсын санаачилга бодитоор хэрэгжихэд томоохон түлхэц болсон гэдгийг онцолсон.Тухайлбал, дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Үүний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн "Тал хээрийн төлөвлөгөө"-ний "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ын хүрээнд нийт дэлхийн улс орнуудын 45 бэлчээр, экосистемийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн нь бэлчээрийн асуудлыг дэлхийн анхаарлын төвд оруулж чадсаны тод илрэл гэж НҮБ-аас тодотгосон гэв.
Монгол Улсад шууд хамаарах гэрээ, санамж бичиг, санхүүжилтийн амлалтыг нэгтгэвэл ойролцоогоор 1.46 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бий болсон байна. Энэ нь өнөөдөр эсвэл маргааш төсөвт шууд орж ирсэн санхүүжилт биш. Харин богино болон урт хугацаандаа эдгээр амлалт, гэрээ, хэлэлцээрийг хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэх санхүүжилтийн боломж гэдгийг тэрээр онцлоод Монгол Улс COP18 хүртэл буюу ирэх 2028 он хүртэл хоёр жилийн хугацаанд СОР17 хурлын даргалагч орны үүргээ үргэлжлүүлж, тус хурлаас болсон боломжуудыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт болгоход анхаарч ажиллана гэв.
Хурлын гол үр дүнгийн нэг нь газрын доройтлыг бууруулах, газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал байв. Дэлхий нийтэд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд жилд 355 тэрбум ам.доллар шаардлагатай боловч одоогийн санхүүжилт 77 тэрбум ам.долларын түвшинд байгааг COP17-ын үеэр онцолжээ. Мөн “Rangelands Flagship Initiative” буюу бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 45 төсөлд нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц зарласан нь UNCCD-ийн түүхэн дэх бэлчээрийн чиглэлийн хамгийн том санхүүжилтийн багц болжээ. Монгол Улсын хувьд бэлчээрийн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг олон улсын түвшинд дэвшүүлсэн нь чухал үр дүнгийн нэг байв. Ингэснээр COP17 нь зөвхөн хоёр долоо хоногийн олон улсын хурал бус, Монголын говь, хээрийн экосистем, бэлчээр, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бодит төсөл болгон татах дараагийн шатны ажлын эхлэл болж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас СОР17 хуралтай холбоотой санхүүжилт, төсөвтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудастаа байршуулсан.
Хэвлэл мэдээлэл болон иргэдийн зүгээс уг мэдээллийг нээлтэй үзэж сонирхож болно гэдгийг сайд Ц.Сандаг-Очир цохон тэмдэглэлээ.
"COP17 хуралд төрийн нууцад хамаарах худалдан авалтад 38.6 тэрбум төгрөгийг зарцуулсан"
Хурлын оролцоо, цар хүрээ урьд өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд байсан. Нийт 20 мянга гаруй зочид төлөөлөгчид Улаанбаатарт, цэнхэр бүсэд чуулсан ба үүнээс 11 мянга гаруй нь 196 улсын зочин төлөөлөгч, 9000 нь дотоодынх байсан. Хурлын 12 өдрийн хугацаанд 255 мянган удаагийн нэвтрэлт бүртгэгджээ. Ногоон бүсэд өдөрт дунджаар 7000, нийт 85 мянга гаруй удаагийн нэвтрэлт бүртгэгдсэн. 756 арга хэмжээ, хэлэлцүүлэг, сайн туршлага солилцох үйл ажиллагаа болсон. Хэвлэл мэдээллийн оролцоо хамгийн өндөр байлаа. Тэр дундаа дотоод гадаадын 789 хэвлэл мэдээллийн төлөөлөгч, 116 цагийн шууд эфирийг явуулсан. Нийт 12 хоногийн хугацаанд соёлын 800 гаруй уран бүтээлч арга хэмжээнүүдэд оролцсон.
Эдийн засагт өгсөн үр өгөөж талаас онцолбол, 11 мянга гаруй зочин төлөөлөгч ирсэн нь анх тооцоолсноос 69 хувиар өндөр. Зочид буудалд 14 мянга гаруй ор хоног борлуулагдаж, 5.4 тэрбум төгрөгийн шууд орлого олжээ.
2026 оны наймдугаар сард 140 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Төсөвтэй холбоотой тоон мэдээллийг дэлгэрүүлбэл, БОУАӨЯ-ны хүрээнд 217.1 тэрбум төгрөг батлагдсанаас 2026 онд 165.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төлөвлөсөн ба 27 багц худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 24 багцад гэрээ байгуулсан. Үүнээс төрийн нууцад хамаарах худалдан авалтад 38.6 тэрбум төгрөгийг ЦЕГ-ын найман багцад 13.6 тэрбум төгрөг, Шүүхийн шинжилгээний хоёр багцад 900 сая төгрөг, ЦХИХХЯ-ны хоёр багцад 5.4 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн. Хурлыг зохион байгуулахаар тоног төхөөрөмж, барилга байгууламжид улсын төсвөөс 217.1 тэрбум төгрөг тусгаснаас 156.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч 60.8 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг хийсэн. 2025 онд БОУАӨЯ-ны сайдын багцаас Нийслэлд 50 тэрбум төгрөгийг шилжүүлснийг 23 багц ажлыг хийсэн. Эдгээр ажлуудад гэрээний дүнгээр 48.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнийг задалбал, авто зам, явган зам, зогсоолд 17.4 тэрбум төгрөг, инженер шугам сүлжээ, ус, цахилгаанд 6.2 тэрбум төгрөг, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 4.6 тэрбум төгрөг, ариун цэврийн хоёр байгууламжид 4.5 тэрбум төгрөг, тохижилтын элементүүдэд 4.0 тэрбум төгрөг, хүлээн авалтын гэр, харуул хамгаалалтын байранд 2.3 тэрбум төгрөг, Гадна гэрэлтүүлэг, кабель, камер, мэдээлэх системд 2.3 тэрбум төгрөг, зураг төсөл, ТЭЗҮ, төлөвлөлтөд 4.7 тэрбум төгрөг, хамгаалалтын хашаанд 1.1 тэрбум төгрөгийг тус тус тендер зохион байгуулж ажилласан. Түүнчлэн 2026 онд Нийслэлийн төсвөөс 70.1 тэрбум төгрөгийг баталжээ. Үүнийг задалбал, хурлын барилга байгууламжийн түрээс 34.9 тэрбум, байр ашиглалт, үйлчилгээний урсгал зардалд 10.8 төгрөг, үндсэн үйл ажиллагааны урсгал зардалд 2.9 тэрбум төгрөг, хоол хүнс, эрүүл ахуйн зардалд 17.3 тэрбум төгрөг, Хотын дарга нарын форумд 1.2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7912)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn