Р.Оюун

СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Соёл судлалын секторын эрхлэгч, соёл судлалын ухааны доктор /Ph.D/ Э.Дүүриймаагийн "Хөөмийлөхүй, хайлахуй харилцан шүтэлцээ" номын нээлт өнөөдөр боллоо. Тус номд монголчуудын биет бус өвийн төлөөлөл болох хөөмий, туулийг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс судлан шинжилж, соёлын газар зүй, байгаль, бүс нутгийн онцлог, нийгэм, оюун санааны соёлын үүрэг, ач холбогдлын үүднээсм тус тусын болон харилцан шүтэлцлийн хүрээнд авч үзсэн соёл судлалын анхны бүтээл гэдгээрээ онцлог ажээ. Судалгааг 2006 оноос өнөөдрийг хүртэл судлан баримтжуулсан судалгаанд тулгуурлан бичсэн байна. Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагчид болох хөөмийч гавьяат жүжигчин Н.Сэнгэдорж, гавьяат жүжигчин Э.Тойвгоо, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндаваа, гавьяат жүжигчин Б.Одсүрэн, гавьяат жүжигчин Э.Даваажав, туульч А.Балдандорж, Н.Дамдиндорж нарын мэдээлсэн арга туршлага, уламжлалын онцлог энэ бүтээлд шингэжээ. Мөн хүн, байгаль, мал ахуйн гурвалсан холбоонд хүмүүний бие, хэл, сэтгэлийн үйлээр монгол соёлын биет бус өв, аман уламжлал харилцан шүтэлцэж, өвлөн уламжилж ирсэн нь өнөө цагийн соёлын дархлаа, оюун санааны язгуур үнэт зүйлийг бүтээж ирснийг тодруулахыг зорьсон аж. "Хөөмийлөхүй, хайлахуй харилцан шүтэлцээ" ном нь гурван бүлэг, 22 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт, нэрсийн хэлхээг багтаасан байна. Номын ерөнхий редактораар соёл судлалын ухааны доктор /Ph.D/, профессор Ж.Долгорсүрэн, хэл найруулгын редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Я.Сумъяа ажиллажээ. 

Эх сурвалж www.zms.mn