Ц.Дагвадорж: Байгалийн баялаг дуусдаг бол малын үр шим хэзээ ч дуусахгүй

0
хуваалцах
221
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Хотол констракшн” ХХК”-ийг онцолж, гүйцэтгэх захирал Ц.Дагвадоржтой ярилцлаа.

 

-Уншигчдад байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу. Констракшн гэхээр барилгын компани юм болов уу гэж таамаглаж байсан?

-Манайх 2019 оноос малын гаралтай өөх боловсруулж, тос үйлдвэрлэдэг байгууллага юм.

-Яагаад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болов?

-2015-2016 онд залуус нийлж, төрсөн өдөр, бусад тэмдэглэлт баяраар хогийн цэг дээр амьдардаг хүмүүст болон бусад зорилтот бүлгийн иргэдэд туслах аян өрнүүлж байсан. 2015 оны зун би хэсэг найзтайгаа хогийн цэг дээрх иргэдэд туслахаар очих үед их хэмжээний хаягдал өөх төвлөрч байгааг харсан. Би өөрөө Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, тэндээ тавдугаар анги хүртлээ сурсан. Зун болохоор уламжлалт ёсоор өвөө эмээгийндээ аав ээжийн хамтаар мал маллаж, хөдөө аж ахуйтай ойр өссөн. Тиймээс хөдөө боов, боорцог хийх мэтээр ашиглаж, үр шимийг нь хүртээд байхад, хотод яагаад хог дээр хаяад байгаа юм бэ гэх сэтгэгдэл төрсний үндсэн дээр ажлын санаа бий болсон юм. Улмаар 3-4 жил судалгааны ажил хийж, БНХАУ-ын өөх боловсруулах тоног төхөөрөмжийг оруулж ирсэн нь бидний үйлдвэрлэлийн эхлэл байв.

Монгол Улс мал сүргээр баян орон. Байгалийн баялгийг ухаж, ашиг шимийг нь хүртээд дуусдаг бол малаас гарах баялаг хэзээ ч дуусахгүй. Яагаад гэвэл дотоодын хэрэгцээ болон экспортод жилд дунджаар 15-16 сая мал зарцуулдаг бол хавар нь мөн тооны төл хүлээн авдаг болохоор шавхагдашгүй нөөцтэй баялаг яах аргагүй мөн. Судалгаа хийхэд социализмын үед “Намуу” цэцгийн саван үйлдвэрлэл байсан ч ардчилалын үед зогсонги байдалд орсон юм билээ. Тиймээс тухайн үеийн санаан дээр үндэслэн үйлдвэрээ хөгжүүлж эхэлсэн.

-Өөхийг хаяхгүйгээр хэрэглэх, үйлдвэрийн аргаар боловсруулах нь ямар ашиг шимтэй вэ?

-Зөв хэрэглэвэл энгийн хүний нүдээр харахад ч ашиг шим өндөр. Та, бид өлгийтэй байхаасаа сүүлний өөх л хөхөж өслөө шүү дээ. Үүнээс гадна манай боловсруулсан бүтээгдэхүүнийг ямар байгууллагууд авч байгааг судлахаар саван, товуд, гутлын тос болон хүнсний үйлдвэрүүд байна.

-Бүтээгдэхүүнээ экспортоор гаргахад хүндрэлтэй асуудлууд юу байна?

-Ерөнхийдөө, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сүүлийн хоёр жил чанга өнгөрлөө. Жишээлбэл, манайх дөнгөж үйлдвэрээ ашиглалтад оруулж байтал COVID-19 хурдацтай тархсанаар хил гааль хаагдсан. Дотооддоо ч бизнесүүдээ нэлээн хумьсан учраас зогсонги байдалд орсон. Харин одоогоор бэрхшээл гэх зүйл алга, өөрсдөө тээврийн зардлаа шийдэж, экспортод гаргах нь чухал.

-Хүний нөөц ямар түвшинд байна. Анх байснаасаа хэрхэн өргөжив?

-Удирдлагын түвшний 4-5 болон үйлдвэрлэлийн технологич, механик инженер гэсэн 15 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн өөх хаягдахаа больсноор далд ажлын байр үүсч байгаа юм. Тухайлбал, Эмээлт, Дэнжийн-1000 зах дээрх өөхний үнэ нэг тонн нь 300-500 мянган төгрөгт хүрснээр тэнд малын гэдэс цэвэрлэн суудаг ах, эгч нар маань өөхөө хаяхаа больж, шуудайлаад, бид нарт өгч байгаа юм. Үүнээс гадна цар тахлын оргил үеэс хойш үйл ажиллагаагаа бэхжүүлээд, орон нутаг руу тэлж байна. Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд нь Монгол Улсад мал сүргийн тоогоор дээгүүрт ордог юм. Дээрх бүс нутагт тус бүр 7-8 бой ажиллаж байна. Манайх хүний нөөцдөө өндөр шалгуур тавьдаггүй. Ямар хүмүүс ажилладаг вэ гэхээр бусдын адил амьжиргаагаа залгуулдаг, зарим нь алдаж оносон хүмүүс бий. Тэгсэн ч цалинг нь бусадтай адил өндөр хэмжээгээр олгодог. Хамгийн бага цалин 1.2-1.5 сая төгрөг. Жендэрийн хувьд эрэгтэй 70, эмэгтэй 30 хувь байна.

-Өөх боловсруулалт ямар үе шаттай явагдаж, хэрэглэгчдийн гар дээр очдог вэ?

-Энгийн байдлаар яривал бид хүнсэндээ хэрэглэхдээ хэрчдэг. Үүний адилаар бутлагч машинаар буталж хөлдөөгөөд, үйлдвэрийн тогоонд чанана. Манай үйлдвэрээс ямар ч хаягдал гардаггүй. Тосоо шаргаагаад, өөхөө чанасны дараа шимэлдэг л үлдэнэ. Үүнийг гахай, тахианы аж ахуй эрхэлдэг хүмүүс худалдаж авдаг. Цаашид шимэлдгийг судалбал өөхнөөс илүү үнэд хүрэх боломж бий. Барууны болон Азийн хөгжиж буй орнуудад хэрэглэгддэг нохой, муурны хоолны үндсэн түүхий эд болох юм. Түүнчлэн манайх үйлдвэрлэлдээ ус хэрэглэгдэггүй давуу талтай.

-ЖДҮ-ийг дэмжихэд ямар туслалцаа шаардлагатай байдаг вэ?

-Битгий саад болооч ээ! гэж л хэлмээр байна. Нэг зөвшөөрөл авах гэж албан байгууллагын үүдийг 7-30 хоног сахина. Харин “И-Монголиа” платформ хэрэгжсэнээс хойш сүүлийн нэг жилийн хугацаанд тун хялбар болсон. Түгжрэлд амьдарч буй нийслэлд ажил дээрээ байхдаа хүсэлтээ өгөөд, үйлчилгээгээ авч байна. Энэ төрлийн үйлчилгээг зайлшгүй бүрэн цахимжуулах шаардлагатай. Ингэснээр иргэдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна далд эдийн засаг буюу авлигын асуудлыг ч цэгцлэх давуу талтай юм.

-Бизнесийн салбарт хөл тавихаар зэхэж буй хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Социализмыг муулж, магтаж байгаа зүйл биш. Тухайн үед дэлхийн зах зээлийг хангахуйц 2000 гаруй үйлдвэр манайд байлаа. Монгол нэхий, арьс бүхий гутлыг хамгийн өндөр үнээр худалдаалж байсан. Бидний чухал суурь нь мал аж ахуй шүү дээ. Малаас зөвхөн махыг нь авах биш дайвар бүтээгдэхүүнийг нь боловсруулах үйлдвэр олноор байгуулах шаардлагатай. Нэгэн үе үнэгүй шахуу хаягддаг байсан хонины нэхий одоо 2000-3000 төгрөгийн үнэтэй. Үүнийг зүгээр хаяхын оронд яагаад мэс заслын оёдлын утас хийж болохгүй гэж. Бид хотжихын хэрээр өөрсдийг нь өсгөж, өндийлгөсөн мал аж ахуйгаасаа холджээ. Буцаад энэ аж ахуйгаа хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)