Т.САЙХАН

Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит ”Оюухай 2022” яруу найргийн наадам есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дархан суманд боллоо. Энэ жилийн “Оюухай 2022” наадмыг Б.Алтанхуяг өнгөлж, Х.Нямхишиг, Т.Амар-Амгалан нар удааллаа. Харин тусгай байрт М.Амархүү, Н.Минжинсайхан нар шалгарчээ. Яруу найргийн эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, уншигч, зохиолчдын уулзалт, ном соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2022” яруу найргийн наадам 11 дэх удаагаа зохион байгуулсан юм.

Тэргүүн байрын шүлэг: Есдүгээр сар

Ертөнцийн гандмал өнгийг үүлс нуруундаа тээж авчрах

Есдүгээр сарыг тэврээд авмаар санагдана

Гүйдэл унагасан хүлгийн чих сэтлэхэд

Гүйлсэн нүднээс нь нулимс бөмбөрч, эргээд тэнцдэг

Ер бусын тийм л нутаг шүү дээ, аав минь

Есдүгээр сарыг яг тань шиг тэвэрч авмаар болно

Амар болоочыг тэргэнд ачиж хөдөөлүүлсний хойно

Амьдралд түүний тухай дурсамжууд жинхнээсээ цуварч эхэлдэг

Ирмэгээсээ эмтэрч шарласан тэдгээр дурсамжууд

Ийм л намраар хөндүүрийг авч буцдаг

Зуны богинохон саруудад тэрлэсэн мөрүүд

Зэрлэг шувуудтай дорнын салхинаа одож

Араас нь гүйх балчир насны зургаа

Амар болоочийнх шиг амгалан нүдээр ширтэж зогсдог

Аж төрөхүй ийм хүйтэн, зэврүүн ахуйд л

Анир чимээгүйг агаар мэт шуналтайгаар залгих

Хорвоог хувьсгах хүчин үл үзэгдэх утсаар оддыг цааш татаж

Хоосорч буй ээрэм хөдөөд гөрөөс зүүрмэглэхийг үзэх

Шинээр амилах мэдрэмжийнхээ гүн рүү нэвтэрч суртлаа

Шивээн толгой дохиолзтол ардын дуу аялмаар болох

Ер бусын тийм л нутаг шүү дээ, аав минь

Есдүгээр сарыг яг тань шиг тэврээд авмаар санагдана

Эх сурвалж:www.polit.mn