Б.БАЯРЖАВХЛАН

 

Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэнтэй ярилцлаа.

 

-Дорноговь аймгийн ИТХ-д 21 хувь нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна. Энэ нь жендэрийн хувьд хэр оновчтой бүрэлдэхүүн бэ?

-Манай аймгийн хэмжээнд ИТХ-д эмэгтэйчүүд 21 хувийг эзэлж байгаа нь бага үзүүлэлт. Шийдвэр гаргах түвшний хувьд эмэгтэйчүүдийн оролцоо 40-50 хувьтай байвал оновчтой байх юм болов уу гэж хардаг. Цаашид жендэрийн эрх тэгш байдлын хуулийг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж санал бодлыг нь тусгах нь зөв юм. Эмэгтэйчүүдийн хувьд иргэдэд тулгамдаж буй асуудлыг жижиг том гэж ялгахгүйгээр шийдэж, шийдвэрлэхийг эрмэлздэг. Мөн тухайн асуудлыг шийдэх арга замыг олохыг эрэлхийлдэг. Гэвч ИТХ-д эмэгтэйчүүд цөөнх байгаад байна. Эмэгтэйчүүдийн оролцоо их байж санал санаачлага дэмжигдэх боломжтой. Тиймээс эмэгтэйчүүдийн жендэрийн оролцоог хангаж ажиллах нь зүйтэй гэж харж байна.

-Та аль тойргоос нэр дэвшсэн бэ. Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж ажиллаж байна вэ?

-2020 оны ИТХ-д орон нутгийн сонгуульд Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан.  Би нийт сонгогчдын 65 хувиар аймгийн ИТХ-д сонгогдсон. Мөн сумынхаа 21 төлөөлөгчөөс хамгийн өндөр саналаар үнэлэгдэж сумынхаа ИТХ-д сонгогдсон байгаа. Хувийн ашиг сонирхлыг хойш нь тавьж, ард иргэдийнхээ төлөө ажиллана. Мөн Эрдэнэ сумынхаа Засаг даргаар ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хувьд иргэнээ дээдэлсэн, иргэндээ үйлчилдэг төртэй ард иргэд нь амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байгаа. Үүний хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх зорлгоор иргэдээ бүгдийг нь эрт илрүүлэх арга хэмжээ болон эм эмнэлгийн хэрэгсэлийг сайжруулах зэрэгт анхаарч ажилласан байгаа. Мөн боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Тодруулбал, Сумандаа ажиллаж байгаа багш нарыг магистр, докторт сургах, ЕБС-ийн барилгыг стандартад нийцсэн 500 хүүхдийн багтаамжтай болгож барьсан зэрэг иргэдэд тулгамдаад буй нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж байгаа.

-Эмэгтэй улстөрчдийг хүлээж авах хандлага орон нутагт ямар байна вэ?

-Иргэдийн хувьд тухайн улстөрч эр, эм байх нь хамаагүй болсон юм шиг санагдаж байна. Харин энэ хүн яг юу хийж чадах хүн бэ гэдгийг илүү анхаардаг болсон. Манай орон нутгийн хувьд эмэгтэй улстөрчийг хүлээж авах хандлага харьцангуй өндөр байгаа учраас намайг сонгон ажиллуулж байна. Нийт сонгогчийн 65 хувийн саналыг авна гэдэг бол харьцангуй өндөр үзүүлэлт. Тиймээс орон нутагт эмэгтэй улстөрчдөд итгэл хүлээлгэж, хүлээн зөвшөөрч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (6915)