Т.САЙХАН
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан албан бланк дээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд гарын үсгээ цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл хэдэн гишүүн гарын үсэг зурсан талаар П.Сайнзориг тайлбар өглөө. Тэрээр "Үндсэн хууль зөрчиж парламентын засаглалд халдаж байгаа, эдийн засгийг доройтуулан ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг хөндөж байна. Эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлж байгаа макро тоонууд нь бүгд худлаа. Олон нийтийг ингэж төөрөгдүүлж болохгүй. Тухайлбал, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдэгдсэн. Гадаадаас татаж ирсэн бондуудын төлбөр болон арилжааны банкууд дахь валютын нөөцийг нэмээд ийм дүн гаргаж хэлж байгаа. Ийм үзүүлэлтээр гадаад валютын нөөцийг тодорхойлдоггүй. Экспорт саарч гадаад валютын нөөц хасах дүн рүүгээ орсон. Тийм ч учраас нэг тэрбум ам.долларын оптек гэрээ байгуулахаар төсөв дагуулан оруулж ирсэн. Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Өргөн барих босгыг давсан гэсэн үг. 32 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барьдаг. Гэхдээ амралтын өдрүүдэд олон гишүүнтэй уулзаж чадаагүй учраас уулзаад гарын үсэг зурах боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрыг огцруулах саналаа маргааш албан ёсоор өргөн мэдүүлж, танилцуулна. Манай намаас 33 гишүүн гарын үсэг зурсан. ХҮН нам, АН-ын гишүүд гарын үсэг зурсан" гэв.
Эх сурвалж:www.polit.mn