Б.ОД

Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй есдүгээр сарын 14-ний өдөр албан ёсны уулзалт хийсэн билээ.

Уулзалтын үеэр ярилцсан гол асуудлын талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Баярхүү мэдээлэл өгөв.

Тэрбээр "Хоёр орны төрийн тэргүүн харилцааны өнөөгийн түвшинг үнэлж дүгнээд цаашид өргөжүүлэх бүрэн боломжууд байгаад санал нэгдсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар хоорондын комиссыг байгуулж, үйл ажиллагааг энэ жилдээ багтаан хэрэгжүүлэхээр тохирлоо.Хоёр улсын Гадаад хэргийн яамдын Зөвлөлдөх уулзалтын системийг эрчимжүүлэхээр ярилцлаа.Монгол, Узбекистаны эдийн засгийн хөгжлийг өргөтгөх замын зурлага буюу тодорхой хугацааны графиктай төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахаар тохирлоо.Узбекистанд Монгол Улс Дипломат төлөөлөгчийн газраа нээхээр судалж буйг илэрхийлсэн” гэв.

Монгол, Узбекистан хоёр улсын худалдааны эргэлт 2021 оны байдлаар дөрвөн сая орчим ам.долларт хүрсэн бөгөөд манай улсын импорт 90 хувь, экспорт 10 хувийг эзэлдэг байна. Цаашдаа Монголын махан, махан бүтээгдэхүүнийг тус улсад нийлүүлэх боломж бүрдвэл импорт, экспортын харьцаа өөрчлөгдөж, нийт худалдааны эргэлт нэмэгдэх юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn