Р.Оюун

Улаанбаатар дахь “Русский дом”-ын их танхимд эрэл хайгуулын ажлын оролцогчидтой хамтран Халхын голд 2026 онд хэрэгжүүлсэн эрэл хайгуулын төслийн үр дүнг дүгнэх хурал боллоо. Энэ үеэр экспедицийн удирдагч Александр Борисивич Орлов “Манай экспедици 2019 оноос эхэлж Монгол Улсад ажиллаж байгаа. 2025 оноос Монголын армитай хамтран ажиллаж байна. Мөн манай эрлийн ажилд Дорнод аймгийн цэргүүд, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнууд ажиллаж байгаа. Монгол, Оросын хамтарсан эрэл хайгуулын үр дүнд өнөөдрийн байдлаар 250 мянган хүний цогцос олдсон. Өнгөрсөн жил Монголын ардын армийн таван хүний цогцосыг илрүүлж олсон. Бид энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Монголын тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан Монгол Улсын олон цэрэг өнөөдрийг хүртэл олдоогүй, газарт байгаа. Манай ажилд Монголын залуучуудаас илүү олон хүн нэгдэх болов уу гэж найдаж байна” гэсэн юм.

Экспедицийн удирдагч Александр Борисивич Орлов.

Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедицийн хайгуулын баг Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул, малтлагын ажлыг амжилттай үргэлжлүүлж байна. Хамтарсан багийнхан Халхын голын байлдааны талбарт нарийвчилсан судалгаа хийх явцдаа амь үрэгдсэн 78 дайчны шарилын үлдэцийг илрүүлж, тухайн үеийн байлдааны ажиллагаанд ашиглаж байсан 12 нэр төрлийн 3073 гаруй сум, галт хэрэгсэл болон мина, тэсрэх зүйлсийг олж тогтоосон байна. Хайгуулын багийнхан малтлага, судалгаа хийсэн талбайнхаа ухсан газруудыг эргүүлэн булж, байгаль орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байна. Монгол, Оросын хамтарсан цэргийн археологийн экспедици нь дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, тэдний шарилыг эргэн нутаглуулах, цэргийн түүхийн судалгааг баяжуулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж www.zms.mn