Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өдөр "Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус форум нь салбарын ёс зүй, мэргэжлийн стандарт болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг хэлэлцдэг Монголын сэтгүүл зүйн хамгийн том платформ юм. Энэ жилийн арга хэмжээ нь хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой бодит эрсдэл, редакцын өдөр тутмын практик шийдэлд шууд төвлөрч байгаагаараа онцлогтой.
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Европын Холбоо, DW Akademie, ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг форумд сэтгүүлчид, редакторууд, медиа менежерүүд, судлаачид болон олон улсын экспертүүд хуран цуглана.
Форумын үеэр судалгааны шинэ үр дүн болох Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь синтетик медиа, "гүн хуурамч" (deepfake) контентын тархалт болон онлайн хэвлэл мэдээллийн залруулгын практикийн судалгааг анх удаа танилцуулна. Мөн редакцын ёс зүйн жишиг зарчим буюу редакцууд хиймэл оюуныг хариуцлагатай ашиглахад чиглэсэн “Хиймэл оюуны хэрэглээний ёс зүйн жишиг зарчмууд”-ын төслийг хэлэлцүүлж, салбарын нэгдсэн стандарт тогтоохыг зорьж байна.
Форумд олон улсын болон үндэсний экспертүүдийг төлөөлж ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Ян Браату, ЮНЕСКО-гийн шинжээчид болон Монголын медиа салбарын манлайлагчид туршлага, байр сууриа хуваалцах болно.

Форумын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол info@mediacouncil.mn хаяг болон 7000-0160 утсаар холбогдоно уу.

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл