Б.ОД

Нийслэлийн ИТХ-ын энэ сарын 7-ны ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан байна. Тодруулбал иргэд автобусны төлбөрөө U-money картаараа болон бэлэн мөнгөөр төлөх боломж бүрдэх нь.

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад "Уг тогтоолын дагуу нийтийн тээврийн автобуснуудад бэлэн мөнгөний хайрцгийг байрлуулах юм. Ингэснээр иргэд бэлэн мөнгөөр ч, цахим картаараа ч төлбөрөө төлөх боломжтой болох юм. Хуучин шиг мөнгө хураагч /бидний хэлж заншсанаар кондуктор/ ажиллахгүй. Лацадсан бэлэн мөнгөний хайрцаг тавина.Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж тогтоол хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл захирамжаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулаад үйлчилж эхлэх хугацааг тогтоох юм.НИТХ-ын хуралдаанаас "Улаанбаатар смарт карт" компанийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гараагүй. Нийтийн тээврийн автобусанд U-money картаар төлбөрөө төлөх үйлчилгээ хэвээр байна"  хэмээн тайлбарлалаа.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 106 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд тэдгээрт бүгдэд нь бэлэн мөнгөний хайрцаг тавих юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn