Д.МЯГМАР

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үеийн барил­гууд чанаргүй байна гэж иргэд, оршин суугчид гом­дол­лодог. Салбарын яам энэ асуудалд хяналт тавь­даг уу?

-Бид олон ажлыг хий­хээр хууль, хөтөлбөр, дү­рэм, журам боловсруулж байгаа. Ардчилсан нам Засгийн эрх аваад удаагүй байна. Сонгуулиар бид “Ажилтай, орлоготой мон­гол хүн” гэж том хөтөлбөр дэвшүүлж, хэрэгжүүлэх гэж байна. Мэдээж энэ бүхнийг чанартай барилга босгохын төлөө хийсэн.  Монголчууд эхний ээл­жид ажилтай болох ёстой. Ажил­тай хүн орлого олно. Орлоготой өрх орон сууцаа худалдаж авна, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байх­даа Хөдөлмөрийн бирж байгуулах ажлыг эхлүүл­сэн юм, би. Энэ бирж шинэ бүтэцтэй болж ажилд орсон.

Ажиллах хүчнийг нийлүүлдэг болж. Нөгөө талаас ажил олгогч­той иргэдийг уулзуулдаг. Хө­дөлмөрийн бүхий л харилцааг зохицуулдаг байгууллага болжээ.  Хө­дөлмөрийн яамтай хамт­раад барилгын мэргэ­жилтэй ажилтан бэлтгэх богино хугацааны сургалт зохион байгуула­хаар ажил олгогч нартай уулзаад ирлээ, сая.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан тэднийг бэлтгэж болохгүй юм уу?

-Улсын хэмжээнд 70 орчим сургалт үйлдвэр­лэлийн төв үйл ажиллагаа явуулж байна. Дийлэнх нь барилгын чиглэлээр сур­галт явуулж, мэргэжилтэн бэлддэг. Тухайлбал, өнгөр­сөн жил барилгын чиглэлээр 5600 орчим мэр­гэжилтэн төгссөн. Тэд­нийг тодорхой хэм­жээгээр ажлын байртай болгосон. Манай улсад бүтээн байгуулал­тын ажил хурдацтай явж мэргэжил­тэй боловсон хүчин дутмаг байгааг та түрүүн хэллээ. Барилгын салбарт голдуу гаднынхан ажиллаж байна гэдэг. Тиймээс бид 6600 орчим хүнийг ба­рилгын шаард­лагатай мэр­гэжлээр сур­гаж Зас­гийн газраас сан­хүүгийн дэмжлэг үзүү­лэхээр бол­лоо. Замын бо­лон барил­гын чиглэлээр ажилладаг компаниуд ямар мэргэ­жилтэн хэрэг­тэй байгаа­гаа бидэнд захиалаг.

-Ямар мэргэжлийн хүн авахаа та бүхэнд мэдүүлж, сургах хүнээ ч явуулж болох нь ээ, тэгвэл?

-Хоёр сар онолын сургалт явуулсны дараа суралцагч ажиллах газартаа дадлага хийнэ. Бид барилгын компа­ниудад хэрэгцээтэй хүнээ сургахыг сануулсан. Аж­лын байран дээрээ дадлага хийлгэх гэж зэхэж байгаа.

-Барилгын компаниуд тогтсон ажилтангүй, нэг, хоёр нөхөр дэвтэр сугавч­лаад явдаг гэх юм.  Үүнээс болж чанаргүй ажил, хө­дөлмөр хамгаалал алдагддаг болов уу?

-Бид барилгын компа­ниудын эздэд шаардлага тавьж эхэлсэн. Ирэх жи­лүүдийн бүтээн байгуу­лалтын ажилд оролцохдоо өөрийн боловсон хүчинтэй бол гэж шахсан. Хэрэг­цээтэй мэргэжилтнээ захиалж сургаад ав. Дараа нь иргэдийн хэлдэг гомдол арилах биз.

-Барилгын үнийг хэсэг хугацааны дараа буу­руулна гэж байсан. Орон сууцны үнэ хэт өндөр байна. Байрны үнийг ядаж тогтворжуулах боломж байна уу?

-Орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа гол зүйл нь газрын наймаа. Төсөл хэрэгжүүлэгч болон ба­рил­гын компаниуд газрыг өндөр үнээр худалдаж авч түүнийгээ орон сууцны үнэд шингээдэг. Тиймээс худалдан авагчдад орон сууцны талбай үнэтэй тусч байгаа. Дээр нь шинээр барьж байгаа хорооллуу­дын дэд бүтцийн ажлыг төрөөс хийж өгдөггүй, ком­панид өөрсдөө хөрөнгө гаргадаг нь нэрмээс болж байна.

Дотооддоо барилгын материалыг олигтой үйлдвэрлэж чаддаггүй. Барилгын материалын 60-70 хувийг гадаадаас авч байгаа гэх мэтээр үнэ буурахгүй байх шалтгаан олон. Энэ бүхнийг судлаад бид барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуул­сан.

-Урдаас барилгын материал зөөдөг мөнгөний урсгал багасна гэж ойлгож болох уу?

-Эхний ээлжид це­мент, арматурын үйлдвэ­рийг байгуулъя. Тэр нь бүсийн чанартай. Тухайл­бал, Хөтөлийн цементийн үйлдвэрийг Засгийн газраас бодлогоор дэмжье. Дээр нь Хөтөлийн цементийн үйлдвэр болон бусад цехээс гарч байгаа буталсан чулуунуудыг зургаан аймагт хүргэж тэнд нь тээрэмдэж цемент хийх ажлыг  хэрэгжүү­лэхээр болсон. Цаашдаа барилгын материалын цогцолбор үйлдвэрлэлийг аймагт бүрт байгуулах төлөвлөгөө бий. Тухайл­бал, чулуу тээрэмдэж анги­лах болон бетон зуурмаг, төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлтэй ажиллана. Ингэснээр аймаг бүрт барилга сүндэрлэж тэр хэрээр зах зээлийн эрэлт, хэрэгцээг зохицуулна. Одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник, технологийн шинэч­лэлийг эргэлтийн хөрөнгөөр нь дэмжинэ. Барилгын ма­териалын нөөцийг бий болгож, үнийн өсөлтөөс сэргийлэх, үнийг тотвор­жуулах хөтөлбөрийг Зас­гийн газар өнгөрсөн долоо хоногт Монголбанктай тохиролцсон. Бид Мон­гол­банктай энэ ажлыг хэрэг­жүүлэх гэрээг үзэг­лэлээ.   Барилгын мате­риалын үйлдвэр­лэлийн эргэлтийн хөрөнгөд, цемент, арматурыг үнэ нь өсөөгүй байхад гаднаас татаж авчрах. Мөн барилгын материалын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх, энэ дүнгээрээ 379 тэрбум төгрөгийн төс­лийг барилгын мате­риалын үйлдвэрлэлийг дэмжихээр тохирлоо.

-Барилгын салбарыг дэмжихэд орон сууцны зээл чухал биш үү?

-Орон сууцны зээлийг бодитой болгохын тулд моргейжийн зах зээлийг  800 орчим тэрбум төг­рөгөөр санхүүжүүлэх бололцоотой. Ийм бод­логын бичиг, баримтад гарын үсэг зурж баталгаажууллаа.

-Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг царцааснаар олон иргэн хашаа, байшин­гаа зарж урьдчилгаа төлж орох оронгүй үлдсэн. Тэд­ний асуудлыг нааштайгаар шийдэх боломж байна уу?

-Одоо хэрэгжиж бай­гаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөр санхүүгийн эх үүсвэрээ бүрэн шийдвэрлээгүй. Тооцоо муутай эхэлснийг бид хэлэхээс өөр арга алга. 1300 орчим иргэнд 50 тэр­бум төгрөг өгөөд зээлийн эх үүсвэр зогссон. Үүнийг тодорхой хэмжээнд үргэлжлүүлье. Зургаан хувийн хүүтэй зээлээс болж иргэн хохирох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа, бид. Удахгүй 30 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргахаар ярьж байгаа. Дараа нь залгуулаад 800 орчим тэрбум төгрөгийн моргейжийн зээлийн эх үүсвэрийг гаргана. Хүү хэдэн хувь байхыг бид ярьж байна. Дээр нь бага, дунд орлоготой иргэд, за­луу гэр бүлд яаж дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж байна. Гол нь урьдчилгаа төлбөр дээр татаас өгөх асуудлыг эхний ээлжинд шийдэж болно. Орон сууцны хуульд Орон сууц хөгжүүлэх сан байгуулах заалттай. Энд хөрөнгө хуримтлуулаад түрээсийн болон лизингийн орон суу­цыг барина. Залуу болон бага, дунд орлоготой гэр бүлд лизинг төлүүлж байгаад тодорхой хуга­цааны дараа байрыг нь шилжүүлэх олон хувил­барыг хэрэгжүүлж байж хүн амаа орон сууцаар хангана.

-АН-аас “Амины сууц­тай Улаанбаатар” хөтөл­бөрийг хэрэгжүүлнэ гэсэн амлалтаараа иргэдийн саналыг авсан. Энэ ажил урагшлахгүй байх шиг?

-Орон сууцны шинэ хорооллын талаар ярихаар яалт ч үгүй гэр хорооллын барилгажилт, дахин төлөв­лөл­­тийн тухай яриа сөхөх  хэрэг гардаг. Улаанбаатар хотод барих орон сууцны 17 хорооллын асуудлыг бид саяхан хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийн асуудлыг төрөөс зайлшгүй шийдэх ёстой. 200 орчим тэрбум төг­рөгөөр дэд бүтцийг шийдэх шаард­лага­тай. Энэ мөн­гөний эх үүсвэрээ хаанаас олж, гаргах асуудлаа бид ярилцаж байна.

-Гэр хорооллыг суурин дээр нь дахин төлөвлөнө гэдэг. Гэтэл Гандангийн айлууд хашаандаа бохирын нүх ухах газаргүй боллоо гэсэн. Ийм бохирдсон газарт цэвэр усны шугам татаж болох уу?

-Гэр хорооллын зарим хэсэгт үнэхээр ийм явдал бий. Ганданд бохир, цэвэр усны шугам татахаар ажил нь эхэлсэн. Шугамыг барихаар зайлшгүй айлын хашаан дундуур дайрч таарна. Ямар ч төлөвлөлт­гүй, айлууд шаваад хашаа барьсан газар гэдгийг бид мэднэ.  Гандантэгчинлэн хийдийн захиргаанаас манай хэсэг тусгай хамгаалалттай бүс нутаг тул хил хязгаарыг шинэчлэн тогтоох ёстой гэж шаардах жишээтэй.

Миний дуулснаар, хотын хүн амын 40 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэдний 92 хувь нь газраа өмчилж газрын эзэд болсон. Гэр хорооллын айлуудын 60-70 хувь нь хэдийнэ хашаандаа амины орон сууц, байшин барьчихсан. Эхний ээлжид бид гэр хороололд зам тавих ёстой. Хотын орон сууц барьсан хэсэгт зам нэмж барьсангүй, мухар гудамж ихтэй болж. Тиймээс Улаанбатаар хотод байгаа мухар зам, булан, ачаалал үүсгэдэг “т” хэлбэрийн замуудыг дөрвөн замын уулзвар болгоно. Ингэж тооцохоор 33 замыг өргөтгөх шаардлагатай болж байна. Гэр хороололд сэтк тавьж байгаад зам тавина. Хажуугаар нь явган хүний зам татна. Үүнийг дагуулаад цэвэр усны шугам явна. Гэр хорооллын хөрс маш их бохирдсоныг та дээр хэл­лээ. Өвөл айлууд ариут­гах байгууламж руугаа давс их хийснээс болж хөрс их хэмжээгээр бохирдож байгаа талаар мэргэжлийн байгуул­лагын дүгнэлт гар­сан. Зарим айл хашаандаа бие засах газрын нүх ухах бололцоогүй нь үнэн. Ийм хүмүүс газраа орон сууцаар сольж тэр хэсгийг ногоон байгууламж бүхий цэцэрлэг болгон төлөвлөж болох талтай. Хотын дахин төлөвлөлтийг энэ мэтчилэн төрөл бүрийн хувилбараар баяжуулан УИХ-аар хэлэлцүүлэхээр явж байгаа. Үүний дүнд иргэд газраа орон сууцаар эсвэл газраар сольж болно. Үл хөдлөх хөрөнгөө орон сууц болон үл хөдлөх хөрөнгөөр солих хувилбар бий. Дахин төлөвлөлтөд тухайн иргэн давуу эрхтэй. Тухайн орон нутгийн засаг захиргаанаас төсөл хэ­рэгжүүлэх зэргээр бүх талын оролцоог бид хангасан.

-Дулааны шугам татах боломжгүй газарт орон сууц барьсан тул ху­дал­даж авч болохгүй гэсэн мэдээл­лийг хотын захир­гаанаас иргэдэд хүргэж байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Зарим газарт дулааны шугам хүргэх болол­цоогүйг бүгд мэднэ. Хотын зах руу, алслагдсан бүсэд бохирын болон дулааны шугам хүргэхэд хүндрэл­тэй. Ийм тохиолдолд бид хүндрэлтэй гэдэг ганц өгүүлбэр хэлээд зүгээр суухгүй. Төвлөрсөн бус маягаар амины сууцны хорооллыг орчин үеийн жишиг рүү ойртуулах зэргээр янз бүрийн арга сэдэж байгаа.

-Хууль зөрчиж барьсан 79 барилгыг худалдан авахгүй байх сануулгыг НМХГ-аас олон нийтэд мэдээлсэн. Барилгын асуудал хариуцсан сайдын хувьд та тэдний зовлонг ойлгодог уу?

-Барилга барьж байгаа нөхдийг харлуулж тэр чи­гээр нь буруутгах аргагүй юм. Төрийн байгууллагын хүнд суртал, шат дамжлага их учраас тэд барилга барихаар олон газраас зөвшөөрөл, гарын үсэг хүсдэг. Барилгын ажил 4-11 дүгээр сард өрнөдөг. Барилгын салбарт нойтон технологи их тул өвөл ажил хийх боломжгүй. Тиймээс бид эхний ээлжид барилгын ажлыг улирлын хамаар­лаас гаргана. Ингэхийн тулд барилгын мате­риа­лын үйлдвэрлэлийг дэмжихээ дээр хэлсэн. Барилгын гүйцэтгэгчид хийх хөрөнгө оруулалт их байх ёстой.  Хөрөнгө оруулалт тодор­хой бусаас болж ком­па­ниуд мэргэжлийн ажил­тан­тай болж чаддаггүй. Техник, технологио шинэчлэх гэж зоригло­доггүй. Нэг барилга бариад л дараа жил нь ажил олдох уу, үгүй юу гэдэг урсгал явсаар барилгын ажилд муугаар нөлөөлөх болж. Дээр нь  албаны хүн суртлыг давж, элдэв бичиг баримт хөөцөлдсөөр цагаа алддаг. Өнгөрсөн жил дураараа барьсан барилга олон байна. Судлаад үзэхээр УИХ-ын сонгууль орон нутгийнхтай хамт явснаар зөвшөөрөл олгодог, хуралддаг байгууллагын дарга нар сонгуульдаад олдоогүй. Дулааны улир­лаа алдахгүйн тулд ба­рилгын компанийн эзэд ажлаа эхлүүлчихсэн тал бий. Зарим нь илт хууль зөрчсөн ч юм бий. Тий­мээс зөвшөөрөлгүй барил­гын асуудлыг заагтай, ялгаатай авч үзэх хэрэгтэй.

-Элдэв гарын үсгээр асуудал шийдэх гэж чаг­талдаг явдал энэ салбарт газар авсан. Та зөвшөөрөл авдаг гарын үсгийн тоог бууруулснаар энэ салбарт өөрчлөлт гарна гэж үзэв үү?

-Биднээс шалтгаалсан гарын үсгийн тоог цөө­рүүлсэн. Хуучин Мэргэж­лийн хяналтын газрууд барилгын зөвшөөрөл өгдөг байсныг гурван хэсэг бол­гож ангилсан. 17 давхраас дээш барилга болон олон нийт үйлчлүүлэх томоохон байгууламж барих зөвшөөрлийг манай яам хариуцана. Харин 17 давх­раас доошхи барилгыг нийс­лэл, аймаг хариуцан нэг цонхны үйлчилгээ үзүүл­нэ. Ингэснээр тэд­ний ажлын цар хүрээ өр­гөн болж, тэр хэрээр ха­риуц­­лага нэмэгдэж байгаа шүү. Газрын кадастр, архи­тектурын төлөвлөлт, даавгавар,  техникийн нөхцөл, дулаан, цахил­гаан, галын хамгаалал зэргийн зөвшөөрлийг 30-35 хоногийн дотор олгоно. Магадлалыг долоо хоног, зөвшөөрлийг гурав хоног гэх мэтээр 40-45 хоногт барилгын ажлын зөв­шөө­рөл бүрэн гарна. Зургаан баллаас дээш тэсвэртэй, гадны хөрөнгө оруулалт­тай барилга дээр магадлал хийдэг. Ганц газар энэ ажлыг хийдэг тул хугацаа их ордог. Магадлалыг зайлшгүй хийх ажил биш гэж бид үзэж байгаа. Зураг төслийн байгууллагад шаардлагаа хатуу тавина. Зайлшгүй экспертизийг томоохон цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоц болон галт тэрэгний буудал зэрэгт хийнэ. Хөрөнгө оруулагч, захиалагчид зураг хийсэн хүмүүстээ итгэхгүй тохиолдолд шин­жээчээр хянуулж болно.

-Комисс барилгыг ашиг­­лалтад авах гэж уддаг. Эсвэл чанаргүй барилгыг нүдээ аниад өнгөрүүлдэг тохиолдол хотод олон гарсан. Үүнийг цэгцлэх үү?

-Барилга баригдаж дуусангуут улсын комисс 14 хоногт багтаан ашиг­лалтад хүлээн авдаг тогтолцоог нэвтрүүлэх гэж байна. Тухайн барилгыг ашиглалтад оруулахад захиалагч өөрөө чанарыг сайн хянах ёстой. Ба­рилгын ажлыг саатуулж байгаа асуудлыг төрийн байгууллагын зүгээс энэ мэтээр шийдэж байна. Зарим тусгай зөвшөөрөл олгох ажлыг ТББ-д хариуцуулсан. Барил­­гын тусгай зөвшөөр­лийг бид хүнээс хамаарахгүйгээр цахим хэлбэрт шилжүүлж бай­гаа. Цаашдаа Барил­гын тухай хуульд өөрчлөлт оруулж тусгай зөвшөөр­лийг бүртгэлийн системд оруулна.

-Барилгын стандартыг хэзээ жинхэнэ утгаар нь мөрддөг болох вэ. Байрны талбай хэмжээндээ хүрэх­гүй байна гэсэн гомдлыг таслах цаг болсон юм биш үү?

-Норм, дүрэм, журам боловсруулж, стандарт тогтоох ажлын хэсэг байгуулсан. Оросын норм дүрмийг манай улс хэрэглэдэг. Бусад улсын туршлагыг судалж хүний аюулгүй байдлыг хангасан норм, дүрмийг  салбартаа хэрэгжүүлнэ. Модон барилгад Канадын норм, дүрмийг авч хэрэг­жүүлэхэд хамгийн дулаан, эрчим хүчний алдагдал багатай байна. Төмөр кар­казан барилгад шалгарсан Австралийн туршлагыг хэрэгжүүлнэ гэх мэтээр сайн, чанартай бүхнийг судалж байна. Цутгамал барилгад газар хөд­лөлтийн баллыг хамгийн сайн тооцдог Туркийн турш­лагыг авах жи­шээтэй. Сатндартын хувьд бодох зүйл их бий. Чанарыг за­хиалагч өөрөө сайн хянах, зураг төсөл зохиогчийн хянал­тыг сайж­руулах ёстой. Ба­рилгын компа­нийн дотоод хяналтыг сайж­руу­лахын тулд хөдөл­мөрийн аюулгүй ажил­лагааны чиглэлээр зохих хууль, журамд өөрчлөлт оруулна. Энэ чиглэлээр бид “Цэнхэр карт” хө­төлбөр боловс­руулсан. Удахгүй Засгийн газарт оруулна. Энэ мэтээр ба­рил­гын салбарыг шинэч­лэх олон ажлыг  эхлүүлсэн.