Б.Өэлүн-Эрдэнэ: Уламжлалт соёл, хүний эрх хоёр яг хаана тулж, зөрчилдөж байгааг анхаарах цаг болсон

0
хуваалцах
372
үзсэн

С.УЯНГА

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, соёл судлаач, соёл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Өэлүн-Эрдэнэтэй ярилцлаа. 

 

 -Уралдаанч хүүхдүүд бэртэж, амь насаа алдаж байгаа талаар олон жил ярьж байна. Энэ асуудал хөндөгдөхөөр хурдан морь уралдуулах уламжлал, соёл талаас нь ярьдаг. Хурдан морины уралдааныг Монголын төрт ёсны түүхэн уламжлал талаас авч үзвэл ямар байдаг вэ?
-Таныг сая уралдаанч хүүхэд гэж тодорхойлсонд дотроо их таатай байна. Монголчууд аливааг бэлгэддэг, бэлэгшээдэг, ерөөдөг ард түмэн учраас үгийн утга талаас нь унаач хүүхэд гэх нь зохимжгүй санагддаг. Хурдан морь унахын тулд хүүхэд ч гэсэн өөрийн чадвараа гаргаж, удирдан жолооддог болохоор үгийнхээ утгыг харвал уралдаанч хүүхэд гэх нь илүү тохиромжтой юм болов уу. 
Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх болгонд хурдан морины уралдаан цаашид байх ёстой эсэх талаар асуудал, хэлэлцүүлэг өрнөдөг. Нэг талаас нь аваад үзвэл Үндэсний их баяр наадам бол төрт ёсны уламжлалт, өв соёл мөн. Үндэсний их баяр наадам нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн. Наадмыг олон улсад Монголын уламжлалт соёлын биет бус өв болохыг хүлээн зөвшөөрснөөр бөх, сур харваа, хурдан морины уралдаан гээд бүгдийг хүндлэн дээдлэх, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах үүрэг, хариуцлага бидэнд оногдож байгаа юм. Үндсэн хуульд “Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж... хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж тунхагласан байдаг. Соёл бол бидний оршин тогтнож, бусдаас ялгарч байгаа үндэс суурь юм. Соёл, өв уламжлал байж гэмээнэ бид өдийг хүртэл оршин тогтнож ирсэн. 
Гэтэл нөгөө талаас нь аваад үзвэл яах аргагүй өв уламжлалын нэгэн хэсэг болсон хурдан морины уралдаанаас үүдэн уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлд үүсч байгаа нь үнэн. Энд гэхдээ маш олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Гол нь хурдан морины уралдаан нь адуун соёлтой монголчуудын төрт ёсны язгуур өв соёлын баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа халин, илүү өргөн цар хүрээг хамран зөвхөн зун биш өвөл, хаврын улиралд ч зохион байгуулагдах болсноор хүүхэд гэмтэж бэртэх, амь насаа хүртэл алдах эрсдэл эрс нэмэгдсэн.
Хэдийгээр хурдан морь уях, уралдуулах арга барил цаг үеэ даган шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч уралдаанч хүүхдийн эрхийн асуудал болон аюулгүй байдлыг орхигдуулснаар амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байна л даа. Уламжлалыг шинэчлэлтэй зөв, оновчтой хослуулах хэрэгтэй болов уу.


-Уламжлалыг шинэчлэлтэй хослуулахдаа хариуцлагын тогтолцоог ярих хэрэгтэй. Үгүй бол өв соёлоо алдахад хүрэх нь. Үүнд олон хүний хандлага, хариуцлага хамаатай? 


-Хурдан морины аливаа уралдаан зохион байгуулахдаа уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ямар нэг эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлыг тэргүүн зэрэгт тавих хариуцлага, харин өв соёл болох талаас нь хүндэтгэх, бахархан бахдах, нандигнан дээдлэх хандлага дутагдаад байна. Зөвхөн баяр наадмын гэлтгүй тодорхой хүрээнд зохион байгуулж байгаа хурдан морины уралдааныг зохион байгуулагч өндөр хариуцлагатай, үйл явцыг бүрэн хянаж чадаж байгаа эсэхэд анхаарал хандуулмаар байна. Ажилдаа хариуцлагагүй, хэнэггүй хандсан томчуудын алдаанаас болж уралдаанч хүүхэд хохирсоор л байна. ХЭҮК шаардлагатай судалгааг явуулж, дагаж мөрдөх санал, зөвлөмжийг боловсруулан холбогдох газруудад хүргүүлдэг хэдий ч хэрэгжих шатандаа доголдоод байна уу даа л гэж харж байгаа. Ялангуяа уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл, даатгалыг шалгаж оруулж байгаа хүн маш хариуцлагатай байх ёстой. ХЭҮК-оос энэ жилийн наадмын хурдан морины уралдаанд хяналт ажиглалт хийхэд хүүхдүүд урт түрийгүй гуталтай уралдах, явуулын станц, гялгар уут, урт ташуур зэрэг морь үргэж болзошгүй зүйлсийг авч уралдсан зэрэг зөрчлүүд илэрсэн талаар мэдэгдсэн. Энэ чинь нөгөө холбогдох байгууллагуудын хяналт сул байгааг харуулж байна шүү дээ. За яахав, энэ удаад аргалаад уралдуулчихъя гээд тоож, хайхралгүй оруулсан тухайн хүний үйлдлээс болж хүүхдийн эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Хэрэв аль нэг шатанд хэн нэгэн хайхрамжгүй хандах юм бол хариуцлага тооцох тогтолцоо маш тодорхой байх ёстой. Хурдан морины уралдааны зохион байгуулалт, хяналт, хариуцлагын тогтолцооны асуудал бүрэн шийдэгдээгүй байхад өв уламжлалаас боллоо гэж хандах нь өрөөсгөл. Өв соёл үндэстнийг нэгтгэдэг болохоос биш хүмүүсийг талцуулдаг байж болохгүй.  


-Өв соёлыг уламжлуулахдаа хүний эрх талаас нь харах, уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах талаар ямар гарц шийдэл байна вэ? 


-Өнөөдөр хүний эрхийн асуудал зөвхөн уралдаанч хүүхдийн эрхийн асуудлаар хязгаарлагдахгүй. Уламжлалт соёл, хүний эрх хоёр яг хаана очиж тулж, зөрчилдөж байна вэ гэдэгт анхаарах цаг болсон. Асар хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцтэй бид яах аргагүй хөл нийлүүлэн алхах шаардлага тулгарч байгаа болохоор “уламжлал-шинэчлэл”-ийн зөв уялдаа холбоог бий болгож хослуулан явах хэрэгтэй болж байна. Тиймээс ХЭҮК-ийн дэргэдэх Иргэний Нийгмийн Зөвлөлд хүний эрхийг хамгаалах асуудалд соёлын чиглэлийн гишүүний орон тоо бий болсон нь том дэвшил гэж үзэж байна. Соёлын өнцгийг орхигдуулж болохгүй гэдгийг ойлгож, мэдэрч эхэлж байгаад соёл судлаачийн хувьд баяртай байна. Аливаа асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тал бүрээс нь авч хэлэлцвэл илүү бодитой, дорвитой гарц шийдэлд хүрнэ. Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүний хувьд өнөөгийн монгол хүний оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдрын онцлог, амьдралын хэв маягт тохирсон санал, зөвлөмжүүдийг боловсруулах тал дээр нягт хамтарч ажиллах бодолтой байна. Юуны өмнө өв соёл, уралдаанч хүүхдийн эрхийн зөрчилдөөн юунаас болоод хаана үүсээд байгааг олж тогтоох нь чухал. Нийгэм, хүрээлэн буй орчин хурдацтай хувьсан өөрчлөгдөж, нүүдэл соёлтой улс, суурин соёлд шилжин амьдралын хэв маяг нь цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Өмнө нь малын захад төрсөн хүүхэд аавынхаа, өвөөгийнхөө зүсэлж өгсөн унагатайгаа бага наснаасаа ээнэгшин дасч, дааган наснаас нь эхлэн уралдах явцдаа эзэн, морь аль аль нь бие биенийхээ зан авирыг таньж мэдсэн байдаг. Эсвэл ядаж л саахалт айлынхаа ааш авир, явдал гишгэдлийг мэдэх хурдан морийг унаж уралдаж ирсэн. Гэтэл орчин цагт уралдаанч хүүхдүүд төдийлөн сайн дасаагүй, зан авирыг нь мэдэхгүй морь хөлсөөр унаж уралдах явдал ихэсч байгаа нь бас нэгэн бэртэх эрсдлийг нэмж байна. Мөн хөлсөөр хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн багагүй хувийг нийгмийн эмзэг бүлгийн, ар гэрийн хараа хяналт сул, амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд эзэлж байгаа нь судалгаануудаас харагддаг. Амьжиргаагаа залгуулахын тулд эцэг эх үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ам насыг эрсдэлд оруулж байгаад өнөөгийн манай нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал шууд биш ч дам байдлаар нөлөөлж байна л гэсэн үг. Бас хамгийн гол нэг зүйл бол уралдаанч хүүхдийн насны асуудал. Үүнд маш нухацтай хандаж эргэж нэг харах, ахиж судлах шаардлагатай. Өв уламжлал талаас нь аваад үзвэл мэдээж хурдан морины уяа сойлгыг тааруулах, уралдуулах зай, хугацаа, улирал болон уралдаанч хүүхдийн нас, жин гээд бүх зүйлс ардын арга ухаанаар олон мянган жилийн явцад шалгарч ирсэн. Гэтэл байгаль газарзүй, цаг уурын өөрчлөлт, уралдаанч хүүхдийн өсөн торниж буй орчин, бие бялдарын хөгжил, амьдралын хэв маяг, морины зан авир, идэш тэжээлийн өөрчлөлт зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалж хурдан морь уралдуулах арга барил, зохион байгуулалтад зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байна. 
Соёл судлаачийн хувьд аль болох өв соёлоо хадгалж, уламжлуулахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бий болгох ямар гарц гаргалгаа байж болох тал дээр анхаарч ажиллахыг зорьж байна. Учир нь соёл бол бидний оршин тогтнож, бусдаас ялгарч байгаа үндэс суурь юм. Соёл байж гэмээнэ бид өдийг хүртэл оршин тогтнож ирсэн. Тэр дотроо Монголчууд бид адуун соёлтой улс. Молор эрдэнэ болсон адуугаа сүлдэндээ дээдэлж залдаг ард түмэн. Хурдан морь уралдуулах өв уламжлал байхгүй болвол хурдан морь шинжих, уях, сойх арга ухаан, хурдан морины магтаал, гийнгоо, шүлэг, дуу, үлгэр, домог, туульс гээд бидний оюуны үнэт өв соёл дагаад мартагдах, улмаар устах эрсдэлд орно. Энэ мэтчилэн үндэсний өв соёл мартагдаж, устаж үгүй болоод байвал бид хэн болж хувирах вэ. Бид хаанаас, ямар зам туулж ирсэн болон хэн гэдгээ умартаад эхэлбэл ирээдүй маань цулбуургүй мэт болно. 21-р зуун бол соёлын түрэлтийн зуун. Одоо цагт дэлхийн томоохон улс гүрнүүд соёлын зөөлөн бодлогоор түрж, алсуураар чимээгүй нөлөөлөн нэвчиж, эзэлж байна шүү дээ. 


-Олон нийтийн эсэргүүцлээр шахалт шаардлагаар хүүхдийг хамгаалах хэрэгсэл, даатгалтай явуулах зэргээр нэг үеийг бодоход ахиц дэвшил гарч байна. Ялангуяа, хаврын морин уралдаан бол төрт ёсны соёл биш гэж үзэж хориглох асуудал байнга хөндөгдөж ирлээ? 


-Улсын төв архивт хадгалагдаж байгаа 1803-1920 оны наадмын тухай 380 гаруй баримтыг авч үзэхэд монголчууд тухайн жилийнхээ таваас наймдугаар сарын хооронд баяр наадам хийдэг байж. Гэтэл хорьдугаар зууны сүүлчээс эхлээд хаврын улиралд холын зайны хурдан морины уралдааныг зохион байгуулж эхэлсэн мэдээ сэлт байна. Гэхдээ нийтээрээ биш зарим нэг нутаг орон, хот айл гээд ахуйн хүрээнд. Харин 1995 оны дундаас нийтийг хамарсан байдлаар зохион байгуулж байгаад 2004 оны Засгийн газрын тогтоолоор албажуулсан байдаг. Гэхдээ архивын баримтаас судлаад шүүгээд үзэхээр хаврын хурдан морины уралдаан төрт ёсны уламжлал гэж үзэх үндэслэлгүй болох талаар холбогдох байгууллага, шинжээчид, судлаачид судлаад тогтоочихоод байхад яагаад хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан байж зохион байгуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Уламжлагдаж ирээгүй хаврын уралдааныг яагаад Засгийн газар албан ёсны болгов?. Магадгүй энэ тогтоолоо эргэж харахаас эхэлж болох байх. Үнэхээр өвөл, хавар морь уралдуулмаар байгаа бол морин спорт чиглэлээр хөгжүүлж болно. Насанд хүрэгчид уралддаг спорт чиглэлээр тусад нь хөгжүүлж болно шүү дээ. 
Харин үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг Төрт ёсны уламжлал талаас нь өндөр хариуцлагатайгаар жилдээ нэг л удаа зуны дэлгэр цагт зохион байгуулбал уралдаанч хүүхэд эрүүл мэндээрээ хохирох, амь нас эрсдэх тохиолдол буурахаас гадна сургууль завсардалт, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх гэх мэт шийдэл гаргалгаа олох боломжтой санагдах юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 156 (6888)