О.Цэгмэд: Дууны найруулагч ярианаас гадна үйлдлийн түвшинд хүрч ажилладаг

0
хуваалцах
2216
үзсэн

П.Амгаланбаяр

Тайз, дэлгэц, киног дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Дуу, дүрс хоёр шувууны далавч мэт нэгэн жигд байж, цогц бүтээл болдог гэж ярьдаг. Тиймээс энэ удаагийн “Өөр зочин” буландаа дууны найруулагч О.Цэгмэдийг урилаа. Тэрбээр  “Солиот эх”,“Single Ladies”, “Хөхөө” зэрэг киноноос гадна “Фантастик”, “Хувьсал”, “Аримун”, “OI Entertainment” зэрэг продакшны кинонд дууны найруулагчаар ажилласан, чадварлаг  уран бүтээлч юм.

 

-“Хувьсал” продакшны  “Ноён эмэгтэй”  кино үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.  Та энэ киноны дууны найруулагчаар ажиллажээ. Уг кинонд ажиллахад онцлог нь юу байв?
-“Хувьсал” продакшны  долоо дахь дэлгэцийн бүтээл болох "Ноён эмэгтэй” уран сайхны кинонд “Авиа” студи хамтарч ажиллалаа. Уг кино энэ сарын 26-нд нээлтээ хийхээр зорьж байна.  


-Та “Фантастик”, “Хувьсал” продакшны ихэнх кинонд дууны найруулагчаар ажилласан.  Хамтарч ажиллахад арга барил, онцлог, ялгаа нь юу байсан бэ? 
-“Фантастик” продакшны ах нартай анх 2015 оноос хамтарч ажиллаж эхэлсэн. Хамгийн анхны кино нь “Хар сувдны нууц I”. “Фантастик” продакшны хувьд чадварлаг, залуусын нэгдэл учраас ойлголцож ажиллахад илүү хялбар байдаг. “18 нас”, “Том толгойт”,  “Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Зура”, “37-р точка”  зэрэг ихэнх кино дээр нь хамтарч ажилласан. Харин  “Хувьсал”  продакшинтай “Зүрхээр наадагч” киноноос хойш одоог хүртэл хамтарч ажиллаж байна.  Урнаа эгчийн хувьд  өөрийн байр суурь, үзэл бодлоо шууд хэлдэг зан нь таалагддаг. 


-Сүүлд та өөрийн ерөнхий найруулагчаар ажилласан  “Ghost” киногоо нээлээ. Дууны найруулагчаас, ерөнхий найруулагчаар ажиллахад ямар мэдрэмж төрөв? 
-Киноны өөр төрөлд хүч сорьж их зүйл сурч, туршлага хуримтлууллаа. Ерөнхий найруулагчаар ажилласан анхны уран бүтээл учраас туршлагатай, тулгуур болох хүн хэрэгтэй байсан. Тиймээс гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан ахтайгаа хамтарч ажилласан.  Кино олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг ажил. Тухайн багт ажиллаж байгаа хүмүүсийг  нэгэн цогц болгож  ажиллахад  ерөнхий найруулагчийн  удирдах ухаан  хэрэгтэй. Тэгэхээр мэдрэмж, ухаан шаардсан ажил. Ер нь цаашид кинонд ерөнхий найруулагчаар ажиллах бодол бий. Гэхдээ манай студи 2023 онд киноны дууны найруулгын захиалга ихтэй байгаа учраас, үүндээ илүү төвлөрч ажиллана.


-Монголд  киноны 5/1 дуугаралтыг чадварлагаар хийдэг дууны найруулагчийн нэг гэж таныг урлагийнхан үнэлдэг. 5/1 дуугаралтыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Миний хувьд 5/1дуугаралтыг 2014 оноос хойш хийж эхэлсэн. Одоо ч суралцаад л явж байна. Өөрөөр хэлбэл, 5/1 дуугаралт хийх  дамжлага нь одоо хүртэл хөгжиж байгаа гэсэн үг. Өмнө нь монгол киноны дууны салбар, хоцрогдолтой байсан. Одоо харин өөр түвшинд очсон. Монголдоо хийсэн  5/1 дуугаралттай уран бүтээлүүд дэлхийн киноны  фестивальд оролцож, гадны кино театруудад гарч байна. Харин техник тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт дээр асуудалтай, санхүү их шаарддаг. 


-Таны  хувьд 7/1, 9/1 дуугаралтыг хийх зорилго ойрын хугацаанд бий юу?
-Судалгаа хийж байна.  Ойрын хоёр жилдээ хийхээр төлөвлөж байгаа. 


-5/1 дуугаралтын онцлог нь юу вэ?
-Кинонд гарч байгаа үйл явдал, дуу чимээ, илэрхийлэмжийг хүмүүст бодит мэт хүргэх  нь 5/1 дуугаралтын онцлог. Модон дотор сууж байлаа гэхэд салхи, шувуудын чимээ таны дэргэд байгаа мэт илүү бодит  байх ёстой. Монголд кино театруудад нээлтээ хийх кино заавал 5/1 дуугаралттай байх ёстой гэсэн стандарт тавьсан. Миний хувьд  энэ дуугаралтыг анх хийсэн нь “Фантастик” продакшны “Хар сувдны нууц” кино байсан.


-Киног дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Дууны найруулагч мэргэжлийн  ажлын онцлог  нь гэвэл та юуг нэрлэх вэ?
-Дууны найруулагчид тухайн дүрийн ярианаас гадна үйлдлийн  түвшинд хүрч ажилладаг. Тухайн дүр сууж эсвэл алхаж байвал ямар шалан дээр алхаж байна гэдгийг хүртэл  харж ажиллана гэсэн үг. Сүүлийн үед олон улсад Монголын уран бүтээлчдийн хийсэн кинонууд  их зарагдаж  байна. Гадны компаниуд хөгжим, техт, шуум тусдаа байх шаардлага тавьдаг. Тиймээс энэ салбар  руу илүү түлхэц өгч,  Монгол кино үйлдвэртэй хамтран “Авиа” студийнхээ салбар “Полли” студи байгуулж ажиллаж байна.


-Сургуулиа төгсөөд “Авиа” студийг байгуулж ажлынхаа гарааг эхэлсэн. Шинэхэн төгсөгчийн хувьд их л зоригтой алхам хийж дээ? 
-Анх М.Болд багш маань “Авиа” гэдэг нэрийг өгч байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн учир итгэл хүлээлгэж, киноныхоо дууны найруулагчаар ажиллуулах хүн цөөхөн. Тиймээс өөрөө, уран бүтээлчдэд хамтарч ажиллах санал тавьдаг байсан. Ингэж л анх ажлынхаа гарааг эхлүүлсэн дээ. Сургуулиа дөнгөж төгссөн хүүхдэд киноныхоо амин сүнс болох дууг хариуцуулна гэдэг их итгэлцэл шүү дээ. Миний хувьд анх “Богд хаан I”, П.Дэлгэрбаяр найруулагчийн “Дурлалын гэмт хэрэг” кинонд бие дааж дууны найруулагчаар ажилласан. Дууны найруулагч бол телевиз, кино, театр  гээд олон салбарт ажиллах боломжтой өргөн цар хүрээтэй мэргэжил. Тиймээс энэ мэргэжлээр сураад, зорилгоо болгоод ажиллах залууст манай студи нээлттэй шүү. 


-Анх дууны найруулагчаар ажилласан киногоо үзэхэд сандрал, догдлол дүүрэн байсан байх даа?
-Анх их сандарч, догдолсон. Кино нээсний дараа туршлагатай ах, эгч нар үргэлж алдаа оноог минь хэлж, зөвлөдөг байсан. Одоо өмнө нь ажиллаж байсан кинонуудаа үзээд тэр үед хэлж байсан хүмүүсийн зөвлөгөөг өөрөө олж хардаг болсон. Дууны найруулга бол техниктэй холбоотой урлаг. Тиймээс өнөөдрийн техник технологийн хурдацтай хөгжил, илүү  ихийг хийх боломжийг бидэнд нээж өгч байна. Монголын  кино урлаг, телевизэд хамгийн дутмаг байгаа мэргэжлийн нэг нь дууны найруулагч. 


-Дууны найруулагч хэмээх  том салбарт хэрхэн анх хөл тавьж байв?
-Би 1989 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Есөнзүйл суманд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, оюутан болохоор Улаанбаатарыг зорьж байлаа. Тухайн үед манай хамаатны эгч Монгол кино үйлдвэрт хальсны монтажчинаар ажилладаг байсан юм. Эгч маань намайг Кино урлагийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Солонго гэдэг хүнтэй уулзуулсан. Миний мэргэжлийг сонгож өгөхөөр явж буй нь тэр. Тэр үед Ж.Солонго захирал “Манай сургууль дууны  найруулагч мэргэжлээр элсэлт авч байгаа. Багш нь М.Болд гэж хүн бий. Ирээдүйтэй мэргэжил шүү” гэж зөвлөсөн. Тэгсэн ээж  ч “Энэ том сургуулийн захирал, бас эгч чинь зөвлөж байгаа болохоор дууны найруулагч мэргэжлээр сурах юм уу” гэсэн. Миний хувьд зураглаач, найруулагч  болох битүүхэн хүсэлтэй байсан учир эхэндээ бага зэрэг эргэлзсэн. Гэхдээ ээжийнхээ үгнээс гарахгүй шүү дээ. Ингэж 2007 онд Кино урлагийн дээд сургуульд элсэж ороод, 2011 онд дуу чимээний технологич буюу дууны найруулагч  мэргэжлээр төгссөн. Ээж минь намайг сургуулиа төгсдөг жил бурхан болсон. Би ээжийгээ хүүгийнхээ амьдралын замыг засаж, чиглүүлж өгөөд буцаж дээ гэж боддог. Тиймээс дууны найруулагч мэргэжлийг  эзэмшсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй. 


-Мэргэжлийн чадварыг М.Болд багшаасаа суралцсан байх. Багш тань ямар арга барилаар зааж сургадаг байсан бэ?
-Дууны найруулагч гэж ямар мэргэжил болохыг мэдэхгүй, төсөөлөл ч байхгүй  М.Болд багшийнхаа шавь болсон. Манай анги анх 24 хүүхэдтэй байсан ч  долоо нь л төгссөн. Багшийн хичээлээ зааж байгаа арга барил нь их өгөөжтэй. Техник, технологид илүү суурилж, хичээлээ заадаг. Хоёрдугаар дамжаанаас кинонд туслах дууны найруулагчаар ажиллуулж, дадлага хийлгэсэн. Энэ нь зөв арга барил гэж боддог. Хэрэв оюутны дөрвөн жил зөвхөн онолын хичээл ороод төгсгөсөн бол ажлын байранд гараад техник, технологи ямар байдгийг мэдэхгүй шүү дээ.  Би хүүхэд байхаасаа кино үзэх дуртай байсан. Оюутан байхдаа кино хэрхэн бүтэж байгааг дэргэдээс нь  харж, мэдэрсэн нь мэргэжилдээ илүү татагдах, дуртай болгох хөшүүрэг болсон. Мөн кинонд ажиллаж олон найз нөхөд, ах эгч нартай  танилцаж, тэднээс суралцах нь сайхан санагддаг байлаа. Ер  нь Монгол кино үйлдвэрт оюутан цагийн ихэнх хугацаа өнгөрсөн гэж хэлж болно. Оюутан байхдаа “Төрийн дайсан”,  “Гоёлын даашинзтай бүсгүй” гэсэн 10 гаруй кинонд туслахаар ажилласан байдаг. М.Болд багшийн  шавь нар ихэнх нь кино, телевизэд дууны найруулагчаар ажиллаж байна. 


-Дүү О.Пүрэв чинь ахыгаа дагаад энэ салбарт орсон гэсэн үү?
-Сургуулиа төгссөнийхөө дараа  төрсөн дүү О.Пүрэвийг  өөрийн шавь болгосон. Дүү маань  өөрөө дууны найруулагч мэргэжилд их дуртай.Тиймээс нэгэн зорилгын  төлөө хамтдаа энэ том салбарт ажиллаж байна. Киноныхон дүүг маань Ука гэдэг. Дүү маань  бүүм оператораар  ажилладаг. Энэ нь зургийн талбай дээрх хүмүүсийн яриа, дуу чимээ  гээд бүгдийг аудио хэлбэрээр бичнэ гэсэн үг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. Баасан ГАРАГ. № 154 (6886)