Москва дахь Дорно дахины урлагийн улсын музейн цуглуулгад зохиолч Максим Горькийн өвөөс Кажарын үеийн дөрвөн зураг нэмэгдсэн гэж музейн хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг иш татжээ. Эдгээр зургийг наймдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 27-ны хооронд "Дорно дахины урлагийн музейн цуглуулгад нэмэгдсэн Кажарын үеийн мольберт зургууд" үзэсгэлэнгийн хүрээнд дэлгэн үзүүлэх аж. 
Музейн ерөнхий захирал Александр Седов хэлэхдээ, ийм өндөр урлагийн чанартай, гайхалтай хадгалалт сайтай, төгс гарал үүсэлтэй зургууд өдөр бүр гарч ирдэггүйг онцолсон байна. 
Зохиолч Максим Горькийн 1920, 1930-аад онд Москва дахь Ираны элчин сайдын яамны худалдаанаас авсан эдгээр зургууд нь Малая Никитская гудамжин дахь түүний гэрт хадгалж байгаад дараа нь зохиолчийн гэр бүлийнхэнд уламжлан үлдээжээ. Цуглуулгын хамгийн эртний бүтээл болох "Залуу хос" нь 18, 19 дүгээр зууны эхэн үед хамаарах бөгөөд тухайн үед ховор сэдэв болох үнэнч бус амрагийн "шийтгэл"-ийг илэрхийлснээрээ алдартай. 
"19 дүгээр зууны эхний арван жилд хамаарах өөр хоёр зургийн гол сэдэв нь “Үзэсгэлэнт бүсгүйчүүд”-ийн дүрслэн харуулсан байна. Дөрөв дэх зураг болох "Афрасиабын ордон дахь Сиавуш" нь хожим үеийнх юм. Музейн мэргэжилтнүүд үүнийг "кофены газрын зураг" гэж ангилсан бөгөөд эдгээр бүтээлүүд нь олон нийтийн тоглолтын үеэр туульс болон шашны үлгэр домог өгүүлдэг үлгэрч, уншигчдад зориулсан дэвсгэр зураг болж өгдөг байжээ.
Удахгүй олон нийтэд дэлгэх үзэсгэлэнд мөн тус музейн сан хөмрөг дэх  19 дүгээр зууны Ираны уран зургийн цуглуулга, мөн Горькийг урлагийн мэргэжилтэн гэдгийг танилцуулсан дэлгэрэнгүй тайлбарууд орж ирж байгаа аж. Үзэсгэлэн дууссаны дараа бүтээлүүдийг сэргээн засварлаж, дараа нь Ираны урлагийн байнгын цуглуулгын хүрээнд дэлгэн үзүүлэх болно гэж Дорно дахины урлагийн музейгээс мэдээлжээ. 

Эх сурвалж: zms.mn