Б.АЛТАНГЭРЭЛ

 

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяаг урилаа. Тэрбээр анх удаа 2020 оны Токиогийн олимпод эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ.  

 

-Таныг монголчууд пара таек­вондогийн төрлөөр анх удаа олим­пийн наадамд оролцсон тамирчин гэж мэддэг. Та өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач? 


-Намайг Хүрэлбаатарын Энхтуяа гэдэг. 32 настай, Токиогийн олимпод анх удаа эх орноо төлөөлж оролцсон. Одоогоор үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороонд харьяалагдаж байна. Анхны олимпдоо шагналт долдугаар байрт орсондоо баяртай байна. Миний хувьд Монголын хамгийн анхны пара таеквондогийн ДАШТ-ий иж бүрэн медальтай тамирчин. Энэ амжилтаараа үргэлж бахархдаг. Мөн Азийн дөрвөн удаагийн хошой аварга, нэг хүрэл медальтай.


-Өнгөрсөн сард Болгарт болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.  Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?


-Болгар улсад болсон пара таеквондогийн Гранпри тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Өрсөлдөгчдийн хувьд олимпод өрсөлдөж байсан тамирчидтайгаа таарсан. Мөн энэ тэмцээнд оролцсоноор манай салбарт шинэ үе гарч  байгааг мэдэрлээ. Учир нь өөрөөсөө 16 насаар дүү, залуу үеийн тамирчидтай өрсөлдсөн. Үнэхээр сэтгэл  хангалуун байна. Илүү ихийг сурч, эрч хүч авсан сайхан тэмцээн болж өндөрлөсөн.

 


-Та яагаад таеквондогоор хичээллэх болсон бэ. Юу нь таны сэтгэлийг татсан юм бол?


-Анх долоон жилийн өмнөөс энэ спортыг мэддэг болсон. Таеквондогийн багш, шүүгч залуутай танилцсан минь энэ спортод орох шалтгаан болсон. Эхэндээ таеквондог сонирхоогүй. Надад мөнгө, эрх мэдэл, алдар гавьяа хэрэггүй. Би 13 настайдаа ахуйн ослоор нэг гараа тайруулсан юм. Энэ үеэс Хүрэлбаатарын Энхтуяа гэдэг овог нэрээрээ дуудуулах ёстой байтал хүмүүс Хүрэлбаатар ахын гаргүй охин гэх болсон. Энэ нь надад эмзэг санагдаагүй ч надаас болж хүүхдийг минь гоочлох вий гэхээс айдаг байсан. Гэтэл энэ спортод орох санал тавьсан хүн “Чи олимпийн аварга болоход хүүхдийг чинь хүмүүс олимпийн аваргын хүүхэд гэж дуудна. Чи үүнийг хүсэхгүй байна уу” гэж хэлсэн нь намайг энэ спортод эргэлт буцалтгүй хөтлөх хамгийн том хүч болж өгсөн. Би энэ зорилгынхоо төлөө л явж байгаа. Токиогийн наадамд санасандаа хүрч чадаагүй ч олон жил хичээсэн зүтгэлээ хаяагүй. Би хүүдээ худал хэлж болохгүй. Ээж нь олимпийн аварга болно гэж амласан болохоор надад ухрах зам байхгүй. 

 


-Өнгөрсөн олимп танд юу сургасан бэ. Мэдээж сайн туршлага хуримтлуулсан байх?


-Олимп зүгээр нэг тэмцээн байгаагүй. Амьдралын минь философи хүртэл өргөжсөн. Токиогийн олимп намайг боловсроогүй байгааг мэдрүүллээ. Би нэг хэсэг амжилт гаргаж чадаагүйдээ гутарч, их хэцүү байсан. Энэ үед спортын амжилт  хатуу юм байна гэдгийг л ойлгосон. Туршлага хуримтлуулсан, гаргасан алдаагаа дараагийн олимпод гаргахгүйн төлөө хичээж байна. Анхны олимп байсан учир сэтгэл санаа тогтворгүй, сандралтай байсан минь нөлөөлсөн байх. Тиймээс ирэх олимпод сэтгэл зүйгээ сайн бэлдэнэ. 

 


-Та Монголын эмэгтэй таеквондогийн амжилтын анхдагч боллоо? 


-Би парагийн эмэгтэй тамирчин гэдгээрээ овоглох дуртай. Харин олимпийн үеэр намайг эмзэглүүлсэн нэг асуудал нь паралимпийн наадмыг телевизүүд шууд дамжуулаагүй. Тэр мэдрэмжийг аваад үнэхээр гутарсан. “Бид юуны төлөө явсан юм бэ, ийм үнэ цэнгүй байх гэж” гэж бодсон. Пара спортын амжилт гэдэг хямдхан, амархан биш. Миний таеквондогийн анхдагч пара тамирчин байх хамаагүй. Монголын таеквондогийн спортыг түүчээлж, дэлгэрүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа тамирчин. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 оны Долдугаар сарын 7. ПҮРЭВ гараг. № 133 (6865)