С.УЯНГА

 

Баруун монгол түмний өв соёлын гал голомт болсон олон угсаатны өлгий нутагт энэ зуны хамгийн том цугларалт болов. Playtime-аас ялгаатай нь залуус бүтэн өдөржин оюунлаг ертөнцөөр аялахаар биед эвтэйхэн хувцсаа өмсөөд, зураг авч, бичлэг хийж стори оруулах бэлтгэлээ хангаж power bank цүнхлээд иржээ. Мөн танилын хүрээгээ тэлэх боломжийг алдахгүйн тулд нэрийн хуудсаа ч мартсангүй.  Хэн нэгний утас дуугарч чанга ярих нь битгий хэл завсарлагаанаар ч сууд­лаасаа босохгүйгээр амьсгал даран сонссон бүтэн өдрийн арга хэм­жээ­ний үеэр ийм дүр зураг мэдэрч суув.

 

ХАГАС МЯНГАН КМ ТУУЛЖ “ЮМ” СОНССОН ЗАЛУУС

Алс баруун хязгаар Ховд аймгийн хөгжимт драмын театрт TED буюу дэлхийн оюунлаг тайзыг зассан нь олон залууст нүүр хагарах, яриа дэлгэх, нөхөрлөх, хамтдаа хөгжих боломжийг нээж өгөв. Үүний ганцхан жишээ бол үзэгчдийн хэсэгт  гуравдугаар эгнээнд зэрэгцэн суусан миний “хөрш” Б.Цог­бадрах юм. Алтай сумаас  тавуулаа хоёр талдаа 600 гаруй км зам туулан гоё “юм” сонсохоор аймгийн төвийг зорьж ирсэн нь энэ.Тэрбээр хувиараа бизнес эрхэлдэг. Сумынхаа дөрвөн оюутантай санаа нийлж зардал мөнгөө гаргаад иржээ. Б.Цогтбадрах бидэнд ярихдаа “Дэлхийн чиг хандлага хаашаа явж буйг мэдэхийн тулд олон хоногийн өмнөөс зорьж төлөвлөж ирлээ. Илтгэлийг сонсоод Ховдын брэнд бүтээгдэхүүн гаргах санаа төрж байна. Хамгийн гол нь хоёр хүүхдэдээ сайн боловсрол л эзэмшүүлэх ёстой гэдгийг ойлголоо” гэж байна. Дараагийн эчнээ танил маань Мөст сумын Цэцэг багийн малчин бүсгүй Н.Нэргүй. Мөстийнхөн 400 гаруй км зам туулаад есүүлээ ирж. Гэр бүлийнхээ хүнтэй хөдөөний буцалсан их ажлаасаа  хоёр өдрийн “чөлөө” аваад ирсэн талаараа “Илтгэлээ дуусгаад шууд сум руу гарна. Залуучуудын хөдөлмөрч, эх оронч байдлыг хараад бахархаж байна. Сумандаа очоод зуны турш ярих сэдэвтэй боллоо. Заавал гадаадад сурч чадахгүй ч малчдад ямар боломж, зах зээл байгааг сонсоод сумандаа сайхан амьдрах итгэл,урам  зориг авлаа” хэмээн бид цөөн хором яриа дэлгэв. Мөн элсэлтийн шалгалтаа өгч мэргэжлээ сонгохоор сэтгэл догдлон яваа, их сургуулиа төгсөөд гадаадад боловсрол эзэмших чин хүсэлдээ хөтлөгдсөн хэдэн зуун залуу нэг танхимд тохой залган суув. Тиймдээ ч ховдчуудын энэ зуны трэнд, дараа жилийн өдийг хүртэл “амьсгалах” арга хэмжээ энэ цугларалт байлаа. Тэд хүссэн асуултдаа хариулт авч зарим нь урам зориг, баяр бахдал дүүрэн харьсан бол нөгөө хэсэг нь бодож тунгааж, өөрийгөө илүү их хурцалсан нь лавтай. Ямартаа ч салбар бүрийн манлайлагчдын гайхалтай түүх, мөрөөдөлдөө хүрэх аяллын туршлага бүгдэд нь итгэл найдвар өгчээ. Тэгвэл уншигчдын төсөөлж байгаачлан хүлээлтээс давж сэтгэсэн TEDxKhovd  тайзан дээр “оч” асаасан гайхалтай түүхээс бид хуваалцах болно.

Салбартаа хэн тод байна түүнд TEDx-ийн тайз хөшгөө нээдэг. Ман­лайлагчид үнэ цэнтэй шилдэг санаагаа танилцуулдаг платформыг дэлхийн сая сая хүнд түгээх гүүр болсон TED тайзыг, шилдэг арван илтгэгчийн хамт нийслэлээс мянган бээрийн цаана олон ястны өлгий нутаг, алс баруун хязгаарт авч очих санаачлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал гаргажээ. Дэд  сайд нээлтийн үеэр байнга суралцаж, хөгжиж, тэмүүлж байгаа залууст жил бүр TED-ээр дамжуулж оюуны хөрөнгө оруулалт хийхээ амласан юм.

 

О.Батнайрамдал: ДЭЛХИЙН ОЮУНЛАГ ТАЙЗЫГ ТӨРСӨН НУТАГТАА АВЧРАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ

-Миний хувьд өмнө нь гурван удаа TEDx-д илтгэл тавьж байлаа. Тэр болгондоо л залууст шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой дэлхийн хэмжээний арга хэмжээг төрсөн нутагтаа зохион байгуулах зорилго тавьж байсан. Ховдынхоо залууст үнэ цэнтэй санаа хуваалцахыг хүсч TEDxKhovd-ыг зохион байгуулахаар сэтгэл шулуудаж лицензийг нь хөөцөлдөж эхэлсэн. Сүүлийн жил хагасын хугацаанд лиценз авах, илтгэгчид, хамтарч ажиллах багаа олох, санхүүжилт босгохоор ажилласны эцэст зорилгодоо хүрч албан ёсны зөвшөөрөлтэйгөөр  TEDxKhovd-ыг толилуулж чадлаа. Энэ бүгд сайн дурын хичээл зүтгэл дээр явж ирсэн. 

TEDxKhovd нэг ч гэсэн хүүхдийн харах өнцгийг өөрчилж, мөрөөдөлдөө хүрэх итгэл үнэмшлийг төрүүлсэн байх. Энэ л хамгийн үнэ цэнтэй. Илтгэгчдийн бичлэгийг TEDx рүү явуулна. Тэдний албан ёсны youtube хаягаар Англи хадмал орчуулгатайгаар дэлхий дахинд нээлттэй хүрэх болно. TEDx ямар ч  улс төрийн агуулгагүй. Цэвэр оюуны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа элдэв намын харьяалал хамаарахгүйгээр залуучууд сайн дураараа нэгдэж ажилласан. Илтгэгчдэдээ эрэгтэй, эмэгтэй төлөөллийг тэнцүү авч үзэх, олон ястны өлгий нутаг учраас торгууд, казах залуусыг мөн сонгосон. Илтгэлийн сэдвийн хувьд ч олон талын мэдлэг, мэдээлэл, санааг хүргэхийг зорилоо. Залууст урам зориг өгөх оюуны хөрөнгө оруулалтыг зөвхөн мөнгө төлсөн хүн нь сонсох биш сонирхсон бүх хүнд нээлттэй байлгахын тулд ямар ч үнэ төлбөргүй хийсэн. Цаашид нутгийнхаа залуусын хөгжил, боловсролд хувь нэмэр оруулах өгөөжтэй арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах болно. Боломжийг бусадтай хуваалцах зорилгоо ажил болголоо. Илтгэгчдийн маань үнэ цэнтэй санаа, амжилтын түүхүүд Ховд нутгийн залуусын оюунд оч болон хүрсэн гэдэгт итгэлтэй байна.

10 гайхалтай илтгэгч, арга хэмжээний зохион байгуулалтын багийн залуус, дэмжигч байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

 

МАЛЧНЫ ХОТНООС ДЭЛХИЙН МЭРГЭШСЭН САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

-Люксембургийн их сургуулийн төгсөгч, олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч /CFA/ Б.Хулан малчин болон дэлхийн санхүүгийн төвд мэргэшсэн шинжээч байхын төстэй талуудыг сонирхолтой шийдлээр танилцуулсан юм. Амьдралаа олон ангит киногоор төсөөлбөл хамгийн сонирхолтой, адармаатай, сорилттой аялал нь намайг 12 настайгаас эхэлсэн гэж тэр яриагаа эхлэв.

-Намайг 12 настай байхад манайх хөдөө гарч мал малласан. Найзууд амралтаараа олон янзын дугуйланд сурдаг бол би хонь хариулж, ямаа сааж, цагаан идээ хийдэг байлаа. Ингэж явсаар их сургуульдаа орж бусад залуусын адил өндөр хөгжилтэй оронд суралцахыг мөрөөдсөн. Олон жилийн маш их хичээл зүтгэлийн дараа миний мөрөөдөл 2013 онд биелэлээ олж Люксембургийн Засгийн газрын тэтгэлгээр банк санхүүгийн магистр хамгаалахаар Европыг зорьсон юм. Анхандаа хөдөөний малчин гэдгээсээ санаа зовдог байсан бол цоо шинэ орчинд очоод монгол ахуй соёлоо огт өөр нүдээр хардаг болсон. Малчин ахуй маш их сахилга бат, тэсвэр тэвчээр, шантаршгүй байдал шаарддаг. Энэ байдал хөрөнгө оруулалт дээр ч адил. Сайн хөрөнгө оруулалт хийхийн тулд хамгийн ухаантай нь байх хэрэггүй. Харин сахилга баттай нь байх хэрэгтэй гэсэн алдартай үг бий. Муу хөрөнгө оруулалт бол сэтгэл хөдлөл, азаа турших  юм. Мал маллах болон хөрөнгө оруулалт хоёулаа тодорхойгүй байдал, эрсдэл дагуулдаг. Яг үнэндээ арав болон хоёр давхраас үсрэхэд хоёр давхар нь илүү эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй байх тусам маш сайн төлөвлөдөг учраас тэр.

Малчин ахуйд тунгаан бодох, төвлөрөх, бясалгал хийх ухаан цаанаасаа өгөгдсөн байдаг юм билээ. Хамгийн чухал нь мэдэхгүй чадахгүй зүйлээ сурах арга барилаа  суулгачихвал бүх зүйлийн ард гарч чадна. Хүссэн бүх зүйлээ өөрийн болгож чадах эрдэм бол сурах үйл юм. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Сурах зүйлээ сааль гэж үзэх юм бол сурах арга барил сав нь юм шүү.

 

НЬЮ-ЙОРКИЙН ХУУЛЬЧ БОЛСОН НЬ

-Харвардын их сургуулийн төгсөгч “Davis polk” хуулийн фирмийн хуульч Э.Мэндтүвшин дэлхийн нэр хүндтэй сургуульд суралцаж, томоохон компаниудад ажилладаг хүмүүс биднээс юугаараа илүү юм бэ гэдэгт хариулт өгсөн сонирхолтой эрэл хайгуул хийжээ. Тэрбээр зорилго, мөрөөдлөө тодорхойлж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал хүссэн оргилдоо хүрч чадахыг өөрийн биеэр үлгэрлэн харууллаа.  

-Би Нью-Йоркийн хуульч болохыг мөрөөддөг байлаа. Зорилгодоо хүрэхийн тулд Ховдоос Улаанбаатарт дараа нь Бээжингийн хуулийн сургуульд орсон. Гэтэл Хятадад гадаад оюутнууд сонгон шалгаруулалтад орж хуульч болох эрхгүй байсан нь миний боломжийг булааж, хуулийн карьер дуусч байгаа мэт мэдрэмж төрсөн. Тэгээд өөрөөсөө “Одоо яах вэ” гэж асуулаа. Гарц гаргалгаа хайж интернэтэд хайлт хийж байхдаа Нью-Йоркийн хуульч болох талаар олж мэдээд зорилгоо тодорхойлсон. 18 настай оюутан хичээлдээ шамдахаас гадна Англи хэлний мэтгэлцээний төвд явж сүүлдээ сургуулиа төлөөлж олон улсын тэмцээнд оролцож багагүй амжилт гаргасан. Тэр үед Хонконгийн их сургуульд оюутан солилцоогоор сурахаар материалаа өгч тэнцэж, өмнөх туршлагадаа үндэслэн мэтгэлцээнийх нь багт орж чадсанаар Макао, Сингапур, Малайз, Тайванаар явж тэмцээнд оролцдог боллоо. Ингээд нэг мэдэхэд маш завгүй болсон байлаа. Хичээлийн амралт болгоноор дадлага хийхээр 30-40 газар руу мэйл бичиж бүгд л “үгүй” гэсэн хариу өгнө. Гэхдээ тууштай явсны эцэст боломж олдож 5-6 газар дадлага хийж чадсан. Зорилгодоо бага ч гэсэн ойртохын тулд АНУ-д сурах хүсэлт явуулах болгонд бас л “үгүй” гэсэн хариулт ирдэг байлаа. Энэ бүхний эцэст шантрахгүй байсаар нэг л өдөр зөвшөөрсөн хариу авч, дахин дахин хичээсээр өнөөдөр Нью-Йоркийн хуульч болсон. Шантрах мэдрэмж төрвөл туулж ирсэн замаа эргээд нэг хараарай. Хамгийн гол нь урам зориг, эрч хүч авдаг зүйлээ олж аваарай. Танд зорилгыг тань байнга сануулах болно.

 

Яагаад болохгүй гэж: ХАРВАРДЫН ДАРВУУЛТ ЗАВИНЫ БАГИЙН АХЛАГЧ МОНГОЛ ОХИН

-Харвардын их сургуулийн төгсөгч МУИС-ийн зочин судлаач Ж.Номин-Эрдэнэ алс хол АНУ-аас Ховд хотыг зорьж очив. Түүний түүх залуусын дунд ёстой л цахиур хагалсан илтгэл болсон юм. "Далай тэнгисээс хол хуурай газрын монгол охин Харвардын их сургуулийн дарвуулт завины багийн ахлагч болжээ" гэсэн нийтлэл 2017 онд АНУ-ын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгджээ. Энэхүү гайхалтай түүхийн гол баатартай Ховдын залуус уулзаж, түүхийг нь сонсох боломж тохиов.

-Манай гэр бүл намайг таван настай байхад АНУ-ын Миссури муж руу нүүсэн учраас эрдэнэшиш тариалдаг хөдөө газар өссөн. Дунд сургуульдаа сонинд редактораар ажилладаг байсан учраас сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Арван жилдээ маш олон сургуульд материалаа явуулсаар эцэст нь Харвардаас урилга ирсэн. Ингээд 2013 онд Харвардын оюутан болж очоод найзтайгаа дарвуулт завины багийн бэлтгэлд анх удаа санамсаргүй байдлаар оролцсон. Багийнхан долоо хоногт 30 цаг бэлтгэл хийдэг бол би уснаас айдаг, хүйтэн өдөр чөлөө авч сонирхогч маягаар эхний жил явлаа. Дарвуулт завийг удирдахад багийн ажлаас гадна маш их хөдөлмөр шаарддаг. Гэтэл би ус руу унахгүй л бол амжилт гэж бодож залбирдаг байсан. Хоёр дахь жилд шийдвэр гаргах мөч ирсэн. Нэр хүндтэй сонинд өндөр цалинтай редактор хийх, эсвэл маш эрсдэлтэй ямар ч туршлагагүй дарвуулт завиа сонгох салаа замын уулзвар дээр ирсэн. Тэгээд саадтай замаар явж үзэхийг хүссэн. Сонины ажил бол дунд сургуулиасаа хийсэн учраас миний хамгийн сайн чадах зүйл байв. Харин саадтай зам сонгосны ачаар олон тэмцээнд амжилттай оролцсон туршлагатай, багийн ахлагч болсон. Багийн ахлагчийн сонгуульд  нэр дэвшихдээ ч туршлага, удирдах чадвартаа эргэлзсэн. Гэхдээ айдсаараа шийдвэр гаргахыг хүсэхгүйгээр яагаад болохгүй гэж бодсон нь надад ялалт авчирсан. Анхнаасаа юу ч чадахгүй ч хичээсэн учраас бусдыг ойлгоно гэж бодож намайг сонгосон юм билээ. Ингэж миний сул тал давуу тал болсон. Одоо ч гэсэн Харвардын дарвуулт завины багийн ахлагч уснаас айдаг юм билээ гэж ярьдаг. Сэтгүүлч надаас “Одоо айдас чинь дарагдсан уу” гэж асуудаг. Тэр үед би “Уснаасаа айдаг хэвээрээ” гэж үнэнээ хэлдэг.  Хамгийн гол нь би чадах болов уу гэхээс илүү яагаад болохгүй гэж хэмээн бодоорой. 

 

TEDxKhovd-ын ТРЭНД ЭШЛЭЛҮҮД

 

Дэлхийн 150 гаруй орны 3000 гаруй хотод нэгэн зэрэг зохион байгуулагддаг TEDx тайзан дээр Next Gen уриалгын дор шилдэг арван илтгэгч үнэ цэнтэй санаа, сонирхолтой түүх туршлага басхүү алдаа оноо, сургамжаа ч хуваалцав. Тэдэн дунд Колумбын их сургуулийн төгсөгч, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа “Мөрөөдөлд хүргэх багийн ажиллагаа”, Харвардын их сургуулийн төгсөгч /PhD/ УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Амьдрал жаргал миний өнцөг”, МУБИС, Японы Акита их сургуулийн төгсөгч, МУБИС, Нагояа хамтарсан  Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн судлаач К.Асел “Хэл соёлын амин чанар болох нь”, Бүжин брэндийн үүсгэн байгуулагч, бэлчээр тэжээл судлаач, газар тариалан эрхлэгч Ж.Энхзаяа  “Нутагтаа хэрхэн гарааны бизнес эхлүүлэх вэ”, Оксфордын их сургуулийн төгсөгч, TomYo EdTech компанийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Эрдэнэ “Сорилт бүрээс шинийг”, “МоЭнКо” компанийн Чанарын албаны менежер, ерөнхий геологич, мэргэшсэн инженер Г.Будмэнд “Бусдаас суралцах нь”,  Японы олон улсын гадаад худалдааны коллежийн төгсөгч, “Торгууд” брэндийн үүсгэн байгуулагч М.Мөнхбат “Мөрөөдөлдөө хүрэх аялал” сэдвээр гайхалтай түүх ярьсан юм. Эрхэм илтгэгчдийн трэнд эшлэлээс хүргэе.

 

-Бүх зүйл амархан байхгүй ч мөрөөдлийнхөө төлөө ядрах мэдрэмж хамгийн гоё.
-Амьдралд саадтай, төөрч будилах зам олон тааралдана. Хамгийн хэцүүгээр нь алхаад үзээрэй. 
-Бэрхшээлийн өмнө бэлэн байх боломжгүй. Харин нүүр тул.
-Сорилт болгон шинэ боломж авчирдаг.
-Уналаа гээд ухар, зогс гэсэн үг биш. Уналт шинэ хаалга нээдэг.
-Сурахад  суралцана, сурах арга барилаа олно гэдэг юунаас ч чухал.
-Айсан, эргэлзсэн мэдрэмжээ ялсны ард амжилт бий.
-Хэн нэгнийг туслахыг хүлээх хэрэггүй. Өөрөө гарцаа ол.
-Багаараа хичээвэл заяа хичээнэ.
-Мөрөөдлийнхөө төлөө хаана хүрэхээ биш хэнтэй хамт явахаа тодорхойл.
-Амьдралд тохиолдсон хэрвээ болгоныг боломж болгож ашиглаарай.
-Өөртөө эргэлзэхдээ  яагаад болохгүй гэж хэмээн бодоод үзээрэй.
-Шантрах мэдрэмж төрвөл туулж ирсэн замаа эргээд нэг хараарай.
-Жижигхэн зүйлээс ч урам авч мөрөөдлөө үргэлж ахиулж байх хэрэгтэй. Зорилгоо өөртөө өдөр болгон сануулах хэрэгтэй.

 

Ийнхүү олон угсаатны театрт дэлхийн оюунлаг арга хэмжээ амжилттай болж итгэл найдвар, урам зориг дүүрэн өндөрлөв. Эцэст нь бусдад гэрэл гэгээ түгээж, хамтдаа хөгжих боломжийг нээхийн тулд олон сараар бэлтгэсэн, зохион байгуулсан багт баяр хүргэе.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)