Токиод хамгийн халуун зун боллоо

0
хуваалцах
483
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Энэ жилийн тухайд Азийн зарим оронд хэт их бороо орж үерлэж, Европт хэт их халж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Японы Токио хотод сүүлийн 150 жилийн хугацаан дахь хамгийн халуун сар тохиож байна. Тодруулбал, тус хотод гурван өдөр дараалан 35 хэм халсан бөгөөд  мягмар гарагт 34 хэм хүрч халжээ. Энэ нь 1875 оноос хойш хамгийн халуун хэм гэдгийг цаг уурын байгууллага нь мэдээлэв. Үүнээс үүдэн өнгөрсөн амралтын өдрүүдээр 250 хүний даралт ихсэж эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын “Mainichi” сонин мэдээлэв. Харин өчигдөр есөн хүн хэт халалтаас үүдэн эмнэлэгт хэвтжээ. Тиймээс иргэд халуунд цохиулахаас сэргийлэн сэрүүн газар байхаас эхлээд шаардлагатай арга хэмжээг авахыг Засгийн газраас нь анхааруулаад байна.

Гэвч Худалдаа, аж үйлдвэрийн сайд Койчи Хагиуда “Бид эрчим хүчээ хэмнэхийг уриалсан учир зарим ахмад настан агааржуулагчаа унтрааж байна. Гэтэл агааржуулагч ашиглахгүй л бол байж суухад хэцүү үнэхээр их халж байна” гэж ярьжээ.

Уг нь жил бүрийн энэ үед Японд бороо ордог. Гэтэл ихэнх мужид борооны улирал тогтмол хугацаанаасаа 20 гаруй хоногийн өмнө дууссаныг тус улсын цаг уурын байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 127 (6859)