БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос 100 орчим км-ийн зайд орших Хуанши хот хүчтэй аадар борооны улмаас их хэмжээний үерт автжээ. 2.5 сая гаруй хүн амтай тус хотын зарим хэсэг усанд автаж, зам, дэд бүтцэд хохирол учирсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Орон нутгийн мэдээллээр, хотын ойролцоох голын усны түвшин 6.5 метрээр нэмэгдсэн нь үерийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Үер болохоос өмнө тус бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хүчтэй аадар бороо орсон байна. Мөн үерийн гамшиг БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Шиньжян-Уйгурын өөртөө засах орны зарим бүсийг хамарсан байна. Тодруулбал, Хотан тойрогт зургаан цагийн хугацаанд 64.7 мм хур тунадас орсон нь тухайн бүс нутгийн нэг жил хагасын дундаж хур тунадастай тэнцэх хэмжээ гэж тооцогдож байна. Их хэмжээний үерийн улмаас нэгэн гүүр урсан сүйдсэн бөгөөд орон нутгийн эрх баригчид нөхцөл байдлыг хяналтад авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үргэлжлүүлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр Хятадын олон бүс нутагт хэт халалт, ган гачиг болон хүчтэй аадар бороо зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэл давтамжтай тохиох болсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байна.