ЭЕШ: Түүхийн хичээлийн шалгалтад 1288 сурагч хамрагджээ

0
хуваалцах
186
үзсэн

П.АМГАЛАНБАЯР

 

Шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжлээ заавал эзэмшинэ гэж хүүхдүүдийн яриа чихнээ сонсогдлоо. Хүсэл мөрөөдөл, ирээдүйн амьдралынхаа хамгийн чухал алхмыг бүтээхээр төгсөх ангийн сурагчид догдлол дүүрэн шалгалтын танхим руу  алхана. Ийнхүү өчигдөр орон даяар 10:00 цагт түүх, 14:00 цагт англи хэлний хичээлээр ЭЕШ эхэллээ. Энэ жил 36253 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 60 гаруй хувь нь орон нутгийн хүүхдүүд.

Түүхийн хичээлийн шалгалтанд 1742 хүүхэд бүртгүүлснээс 1288 нь хамрагдсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд түүхийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн ирц бүрэн дөрвөн сургууль байгаа аж. Хөдөө орон нутагт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирц бүрэн байна. Харин англи хэлний хичээлд улсын хэмжээнд 22456 хүүхэд шалгалт өгөхөөс 20284 нь өгчээ. Англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдээс бүрэн ирцтэй танхим байхгүй байна. Хамгийн өндөр ирцтэй нь Багануур дүүрэгт 257- 254 хүүхэд шалгалт өгчээ. Хөдөө орон нутагт Хөвсгөл аймгийн “Ирээдүй” сургуульд 305 хүүхэд бүртгүүлснээс 291 нь шалгалт өгч 95,41 хувьтай байна.

 

ӨНӨӨДӨР ХИМИ, ГАЗАРЗҮЙ, НИЙГЭМ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТТАЙ

 

Улсын хэмжээнд 49 шалгалтын байр бэлтгэснээс 23 нь орон нутагт байгаа аж. Нийслэлийн 22 байршилын ЭЕШ-ын төвд 2800 орчим багш, ажилтан ажиллаж байна.Өнөөдөр хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт үргэлжлэх юм. Зургаадугаар сарын 25-нд биологи, математик 26-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлийн шалгалтыг авна. Шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө. Төгсөх ангийн сурагчдын 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн ухааны хичээлийг, үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэлийг сонгожээ.

 

СУРАГЧИД ШАЛГАЛТЫН ОНООГОО ХАРААД ТАНХИМААС ГАРАХ БОЛОМЖТОЙ

 

Энэ жил шалгалт дууссанаас 10 минутын дараа материалыг тусгай тест засагч машинаар уншуулж, сурагчид дүн оноогоо мэдэж шалгалтын танхимаас гарах боломжтой болжээ. Улсын хэмжээнд бэлтгэсэн 49 шалгалтын байрны нэгдсэн бүх дүнг БҮТ-ийн төвийн жагсаалтад тухайн өдөрт нь багтааж, олон нийтэд нээлттэйгээр мэдээллэж ажиллана. Дүн оноог  олон улсын үнэлгээний аргачлалаар тооцож гаргах юм. Мөн энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь  батламж хуудсыг цахим болгосон талаар  БҮТ-ийн захирал Л.Ганбат хэллээ. Харин энэ сарын 28-нд буюу улсын хэмжээнд ЭЕШ дууссаны дараа хүүхдүүд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас шалгалтын дүн, онооны батламж хуудсаа хэвлэж авах боломжтой. Мөн “Е-mongolia" систем, ТҮЦ машинд батламж хуудсыг цахимаар байршуулах учраас  сурагчид хаанаас хэвлэж авах боломж бүрдэж байгаа юм.

Мөн Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай журам баталсан. Үүний хүрээнд олон улсын шалгалтыг өгсөн сурагчид ЭЕШ өгөхгүйгээр тухайн шалгалтын дүн оноогоо дүйцүүлж, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой. Тодруулбал, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой юм.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН  ШАЛГАЛТАД 27 СУРАГЧ ХАМРАГДЖЭЭ

 

Өвөрхангай аймагт  давхардсан тоогоор 1209 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тус аймагт түүхийн хичээлийн  шалгалтад 27, англи хэлээр  539 сурагч шалгалт өгсөн байна. Өнөөдөр хими, газарзүй, нийгэм судлалын хичээлээр 899, зурагдугаар сарын 25-нд биологи, математикийн хичээлээр 1030, 26-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлээр 699 сурагч шалгалт өгнө. Мөн шалгалтын байранд дөрвөн сэтгэлзүйч ажиллаж, хүүхдүүдэд зөвлөгөө өгч байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 124 (6856)