Р.Оюун
Юнител групп, МИАТ компанийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр МИАТ-ийн нислэгийн тасалбарыг Токи апплейкшнаар авч, зээлээр төлөх боломж бүрдэж байна. Юнител группийн дижитал экосистемийн суурь болсон Токи апп өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнүүдийг багтаасан лайфстайл супер апп гэдгийг хэрэглэгчид мэддэг болсон. Одоогоор 60 гаруй үйлчилгээг нэг дор багтааж, нэг сая гаруй хүн өдөр тутам ашиглаж өөрт хэрэгтэй үйлчилгээгээ Tокигоос авч цаг заваа хэмнэж байгаа. MИAT-тай хамтарснаар гадаад руу аялахаар төлөвлөсөн хэрэглэгчид найдвартай авиа компанийн нислэгийн тасалбарыг өөрийн хэрэглэж дадсан аппликейшнаасаа хялбараар захиалах боломжийг бүрдүүлэхийг зорьж шинэ үйлчилгээгээ нэвтрүүлжээ.
Энэ талаар Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “МИАТ компанитай хамтраад хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ санамж бичиг, гэрээний хүрээнд хоёр компани хоорондоо хэрэглэгчиддээ илүү хүрч үйлчлэх, өргөн боломж олгох, үйлчилгээг сайжруулахад хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд Токи апплейкшнаар дамжуулаад МИАТ компанийн олон улсын тасалбарыг захиалж авах, шаардлагатай үед зээлээр авах гэсэн өргөн боломжоор хамтарч ажиллахаар болж байна. Цаашид хоёр компани энэ чиглэлээр нэлээн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо 1.2 саяд дөхөж байгаа юм байна. Энэ үйл ажиллагаанд нь Юнител групп технологийн хамтрагч, түшиг нь байж хамтарч ажиллахаар тохиролцлоо. Токигийн онцлог нь хэрэглэгчдэд хурдан, энгийн ойлгомжтой байдлаар үйл ажиллагаа явуулдаг зарчимтай. Энэ зарчмынхаа хүрээнд энгийн, хялбар байна. Шаардлагатай хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээгээр зээлээ дараа төлбөрөөр худалдан авах боломжийг олгоно. Хэрэглэгчид асуудал гарвал хоёр компани хурдан шуурхай шийдэхээр ярилцаж байгаа” гэв.
Эх сурвалж www.zms.mn