Доржийн ОЮУНЧИМЭГ

Төв аймгийн Бүрэн сумын малчин Б.Пүрэвцэрэнгийн гуч шахам жилийн малчин амьдрал, цасан шуурганаас эхэлсэн ханийн түүх, ангийн хүргэчүүдийн хөгжилтэй нөхөрлөлийг энэ удаагийн “Амьдралын тойрог”-т онцоллоо.

 

АНГИЙН ОХИДЫГ “УУРГАЛСАН” ХҮРГЭЧҮҮЛ

Магадгүй энэ л хоёр найзын нөхөрлөлийн хамгийн үнэн зураг. Ц.Нэргүй найзыгаа магтаж урт үг хэлэхгүй. Б.Пүрэвцэрэн ч “миний сайн найз” гэж онцгойлон тодорхойлохгүй. Гэвч нэг нь мартсан дурсамжийг нөгөө нь санаж байна.

Нар уулын хаяа налмагц өдрийн бүлээн алгуурхан татран, жавар сэмхэн шургаж эхэлнэ. Гэхдээ малчны хотонд намар гэдэг зөвхөн сэрүүний нэр биш. Айрагны исгэлэн үнэр, адуу малын төвөргөөн, хол ойрын хүний сураг, өвөлжөө бууцны яриа, хааяа нэг дэмбээний цээлхэн дуу нийлж байж хөдөөгийн намар “бүтдэг”. Төв аймгийн Бүрэн сумын малчин Б.Пүрэвцэрэнгийн хотонд ч ийм л намар айлчилжээ.

“Зууны мэдээ”-гийн “Амьдралын тойрог”-ийн энэ удаагийн зочид бол Б.Пүрэвцэрэн, түүний анд Ц.Нэргүй. Нэг нутгийн үеийн залуус гэхээс илүүтэй тэд нэг ангийн хүргэчүүд. Ангийн охидыг “уургалсан” гэхэд “Бид чинь өөрсдөө уургалуулсан юм шүү” хэмээн мар мар инээлдэнэ. Хөшигийн хөндийн баруун урд зусаж буй ангийн хүргэнийх рүү цаг гаруйхан давхиад орчихов. Гэрийн эзэн ойрхон малын араас явсан байлаа. Ангийн охин Б.Дарьсүрэн зочдод айраг аягалж, хажуугаас Д.Должин үг нэмэн ангийнхны сонин хачныг хүүрнэнэ. Төд удалгүй гэрийн эзэн ч орж ирэв.

Унага татаж, гүү саах тэрхэн агшныг дуран авайд буулгах санаатай “Гүүгээ саах болоогүй юу, дүрс авч болох уу” гэж асуух зуураа Б.Пүрэвцэрэн, Ц.Нэргүй хоёртой илүү дотно танилцлаа. “Манай ангийн хүргэчүүд юм биз дээ. Хамгийн даруухан охидыг нь сорчилжээ” гэж үг хаяхад тэр дор нь хариу барьж, яггүй шооч улс гэдгээ харуулцгаав. Хуучны явдал сөхөгдөх тусам гэрийн жавар үргэнэ. Хөдөөгийн хүмүүсийн яриа ер нь шулуун. Асуултад хэт гоёчилж хариулахгүй, амьдралаа ч сүртэй томъёолохгүй. Б.Пүрэвцэрэн ч тийм хүн. Түүний амьдралыг мал, нүүдэл, гэр бүл, нутаг гэсэн хэдхэн үгэнд багтааж болох мэт. Харин тэр үгсийн цаана гуч шахам жилийн хөдөлмөр, зуд турхан, отор нүүдэл, холын зам, олон өглөө, олон шөнө бий.

 

ӨВС, УС ДАГАСАН ГУЧ ШАХАМ ЖИЛ

 

Б.Пүрэвцэрэнгийн малчин амьдрал 1990-ээд оны сүүлээс эхтэй. Тэр үеэс хойш мал дагасан он жилүүд тасралтгүй үргэлжилжээ. Малчин хүн нэг газар сууж амьдрах нь ховор. Өвс дагана, ус дагана, цагийн өнгийг ажина, өвөлжих газар бараадна. Зарим жил нутагтаа, заримдаа холын оторт гарна. Дундговийн зам дагуух нутаг, Орхон-Туул, Жаргалантын чиглэл, зүүн тийш Мөнгөнморьт, Хэнтийн зүг гээд тэднийх оторлож, өвөлжиж явсан газрын нэрс ярианд ээлжилнэ. Газрын зураг дээр хол харагдах энэ зай малчин хүнд малаа онд мэнд оруулахын төлөө туулдаг амьдралынх нь зам ажээ.

Отор нүүдлийг Б.Пүрэвцэрэн адал явдал болгож ярихгүй. Малчин хүний хийх ёстой ажлын нэг мэт энгийн хэлнэ. Гэвч гэрээ ачиж, малаа тууж, шинэ нутагт бууж, ус бэлчээр шинжин, нутгийн хүмүүстэй учирч, хаваржаа өвөлжөөгөө зохицуулах нь нэг айлын амьдралыг бүхэлд нь хөдөлгөсөн нүсэр ажил. Тэр бүхний дунд инээд хөөр ч байна, уур бухимдал ч байна, шинэ танил, шинэ сургамж ч бий. “Хүн янз бүрийн араншинтай. Гэхдээ хүн хүнтэйгээ ойлголцоно. Хүний нутагт очиж байгаа хүн ёсыг нь дагах хэрэгтэй. Нутаг усных нь хүмүүстэй танилцана, ярилцана. Ингээд явахаар олон хүнтэй танилцдаг юм” хэмээн тэр даруухнаар өгүүлэв.

Отор гэдэг дандаа зовлон биш. Шинэ газар үзнэ, шинэ хүнтэй учирна. Гэхдээ эцсийн зорилго нь нэг л зүйл — малаа онд оруулах. “Хаана өвс байна, хаана ус байна, тэнд хүрэх хэрэгтэй” гэж Б.Пүрэвцэрэн хэлнэ. Мал дагавал ам тосдоно гэдэг ч энэ зам хүнээс тэвчээр, нөхцөл байдлыг хурдан унших ухаан, бас хүнтэй эвээ олох чанарыг зэрэг шаарддаг. Ийнхүү малын араас явсан он жилүүд түүнд нутаг орны өнгө, хүний араншинг хамтад нь таних ухаан суулгажээ.

 

“МАЛЫН БУЯНД Л БИД АМЬДАРЧ БАЙНА”

Малчин хүний мэдээллийн сан нь тал нутаг өөрөө. Тиймээс Б.Пүрэвцэрэн бэлчээрийн тухай онол ярихгүй. “Ургах нь бага болчихсон, мал нь их болчихсон” гэж л хэлнэ. Энэ хэдхэн үгэнд өнөөгийн мал аж ахуйн нэг том асуудал багтаж буй.

Малчны амьдралд “өнөөдөр амаръя” гэж хаалга барих боломж ховор. Гэр бүлд ажил гарлаа гээд бүгдийг орхиод явчих үе ч үгүй. Нэг нь малаа авч үлдэнэ, нөгөө нь гэр орны ажлаа зохицуулна. Хүүхдийн сургууль, эмнэлэг, хот суурингийн ажил нэг талд, малын ус бэлчээр нөгөө талд зэрэгцэн явна. Малчин айлын амьдралын хэмнэл ийм л байдаг.

Хэдэн арван жил нэг нутгийн өвсийг ажигласан хүн хур тунадасны статистик харахгүйгээр газрын өнгийг мэднэ. Хаана өвс нимгэн байгааг, аль жалга эрт хатсаныг, мал хаашаа хошуурч байгааг анзаарна. Маргаашийн цагийг утасны мэдээнээс гадна уулын орой, тэнгэрийн хаяа, салхины өнгөөр шинжинэ. Малчин хүний мэдээллийн сан нь тал нутаг өөрөө. Тиймээс Б.Пүрэвцэрэн бэлчээрийн тухай онол ярихгүй. “Ургах нь бага болчихсон, мал нь их болчихсон” гэж л хэлнэ. Энэ хэдхэн үгэнд өнөөгийн мал аж ахуйн нэг том асуудал багтаж буй.

“Бага залуугаасаа мал дагажээ. Халширмаар, хот хүрээ бараадмаар санагдах үе байна уу” гэж асуухад тэр “Мал дагах сайхан байлгүй яах вэ. Малын буянд л бид хэд чинь амьдарч байна шүү дээ. Хот, хөдөөгүй л малын буянд амьдарч байна” хэмээн товч хариулав. Түүний малд хандах хандлагыг үүнээс илүү тодорхойлох өгүүлбэр хэрэггүй мэт. Мал бол тоо биш, банкны дансны үлдэгдэл ч биш. Амьжиргаа, хөдөлмөр, хүүхдийн сургалтын төлбөр, айлын идээ цай, ахуй амьдралын эх үүсвэр. “Малын буян” гэж хэлэхдээ малчин хүн өөрийн хөдөлмөрөөс гадна байгаль дэлхий, өвгөдийн үлдээсэн ахуй, амьдралынхаа түшгийг хамтад нь нэрлэдэг.

1990-ээд он, 2000-аад оны эхээр өвс ургамал арай элбэг, хадлан хадах газар ч олдоцтой байсныг тэд дурсав. Харин одоо зарим нутагт хадлангийн газар олох, зөвшөөрөл авах хүртэл амаргүй. Бороо хуртай жил өвс тэжээлийн олдоц нэмэгдэнэ, гантай жил үнэ нь өснө. “Малын бэлчээр ер нь хэцүү болж байна. Намар хадлан бэлтгэх ажил ч амаргүй. Өвс ургах нь багассан учраас хадлангийн газар олох гэдэг чанга ажил шүү” гэсэн түүний үгэнд малчдын өнөөдрийн бодит санаа зовнил шингэнэ. Малчин хүн зунжингаа “энэ өвөл яах бол” гэж бодож явдаг. Намар болоход малын тарга хүч, өвсний гарц, өвөлжөөний байршил гээд тэр бодол нь бүр тодорхой болно.

 

“ХҮЛЭЭГЭЭРЭЙ” ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ Ч ХҮЛЭЭСЭН ХАЙР

Б.Пүрэвцэрэн гэргийгээ “Нэг хараад л цэрэгт явчихсан. Ирэхэд нь хүлээгээд сууж байсан” хэмээн хошигноно.

Мал, бэлчээр, өвөлжөөний яриа нэг мэдэхэд залуу насны дурсамж руу шилжив. Б.Пүрэвцэрэн гэргийгээ “Нэг хараад л цэрэгт явчихсан. Ирэхэд нь хүлээгээд сууж байсан” хэмээн хошигноно. 1990-ээд оны сүүлчээр хөдөө явж байхдаа, цасан шуургатай үеэр таарч танилцсан нь тодорхой. Түүний гэргийг Б.Дарьсүрэн гэдэг. Хожим дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон энэ хоёрын хамтын амьдрал сүртэй болзоо, урт захидлаас бус харин хэлээгүй атлаа ойлгосон итгэлээс эхэлжээ.

“Ангийн маань хамгийн хөөрхөн охиныг гэргийгээ болгочихоод хатан шиг байлгах байсан юм шүү дээ” гэж өдөхөд Б.Пүрэвцэрэн “Цэргээс ирээд чамтай сууна. Хүлээж байгаарай гээд үүрэг өгчихөөд явахад минь хүлээж байсан юм” хэмээн маазран инээв. Гэргий нь дор нь “Өөрөө юу ч хэлээгүй байж хүлээнэ гээд итгэчихдэг хүн шүү дээ” гэж хариу барина. Үнэндээ “хүлээгээрэй” гэж хэлээгүй атлаа Б.Пүрэвцэрэн хүлээнэ гэдэгт нь итгэсэн, харин Б.Дарьсүрэн өөрөө ч “би энэ хүнтэй сууна” гэж ил тод бодоогүй мөртлөө цэргээс ирэх сургийг нь чимээгүйхэн сонсож явжээ.

Нэг удаа “Цэрэнгээ цэргээс ирэх гэж байгаа юм уу” гэж хүмүүсийн дунд ярихад найзууд нь “Чамд ямар хамаатай юм” гэж тоглосон тухай Б.Дарьсүрэн инээмсэглэн дурсана. Захиа бараг бичээгүй, урт үг хэлээгүй, нэг их үерхэж явсан ч биш. Гэвч нутгийн залуу цэргээс халагдан ирээд араас нь дагасаар гэр бүл болжээ. “Одоо бодохоор инээдтэй. Нэг их үерхэж, захиа бичиж байсан ч юм байхгүй. Тэгсэн мөртлөө эргээд ирэхэд нь нийлээд, өдий хүртэл амьдарчихсан байна” гэх нь тухайн үеийн залуусын хайрын хэл ямар даруухан байсныг илтгэнэ.

Тэдний том хүү П.Цэрэнчунт, удаах нь П.Цэндсүрэн, дараагийн охин П.Буянзаяа, отгон хүү П.Жаргалбаяр. Хүүхдүүд өсөж, өөр өөрийн ажил амьдралтай болсон ч малчин айлын хүүхдүүд багаасаа мал ахуйгаа нүдээрээ харж сурдаг тухай Б.Пүрэвцэрэн онцолно. “Хөдөө өссөн малчны хүүхэд гэхээр л хүнд хүчир ажил хийдэг гэж ойлгож болохгүй. Ямар мал хаашаа явдаг, адуу хаана байгаа, хурга ишгээ яах вэ гэдгийг хараад л сурчихдаг. Бид өөрсдөө ч тэгж өссөн” хэмээн тэр ярив.

 

ААВ БОЛСОН ДУРСАМЖ, МАЛЧИН АЙЛЫН ХҮҮХДҮҮД

 

Гэр бүл болсон эхний жилүүдийн тухай яриа хүүхдүүд рүү шилжихэд Б.Пүрэвцэрэнгийн дуу цөөтэй зан дахин илэрнэ. “Анх аав болохдоо ямар байсан бэ” гэхэд хэсэг инээснээ “Одоо олон жил өнгөрчихөөр зарим юм мартагджээ” гэж бултав. Харин гэрийнхэн нь түүнийг амархан тавьсангүй. Анхны хүүхдээ төрөхөд эмнэлэгт очиж харсан, залуу аав юу хийхээ сайн мэдэхгүй сандарч явсан тухай нь хажуугаас сануулна. Тэр үеийн хөдөөний залуусын амьдралд аав болсон баяраа урт үгээр илэрхийлэхээс илүү гэр орны ажил, мал ахуй, эх хүүхдийн хэрэгцээг зэрэг амжуулах нь илүү бодит “хариуцлага” байжээ.

Б.Дарьсүрэнгийн нэгэн дурсамж энэ яриаг бүр ч хөгжилтэй болгов. Эх нялхаст хэвтэж байхад нь нөхөр нь халуун савтай шөл хүргэхээр явжээ. Хаврын хайлмаг, мөстсөн замд хөдөөнийхний өмсдөг хромон гутал халтиргаатай. Эмнэлгийн үүд хүрэхтэй зэрэгцээд өнөөх шөлөө асгачихсан тул арга буюу ойролцоох дэлгүүрээс боов, ундаа авч өгөөд буцсан гэдэг. Одоо энэ явдлыг ярихад бүгд инээлдэнэ. Харин тухайн үед залуу гэр бүлд хотын хол зам, эмнэлгийн үүд, хөдөө үлдсэн мал гээд амжуулах зүйл олон байсныг энэ жижигхэн дурсамж өөрөө хэлээд өгнө.

Дараа дараагийн хүүхдүүд төрөхөд ч малчин айлын амьдрал өөрийн хэмнэлээр үргэлжилжээ. Зарим үед эхнэр хүүхдээ дагаж хот орно, зарим үед нөхөр нь малаа харж хөдөө үлдэнэ. Зудтай өвөл таарвал сонголт бүр ч хомс. “Мал чинь хүн хүлээхгүй” гэдэг үг ийм үед л утгаа харуулдаг. Гэр бүлийн нэг талд хүүхдийн төрөх, сургууль соёлын ажил өрнөж байхад нөгөө талд төл, тэжээл, өвөлжөөний асуудал хүлээж байдаг. Тэдний амьдралын бараг гучин жил ийм хоёр замыг зэрэг авч явсан он жилүүд байжээ.

Өнөөдөр хүүхдүүд нь өсөж, өөр өөрийн ажил амьдралтай болжээ. Нэг нь гадаадад, нэг охин нь хүнсний технологич мэргэжлээрээ ажилладаг тухай ярихдаа Б.Пүрэвцэрэнгийн нүүрэнд эцгийн бахархал анзаарагдана. Гэхдээ хүүхдүүдээ “малчин айлын хүүхэд учраас хүнд хүчир хөдөлмөр хийсэн” гэж дүрслэхээс тэр татгалзана. Хөдөө байгаа хүүхэд мал ахуйгаа нүдээрээ харж, улирлын ажлыг өөрийн эрхгүй мэддэг болдог гэж тайлбарлав. Аль мал хаашаа явдгийг, адуу хаана байгааг, хурга ишгээ яахыг асуулгүйгээр ажиглаж сурна. Энэ бол хөдөлмөрт нухлуулах тухай бус ахуйгаа таньж өсөх тухай ойлголт юм.

Ийнхүү цасан шуурганаар танилцсан хоёрын амьдрал нэг мэдэхэд өнөр айл, өөр өөр зам мөртэй хүүхдүүд, гуч шахам жилийн хамтын хөдөлмөр болон тэлжээ. Залуу цагийн “хүлээгээрэй” гэж хэлээгүй хүлээлт нь сүүлдээ нэгнээ ажлаар нь ойлгодог, хаана нь туслахыг асуулгүй мэддэг айлын дадал болсон мэт. Энэ түүхийг Б.Пүрэвцэрэн сүртэй хайр дурлалын дурсамж болгон ярихгүй. Харин инээгээд “тэгээд л амьдарсан даа” гэх нь түүний хэв шинж. Гэхдээ тэр товч өгүүлбэрийн цаана гэр бүл гэдэг өдөр бүрийн жижиг ажлуудаар бүтдэг урт хугацааны нөхөрлөл болох нь тод харагдана.

 

НАЙЗ ГЭДЭГ НЭГНИЙХЭЭ ОЙ САНАМЖ БАЙХ

Б.Пүрэвцэрэн “тэгээд л болсон доо” гээд амьдралынхаа олон үйл явдлыг хэдхэн үгэнд багтаачих гээд байдаг. Харин хажууд нь Ц.Нэргүй суухаар байдал өөрчлөгдөнө. “Тийм байгаагүй шүү дээ” гээд хуучны явдлыг нь сөхнө. Асуултаас бултах гээд товчхон хариулбал хажуугаас нь хатгаж, гэр дүүрэн инээд болгоно. Ингээд бодохоор зарим хүний амьдралын түүхийг зөвхөн өөрөөс нь бус, олон жил хамт явсан нөхрөөс нь сонсох хэрэгтэй байдаг аж.

Б.Пүрэвцэрэн “тэгээд л болсон доо” гээд амьдралынхаа олон үйл явдлыг хэдхэн үгэнд багтаачих гээд байдаг. Харин хажууд нь Ц.Нэргүй суухаар байдал өөрчлөгдөнө. “Тийм байгаагүй шүү дээ” гээд хуучны явдлыг нь сөхнө. Асуултаас бултах гээд товчхон хариулбал хажуугаас нь хатгаж, гэр дүүрэн инээд болгоно. Ингээд бодохоор зарим хүний амьдралын түүхийг зөвхөн өөрөөс нь бус, олон жил хамт явсан нөхрөөс нь сонсох хэрэгтэй байдаг аж.

“Нэргүй ээ, Цэрэнгээ залуудаа ч ийм дуу цөөтэй хүн байсан уу. Юм асуухаар мартжээ, санахгүй байна гэх юм” гэхэд Ц.Нэргүй “Одоо л их даруухан хүн болчихоод суугаад байгаа юм биш үү. Юм асуухаар ой санамжгүй болчихсон хүн шиг л ‘санахгүй’ гээд сууна” гэж инээнэ. Б.Пүрэвцэрэн “Юун даруухан болчихсон гэж. Гучаад жилийн өмнөх юмыг бүгдийг нь яаж санах юм” хэмээн хариу барихад гэрийнхэн нирхийтэл инээлдэв. Нэг нь “тэр үед тэгсэн” гэхэд нөгөө нь “үгүй ээ, ингэж байсан” гэнэ. Ингээд он сар дээр маргалдаж байснаа нэг хүний нэр дурдагдахад өөр нэг дурсамж урган гарна.

Тэдний ярианаас ангийн нөхөрлөл зөвхөн төгсөлтийн баяраар уулздаг танилын хэмжээнд үлдээгүй нь мэдэгдэнэ. Хэн нь хэнтэй гэр бүл болсон, аль нь хаана амьдарч байгаа, хэний хүүхэд хаана явдгийг хүртэл дурсан ярилцана. Нэг мэдэхэд ангиасаа хоорондоо гэр бүл болсон хүмүүсийг тоолж эхлэв. Нэг нь нэр хэлнэ, нөгөө нь “тэр хоёрыг мартчихлаа” гэж нэмнэ. Бага насны хөгжилтэй дурсамж ч дагаж гарч ирнэ. Гуч шахам жилийн өмнөх амьдралыг он сараар бус, хүнээр нь холбон хадгалсан үеийнхний ой санамж гэмээр.

“Нэг ангийн хосууд, хүргэчүүд гээд холбоо байгуулъя. Хүргэчүүдийн холбоог би ахална. Та нарын эрх ашгийг хамгаална” гэж хошигноход Ц.Нэргүй “Дараа дан охид уулзах уулзалтад ирэмгүй юм байна” гэв. “Яагаад” гэтэл “Хүүхнүүд нийлж шаагихаараа мань айраг бүлээд буланд л сууж байх юм байна” гэж хариулах нь энүүхэнд. Энэ хэдхэн өгүүлбэрээс тэдний нөхөрлөл ямар ч албаны өнгөгүй, олон жилээр элэгдэж зөөлөрсөн дотно холбоо болох нь харагдана.

 

АЙРАГ, ДЭМБЭЭ, ОН ЖИЛИЙН НӨХӨРЛӨЛ

Хөдөөгийн нөхөрлөлийг дүрслэхэд заавал том үйл явдал хэрэггүй. Айрагны аяга, хэдэн хүний хууч, дэмбээний дуу, хуруудах чимээ, нэгнээ шоолсон инээд байхад л хангалттай. “Та хоёр дэмбээ сайн тоглодог юм байна, тийм үү” гэхэд Пүрэвцэрэн “Дэмбээднэ ээ”, Нэргүй “Дэмбээдэлгүй яах вэ” гэнэ. Ярианы үеэр “хэд сайхан хуруудаадахъя” гэсэн үг үе үе гарна. Тэр мөчид ярилцлага авч байна гэдэг ч түр мартагдана. Хүмүүс айргаа аягалж, нэг нэгнээ өдөж, яриа улам задгайрна.

Магадгүй энэ л хоёр найзын нөхөрлөлийн хамгийн үнэн зураг. Ц.Нэргүй найзыгаа магтаж урт үг хэлэхгүй. Б.Пүрэвцэрэн ч “миний сайн найз” гэж онцгойлон тодорхойлохгүй. Гэвч нэг нь мартсан дурсамжийг нөгөө нь санаж байна. Нэг нь хоёрхон үгээр хаах гэсэн түүхийг нөгөө нь задлуулж байна. Хоёулаа нэг үеийн хүн, нэг нутгийн ахуй, ижилхэн дурсамжаар яриагаа залгуулна. Хөдөөгийн эрчүүдийн нөхөрлөл заримдаа магтаалын үгээр бус, хэрэгтэй үедээ хүрээд ирдэг, дуугүй суухад нь яриулдаг, айрагны аягатай нэг ширээний ард он жил дамжин сууж чаддаг тэр энгийн холбоогоор хэмжигддэг аж.

Айрагтай ширээ тойрсон хүмүүс цаг хардаггүй. Нэг хүний яриа нөгөөгийн дурсамжийг сэрээнэ. Дурсамж дурсамжаа дагуулсаар хэдэн арван жилийн өмнөх сургууль, ангийнхан, цэрэг, хурим найр, отор нүүдэл рүү орчихно. Ц.Нэргүй энэ хэмнэлийг эвдэхгүй. Харин ч Б.Пүрэвцэрэнг өдөж, мартсаныг нь сануулж, заримдаа шоолон, заримдаа өмөөрөн сууна. Хуучны нөхөд нас ахих тусам нэг нэгнийхээ ой санамж болдог гэдэг үнэн аж.

Гадаа нар бууж, намрын сэрүүн дахиад хаяа түшнэ. Гэр дотор харин айрагны аяга тойрч, хууч үргэлжилсээр. Маргааш Б.Пүрэвцэрэн дахиад л малаа дагана. Өвс, ус, цагийн аясаа харна. Ц.Нэргүй ч өөрийн ажил амьдралдаа явна. Харин уулзах дараагийн өдөр нь өнөөдрийн яриа өчигдрийнх шиг үргэлжлэх биз. Б.Пүрэвцэрэнгийн амьдралын түүхийг мал, нутаг, гэр бүлээс нь салгаж болохгүйтэй адил Ц.Нэргүй гэх хуучны нөхдийг нь ч орхиж болохгүй. Учир нь хүний туулсан замын зарим хэсгийг өөрөөс нь илүү найз нь санаж явдаг юм байна. Малын буян амьдралынх нь түшиг бол нөхрийн түшиг тэр амьдралын дурсамжийг бүтэн авч явдаг ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 182 (7924)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn