Д.БОЛОРМАА

Онц ноцтой, ээдрээ төвөгтэй, зохион байгуу­лалттай гэмт хэрэг мөрдөн шалгадаг УМБГ-ын бай­рыг нураах, ашиглахгүй байх акт тогтоосон байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сарын 26-нд “Энэ байранд үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй. Гал, цахил­гааны аюулгүй байдал бүрэн алдагдаж, даацын чадвар муудсан байна. Олон жил эдэлсэн “хөг­шин” барилга учраас газар хөдлөлт байтугай чичир­хийлэл ч даах чадваргүй. Иймээс барилгыг чөлөө­лөх нь зүйтэй” гэсэн албан тоот илгээсэн байна. Мөн Онцгой байдлын  байцааг­чид ч дээрх агуулга бүхий бичиг илгээж  барилга эрсдэлтэй байгааг илтгэ­жээ.  УМБГ-ын барилгын тухайд 1932 онд баригдаж байсан түүхтэй юм байна. Албан ёсны түүхийн архив байдаггүй ч 1930 оны үед ашиглалтад орсон тухай ахмад мөрдөгчид хэлж буй. Анх баригдахдаа хоёр давх­рын зориулалтай сүн­дэрлэсэн бол 1956 онд гурван давхар болгон өргөт­гөжээ. Энэ байшинд Гадаад харилцааны яам, Хэвлэх үйлдвэр болон “Үнэн” сонин үйл ажил­лагаа явуулж байсан түүх­тэй гэнэ. Ийнхүү хэзээ мөдгүй нурах дөхсөн гэсэн бичиг “өвөртлөн” суугаа УМБГ-т очлоо. Гаднаас нь харахад аюул осол нүүр­лээд байгаа нь мэдэгд­сэнгүй. Шавардлага сай­тай барилга болох нь тод харагдав. Харин дотор талдаа бол өөр юм аа. Хоёр, гурван давхраар нь явахад шалных нь банз хөлийн аясаар нахилзан хөдөлж байна. Уг нь намагт явахад л тэгж хөдөлдөг дөө. Бүсгүй хүний алхаанд  ингэж хөдөлж байгаа юм чинь мөрдөгч харчуудын хөдөлгөөнд нэлээд их дон­солдог бололтой. Мөрдөн байцаагчдын бүх өрөөний хана, таазанд цууралт, ан цав үүсч, шаланд нь суулт өгчээ. Тэр дундаа хаалга, цонхонд гажилт өгсөн нь хэнд ч тодорхой харагдах. Байцаагч­дын ая тухтай орчинд ажиллах эрхээс нь илүүтэй олон мянган хавтаст хэрэг алдагдах, нууцын байдал задрах аюул хам­гийн ойр­хон байгаа гэнэ. Мөрдөгч нарыг “Гэмт хэрэгтэй тэмц” гэж хайр найргүй зүтгүүл­чихээд эцэст нь ажил­луулж байгаа орчин нь ийм л байна. Барил­гын стан­дар­тын талаар тус газрын Захиргаа, удирд­ла­гын хэлт­сийн дарга, цагдаагийн хошууч С.Баян­мөнхтэй ярилцлаа.

 

-Мэр­гэж­лийн хяналтын байгуул­лагаас УМБГ-ын барилгад акт тогтоосон гэсэн. Энэ талаар яриач?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Мэргэжлийн хянал­тын ерөнхий газраас дүг­нэлт ирүүлсэн юм. Үүнд “УМБГ-ын барилга нь Барилгын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Бусдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан байх тухай заалтыг зөрчсөн тухай бичиг илгээлээ. Өөрөөр хэлбэл, энэ барилгад үйл ажиллагаа явуулахаас татгалзаж хот төлөвлөлтийн шаардлагад нийцсэн орчин үеийн барилга байгууламж бариулахаар захиргааны эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх зүйтэй гэсэн дүгнэлт юм.

-Гал, цахилгааны аюулгүй байдал алдагдсан гэх юм билээ?

-Ганцхан өнгөрсөн сард ирсэн акт биш. Олон жилийн туршид үйл ажил­лагаа эрхэлж болохгүй” гэсэн. Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаа­лах улсын байцаагчийн дүгнэлт ч мөн адил гарсан. Дүгнэлтэд “УМБГ-ын барилга нь анхны зураг, төлөвлөлтөд газар хөдлөлийн эсрэг арга хэмжээ тооцогдоогүй, бэхэлгээ хүчитгэл хийгээ­гүйгээс болж овойлт, суулттай болжээ. Иймд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа энэ барилгаа буулгана уу” гэж шаардсан байдаг. Ер нь манай барилгын цахил­гааны утаснууд ил байгаа нь нууц биш. 2008 онд далд цахилгааны утас шатсан учраас аргагүйн эрхэнд ил гаргасан юм. Үүнийгээ шинэчилж засна гэхээр буулгахаас өөр замгүй болчихоод байна. Барил­гын суурийг нь өөрчилж байж орчин үеийн шаардлага хангах юм.

-Газар хөдлөлтөд тэс­вэр­лэх чадамжтай болов уу?

-Манай байрлаж байгаа нутаг дэвсгэр нь долоон баллын бүсэд хамаардаг юм байна. Гэвч газар хөдлөлт битгий хэл чичирхийлэл ч даахгүй барилга гэдгийг нь тог­тоосон байдаг. Хаалга, цонхонд гажилт өгч, хааж нээхэд хүртэл төвөгтэй байдал үүсгэж байгаа юм. Хэрэв нэг байцаагчийн маань өрөөнд ус алдвал голдоо  тогтох байх шүү.

-Мэргэжлийн хянал­тын ерөнхий газраас акт тогтоосон байхад ажиллах нь эрсдэлтэй юм биш үү?

-Одоо тэгээд хаачих билээ. Нөхцөл байдалдаа тааруулж ажиллахаас өөр яах вэ.

-Барилгыг шинээр барих бололцоо бий юу. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудад нь мэдэгдсэн үү?

-Өнгөрсөн онд Нийс­лэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаярт албан бичгээр хандаж байсан. Өөрөөр хэлбэл, “Ашиглах хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг үндэслээд шинэ барилга барих төсөв мөнгийг нь шийдэж өгнө үү” гэсэн бичгээ илгээж байсан. Бидний хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зураг төсөл хийж шинэ барилга барихад 13 тэрбум 700 мянган төгрөг шаард­лагатай гэж дүгнэсэн.

-Гэхдээ 2013 оны төс­вийн тодотголд багтаагүй юм биш үү?

-Төсөв хэлэлцэх үеэр барилгад хяналт шалгалт хийж дүгнэлт нь хараахан гараагүй байсан юм. Ер нь  улсын төсөвт суулгах байх гэсэн найдлага бидэнд байна. Онц ноцтой, ээд­рээ төвөгтэй хэрэг мөр­дөн шалгадаг байгуул­лагын­хаа чадамжийг анхаарах нь төрийн үүрэг байх ёстой. Өнөөдөр манай албан хаагчид хүйтэн өрөөнд л сууж байна шүү дээ. Өөрсдөө албандаа хайртай, өргөсөн танга­раг­таа үнэнч тулдаа ямар ч гомдол мэдүүлэхгүй ажил­­лаж байна. Мөрдөгч­дөөс гадна байцаан шийт­гэх ажиллагаанд орол­цогч­дын эрхийг давхар зөрчиж  байгаа юм. Тухайл­бал, өрөө нь хүйтэн болохоор цахилгаан тенн залгана. Тенн залгахаар компьютер нь унтарч дахиад л ажил гарч байгаа юм. Энэ нь гэрч, хохирогч, холбогдогч нарыг залхаа­хад хүргэж бай­гааг нуух шаард­лагагүй биз ээ.