“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ

0
хуваалцах
233
үзсэн

Б.НЯМСҮРЭН

Улсын хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн ерөнхий газраас “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг эхлүүллээ. Энэ аян “Хөдөлгөөний соёл-2022” арга хэмжээний хүрээнд  21 аймаг, улс орон даяар зэрэг эхэлж байгаа юм. 

Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4600 орчим хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн байна. Нийт ослын ихэнх хувь нь зуны улиралд орон нутгийн замд гарсан байна. Харин аян, арга хэмжээ зохион байгуулснаар осол 30 хувиар буурдаг юм.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд жил бүр олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, зун бүр  “Яараад яахав дээ” I,II аяныг зохион байгуулдаг. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор хөл хориотой байсан учир аян үргэлжлээгүй. Удахгүй наадам болох учраас иргэд орон нутгийг ихээр зорьдог. Энэ үеэр орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэн осол гардаг. Дараагийн шалтгаан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал юм. Жолоочийн хайхрамжгүй байдлаас хамт зорчиж буй дөрвөн гишүүний амь нас эрсдэлд ордог. Тиймээс нойр дутуу ядарсан үедээ замд гарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, жолоо барьдаггүй хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn