Б.Ойдовчимэд: Жүдо хүнийг хүндлэх их ухаанд сургадаг

0
хуваалцах
785
үзсэн

Б.НЯМСҮРЭН

 

“Амжилтын эзэн” булангийн энэ удаагийн зочноор жүдо бөхийн ОУХМ, “Женко” клубын тамирчин Б.Ойдовчимэдийг урилаа.

 

-Та “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд 48 кг-ийн жинд зодоглоно. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-ны хооронд болно. Энэхүү тэмцээн  нь “Парис-2024” зуны олимпийн наадмын албан ёсны оноог олгож эхлэхээрээ онцлогтой. Дэлхийн шилдэг жүдочид нэг дэвжээнд чуулна. Мэдээж амжилт гаргаж, оноо цуглуулахын тулд бэлтгэлээ сайн базааж байгаа. 

-Өнгөрсөн сард нутагтаа өөрийн нэрэмжит аймгийн цомын тэмцээн зохион байгуулсан гэж дуулсан. Энэхүү тэмцээний зорилго нь юу байв ?

-Миний хувьд бөхийн замналтай амьдралаа холбоод найман жил болжээ. Энэ жил миний төрөлх нутаг болох Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын  ЕБС-ийн 80 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс өөрийн нэрэмжит тэмцээнээ сумандаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээний гол зорилго бол нутгийнхаа өсвөрийн тамирчдын тоог нэмэх, жүдо бөхийг сурталчлахад оршсон. Энэхүү тэмцээнд 190 гаруй өсвөрийн тамирчин амжилттай оролцлоо.

-Таны хувьд бөхийн олон төрлөөс яагаад жүдог онцолсон юм бэ?

-Ямар ч спорт  хүнээс уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай байдал, өөртөө итгэх итгэл шаарддаг. Тамирчин өөрийн онцлог, хүсэл сонирхолдоо нийцүүлэн хичээллэх спортоо сонгодог болов уу. Жүдо бол өрсөлдөөн ихтэй талбар. Мөн энэ спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээрт суралцахаас гадна хүнийг хүндлэх их ухаанд сургадаг юм билээ.

-“Женко” клубээс олон мундаг тамирчин төрсөн. Таны хувьд ямар багш дээр бэлтгэлээ хангадаг вэ?

-Манай “Женко” клубт МУГД Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа гээд мундаг  дасгалжуулагч, багш нар бий. Тэднийхээ зөвлөгөөгөөр бэлтгэлээ хийдэг. Багш нарынхаа үйлдэл, туршлага мэдлэгээс нь сурах зүйл  их. Сайн тамирчин болох хүсэлдээ хөтлөгдөж эгэлгүй хүмүүсийн шавь болсондоо үргэлж  баярлаж явдаг.

-Та өсвөр үеийн ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тухайн үед хэр догдолж байв?

-Тамирчин болсноосоо хойш  олон тэмцээнд оролцсон. Энэ бүгдээс надад хамгийн том урам зориг өгсөн нь өсвөрийн ДАШТ байсан. Учир нь  анхны мөнгөн медаль эх орондоо авч ирсэн. Тэр мөч мэдээж үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан шүү. Мөн үүнээс гадна Жакарта Азийн наадмаас мөнгөн медаль авсан. Цаашдаа илүү хичээнэ. Энэ дашрамд, “Женко” клуб, шигшээ багийн багш нартаа талархаж явдгаа илэрхийлье.

-Нэг гэр бүлийн хоёр хоёулаа тамирчин байхын давуу болон сул талыг юу гэж харж байна?

-Манай гэр бүлийн хүнийг Бямбажавын Цогт-Очир гэдэг. ОУХМ, жүдо бөхийн тамирчин. Бидний хувьд биенээ сайн ойлгодог. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө үргэлж хамт гэсэн сэтгэлтэй байдаг.  Заримдаа нэг бэлтгэл, тэмцээнд хамт яваад ядарч ирэх тохиолдлыг эс тооцвол тулгарч буй бэрхшээл бүхэн хэцүү санагддаггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (6850)