З.БАТЦЭЦЭГ

Холливудын кинонд ихэвчлэн гайхалтай хувцасны дизайнерууд ажилладаг. Зарим продакшнууд алдартай загвар зохион бүтээгчдийг хөлсөлдөг ажээ. Дэлхийн шилдэг кинонуудад ажилласан загвар зохион бүтээгчдийн тухай мэдээллийг хүргэе.

 

Том Форд- Бонд

Том Форд кино найруулагч байсан боловч Жеймс Бондын хувцсыг хийсэн нь бүр ч гайхалтай амжилт авчирсан юм. Т.Форд Даниел Крэйгийн сүүлийн дөрвөн "007" киноны костюм дээр ажилласан: Quantum of Soace (2008), Skyfall (2012), Spectre (2015), No Time to Die (2021). Үхэх цаггүй кинонд Т.Форд хувцасны дизайнер Суттират Энн Ларларбтай хамтран Бондын захиалгын хувцас, өдөр тутмын хувцсыг урлажээ. Мөн тэрбээр Номид (Лашана Линчийн тоглосон дүрд) хүрэм, цамц, аксессуар оёсон аж.

 

Жан Пол Готье- Тав дахь элемент (1997)

Францын загвар зохион бүтээгч Жан-Пол Готье Люк Бессоны "Тавдугаар элемент" киноны хувцасны дизайнераар ажиллажээ. Готье бэлтгэлийн явцад 8000 зураг бүтээсэн багийг удирдаж байсан. Тэрбээр Лилагийн өмсдөг алдартай боолчлолын костюм, түүний улбар шар өнгийн тэлээ, Ruby Rod-ийн зэрлэг хувцаснуудыг бүтээсэн юм. Мөн гол дүрийн жүжигчдээс гадна киноны хэсэг дэх нэмэлт жүжигчдийн өмсдөг 900 хувцас тус бүрийг зохион бүтээж, өглөө бүр хувцас бүрийг шалгаж үздэг байв. Түүний уг кинонд зориулж урласан нэг хүрэм л 5000 ам.долларын үнэтэй байсан.

 

Жоржио Армани- Америкийн Жиголо (1980)

"Америкийн Жиголо" бол Жоржио Арманийг Холливудад томоохон нэр хүндтэй болгосон кино юм. Дизайнер уг кинонд Жон Траволтад зориулж хувцас урлажээ. Гэвч Траволта киногоо орхиж оронд нь Ричард Гир тоглох болов. Армани дахин эхнээс нь эхлэх хэрэгтэй болсон. Гэсэн хэдий ч бүх зүйл амжилттай болсон юм.

 

Юбер де Живанши- Тиффани дахь өглөөний цай (1961)

Hubert de Givenchy Coco chanel санаа авч “Тиффани дахь өглөөний цай” киноны эхэнд гардаг Одри Хепберн өмссөн бяцхан хар даашинзыг бүтээжээ. Магадгүй энэ нь кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай даашинз байх. Энэ даашинзыг "1960-аад оны хэв маягийн төгс жишээ урд талаасаа дэгжин, ар талаасаа Парис маягтай" гэж тодорхойлсон байдаг. Хепберн өөрөө өргөн хүрээтэй малгай, дуурийн хар бээлий зэргийг нэмсэн юм.

 

Миучча Прада- Агуу Гэтсби (2013)

Тэрбумтан загвар зохион бүтээгч Миучиа Прада хувцасны мэргэжилтэн Кэтрин Мартинтай хамтран "The Great Gatsby" киноны хамгийн сүүлийн хувилбарт зориулж хувцсыг нь хийжээ. Тэд 1920-оод онд зүүн эргийн язгууртны олны дунд бий болсон "Европын хэв маягийг" дахин сэргээхийг хүссэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (6846)