Д.ДАРАМБАЗАР

Казахстаны Алмата хотноо Болат Турлыхановын нэрэмжит чөлөөт  бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд манай тамирчид гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртэв. Сүүлийн өдрийн барилдаанд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн дууллыг дахин эгшиглүүлэв.

Тэрбээр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны Аббос Рахмоновыг ялж аваргалсан юм. Түүний хувьд -65 кг-д дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж байсан бол энэ тэмцээнд түрүүлснээр жингээ тэргүүлэхээр боллоо. Харин 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж мөнгөн медаль хүртсэн бол ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл хүрэл медалийн эзэн болсноор манай улс есөн медалийг хүртлээ.

Эх сурвалж: www.polit.mn