Т.Намнанбаяр: Ялалт, ялагдал бүхэн үнэ цэнтэй

0
хуваалцах
692
үзсэн

Б.НЯМСҮРЭН

 

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа холимог тулаанч Т.Намнанбаярыг урилаа.

 

-Аливаа спортод уйгагүй бэлтгэл, сургуулилт байхгүй бол амжилт гаргахгүй. Таны хувьд бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

-Миний хувьд “Шандас MMA”  клубт харьяалагддаг. Дасгалжуулагч багш маань холимог тулааны дэлхийн аварга,  гавьяат тамирчин н.Нарантунгалаг гэж хүн бий. Тэмцээнд оролцохынхоо өмнө багштайгаа тактикаа  боловсруулж, төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэлээ хийдэг. 

-Та нэг тэмцээнийхээ үеэр өрсөлдөгчөө өчих боолтоор богино хугацаанд ялж байсан?

-Миний хувьд мэргэжлийн холимог тулаанд дараалан дөрвөн удаа ялсан. Мөн таны хэлдгээр тэмцээний үеэр өрсөлдөгчөө 33 секундэд өчих боолтоор ялалт байгуулснаар хамгийн  богино хугацааны амжилтын эзэн болсон. Үүнээс гадна 2021 онд байлдааны самбо бөхөөр, энэ онд сонирхогчдын холимог тулаанаар улсын аварга боллоо.

 -Таны хувьд холимог тулааны спортын мастер цолтой. Сонирхогчийн болон мэргэжлийн тулааны ялгаа юу вэ?

-Сонирхогчийн гэхээр дэвжээн дээр хамгаалалттай тулалддаг. Харин мэргэжлийн тулаан торон дотор хамгаалалтгүй, бээлийтэй тулалддагаараа ялгаатай.

-Холимог тулаан тамирчдыг харахад арга техникийн хувьд олон спорттой төстэй харагддаг. Яг үндсэн арга барил, техник нь юу вэ?

-Холимог тулаан нь бокс, чөлөөт бөх, бүст бөх гэсэн спортын төрлийн нэгдмэл гэж ойлгож болно. Бокс суурьтай, сайн барилддаг тамирчин байлаа гэж бодоход шууд  амжилт гаргах боломж бага байдаг. Учир нь энэ спортыг сонгон хичээллэсэн тамирчин олон зүйлийг, олон спортын арга техникийг давхар сурсан байх шаардлагатай. Тиймээс тамирчнаас цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг спортын төрөл юм.

-Хамгийн хүнд, таниас ур чадвар, тэвчээр шаардсан тэмцээнийхээ тухай дурсвал?

-Оролцсон тэмцээн бүр минь  надад үнэ цэнтэй. Анх -93 кг-д мэргэжлийн боксын “WBC” холбооны залуучуудын аварга  Г.Баяртогтохтой тулалдаж байлаа. Шинэ тамирчны хувьд өөртэйгөө түвшин ойролцоо тамирчинтай тулалдах ёстой. Харин би анхны тэмцээндээ туршлагатай, том тамирчинтай учраа таарсан.  Энэ тэмцээн надад их зүйл сургаж бас урам өгсөн. Учир нь би тэр мундаг тамирчинтай нэг үе тоглоод ялалт байгуулсан юм.

-Үндэсний бөхийн замналаа орхиж холимог тулаан руу  орох шалтгаан юу байв?

-Миний хувьд үндэсний бөхөөр сумын начин цолтой. Холимог тулааныг сонгосон шалтгаан нь өөрийн  бие бялдар, зан аашт тохирох спортыг хайж, судалсан. Тиймээс өөрийгөө илүү таньж мэдсний дараа холимог тулааны спорт надад илүү тохирох юм байна гэдгийг ойлгосон. 

-Ялж, ялагдахын үнэ цэн юунд оршдог вэ?

-Ялалт, ялагдал бүхэн үнэ цэнтэй. Тамирчин хүний хувьд хүмүүст харагдахдаа зөвхөн би амжилт гаргаж байгаа мэт боловч миний ард багш дасгалжуулагч, гэр бүл гээд тусалж дэмждэг олон хүн бий. Энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө улам бүр өөрийгөө дайчилж, хичээдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 110 (6842)