С.САРУУЛ

Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан.Тэгвэл худалдаанд байгаа “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байна. Энэ нь хүний нэг өдрийн сахарын хэрэглээнээс 16 дахин их юм. Тухайлбал, 1 жүүс, 1 жигнэмэг, 1 шоколад, 3 төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлэгт энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна.Хэрэв худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn