Уул уурхайд түшиглэсэн Өмнөговьчуудын амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

0
хуваалцах
143
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Аймгийн бараа харагдав уу үгүй юу зэрэгцээ хоёр өндөр ихэр барилга нүднээ туслаа. Угтах хаалга өнгөрөөд л Улаанбаатарын хүүхдийн паркт ирэв үү гэлтэй маш том алсыг харагч харц булаана. Гэр хорооллуудын төлөвлөлт маш сайн. Нэгэн жигд цэмбэгэр хашаагаар айлууд гэрээ хүрээлсэн байх агаад хоорондын зай нь хол. Уул уурхайд түшиглэн хөгжүүлсэн аймаг ийм л байдаг гэмээр сэтгэгдэл төрлөө. Ийн Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын иргэд хэрхэн аж төрдөг талаар сурвалжилснаа хүргэж байна.

 

ДАЛАНЗАДГАДАД ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭХЭЭР БОЛ “DUDU PIZZA”-Г ЗОРИОРОЙ

 

Найзуудаараа ирж төрсөн өдрөө тэмдэглэхэд зориулсан тусгай чимэглэл бүхий маш тансаг тохижуулсан ширээ бүхий энэ газар бол “Dudu pizza bar” түргэн хоолны газар юм. Даланзадгад хотын залуусын хамгийн их үйлчлүүлдэг, эрэлт өндөртэй газруудын нэгдүгээрт зүй ёсоор тооцогддог. Итали технологиор үйлдвэрлэсэн бүх төрлийн пицца, бургер, тахианы мөч гэсэн 15 төрлийн түргэн хоолны бүтээгдэхүүн гаргадаг. Өдөрт 40-60 хүн үйлчлүүлдэг нь хоолны амт чанар сайтайг илтгэнэ.

10 жилийн дөрвөн охин нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа бололтой ундаа, чихэр, жимс, хайрцагтай бэлэг барьсаар орж ирэн “Happy Birthday” гэсэн чимэглэлтэй ширээнд суулаа. Төрсөн өдрөө тэмдэглэхээр бол гаднаас ууж, идэх зүйлсээ оруулж ирж болдгоороо онцлог бололтой. Тэдний дараа залуухан хосууд, дунд ангийн бололтой эрэгтэй сурагчид гээд үйлчлүүлэгчид ар араасаа орж ирсээр байлаа.

 

Г.Цэцэгмаа: Өмнөговь аймагт ямар ч бизнес эрхлэхэд урамтай байдаг

 

-Өмнөговь аймгаар зочилсон хэн бүхэн хамгийн эхэнд орж үйлчлүүлмээр үйлчилгээ, тохижилт сайтай “Dudu pizza bar”-ыг үүсгэн байгуулагч Г.Цэцэгмаа хэмээх эмэгтэй өмнө нь “Оюу толгой” компанийн төслийн талбайд түргэн хоолны газар ажиллуулдаг байв. Тус компанид ажиллаж байхдаа пицца хийж сурчээ. Ийн гурван жилийн өмнөөс аймгийн төвдөө залуус үйлчлүүлэх тухлаг газар нээе гэж шийджээ. Гэвч бусад залуу бизнес эрхлэгчдийн адил санхүүгийн асуудалтай тулгарсан байна. Харин “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хамт олонд хандсанаар тус сан сарын нэг хувийн хүүтэй 20 сая төгрөгийн зээлийг түргэн шуурхай олгожээ. Ингэснээр тэрбээр шаардлагатай тоног төхөөрөмжөө аваад бүтээгдэхүүний нөөцөө үүсгээд 2020 оны тавдугаар сарын 25-нд  “Dudu” пиццаны газраа нээсэн байна.

Тус газар найман ажилтантай. Нэг ээлжинд дөрвөн хүн ажилладаг. Хоёр хоног ажиллаад хоёр хоног амрах уян хатан цагийн хуваарьтай. Одоогоор өглөөний 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажилладаг.  Үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу ажиллах цагаа сунгахаар төлөвлөж байгаа аж. Өдөрт 34-40 мянган төгрөгийн цалинтайгаар тус газарт цагийн ажил хийж болно.

Мөн  гадна талаа террастай болгох, цаашид 1-2 салбар нээж, нэг давхраа лоунж болгон өргөжүүлэх гэсэн олон төлөвлөгөө гарган ажиллаж байна.  “Өмнөговь аймагт ямар ч бизнес эрхэлсэн дэмжих  газар олон байдаг учир шинэлэг зүйл санаачлан хэрэгжүүлэхэд урамтай байдаг. Аймаг илүү их өргөжиж, хүмүүс амьдрахад таатай болон хөгжиж байна” гэдгийг Г.Цэцэгмаа онцолж байлаа.

 

73 настай иргэн Ц.Батсүх: Ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар олон

 

-Би насаараа аймагтаа амьдарч байна. Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Уул уурхайн компани олонтой учир хөгжлөөрөө бусад аймгаас илүү. Өссөн төрсөн нутагтаа сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Замаа засаж сайжруулсан учир шороо хийсэхээ больсон. Манай нутгийнхан их зочломтгой, хүндлэмтгий зантай. Ямар ч хүн ирсэн байгаа бүхнээ гарган дайлж чаддаг. Хөдөөний айлууд нь ийш тийшээ явахдаа гэрээ цоожилдоггүй. Эзгүйд нь хэн дуртай хүн нь ороод хоол, цай идэж уугаад гардаг уламжлал  одоо ч хэвээрээ байдаг. “Говийн байгаль, түүхийн музей”, театр, спортын цогцолбор шинээр ашиглалтад орсон учир үзэж, харах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар олон болсон. Ахмадууд баг, ахмадын хороондоо очоод бүжиглэх, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх газар ихтэй.

 

VII ангийн сурагч С.Итгэлбаяр: Сагсан бөмбөгийн алдартай тамирчин болох мөрөөдөлтэй

 

 -Өмнөговь аймагтаа төрж, амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Говийн байгаль нь их сайхан. Шинэ музей нээлтээ хийсэн нь гоё санагдлаа. Гэр эвлүүлдэг тоглоом нь их сонирхол татлаа. Манай ах цагдаа учир адилхан мэргэжилтэй болохыг хүсдэг. Хоёрдугаар ангиасаа сагсан бөмбөгөөр хичээллэж байна. Бэлтгэл хийх заал олон. Олон газар тэмцээнд оролцохоор явж тасралтгүй бэлтгэл хийдэг. Сагсан бөмбөгийн алдартай тамирчин болох мөрөөдөлтэй. Цаашид сагсан бөмбөгийн талбайн тоог  нэмэгдүүлээсэй гэж хүсдэг.

 

Жолооч Х.Мөнгөнхуяг: Амьдрахад ээлтэй аймаг учир залуу гэр бүлийн тоо нэмэгдэж байна

 

-Өмнөговь аймагт 1987 оноос хойш амьдарч байна. Сургуулиа нутагтаа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Амьдрахад их ээлтэй аймаг. Одоогоор Өмнөговь тээврийн нэгдэлд жолоочоор хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь өөр компанид ажиллаж байсан. Хүүхдийн паркаас эхлээд бүтээн байгуулалтын ажил их өрнөж байна. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр олон үзмэртэй, дэлхийн жишиг, өөр аймагт байхгүй сайхан музейтэй болсондоо баяртай байна. Уул уурхайд түшиглэсэн хөгжил сайтай учир аймагтаа ирж амьдрах залуу гэр бүлийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Ёлын ам, Мухар шивэртийн ам гэсэн байгалийн үзэсгэлэнт газартай сайхан нутаг.

 

Э.Зуундарь: Ажил хийхэд заавал мэргэжилтэй байхыг шаарддаггүй нь давуу тал

-Би Булган аймгийн Хялганат тосгоны уугуул хүн. Цогтцэций сумын бэр болоод 2012 онд Өмнөговьд ирж байсан. Одоо Ханбогд сумын Соёлын төвд ажилладаг. Амьдрах орчин, нөхцлөөс эхлээд амьдрахад үнэхээр таатай. Манай Ханбогд сум гэхэд  хоёр сургууль, дөрвөн цэцэрлэгтэй. Хүүхдүүдийн өсөж хөгжих, сурч боловсрох нөхцөлийг сайн бүрдүүлсэн. Өмнөговьд ажлын байр олдохгүй гэсэн асуудал гардаггүй. Ажил хийхэд заавал мэргэжилтэй байхыг шаарддаггүй нь үнэхээр сайхан санагддаг. Говийн хүмүүс монгол өв уламжлалаа авч үлдэж чадсан юм шиг санагддаг. Говийн хүмүүсийн хэллэг яриа, зан үйл нь эртний уламжлалаараа байдаг. Цаашид боловсон хүчнээ илүү чадавхжуулж, боловсролын салбартаа онцгой анхаарал хандуулаасай гэж хүсдэг.

Улсын нийслэл Улаанбаатар хотын даац хэдийнэ хэтэрч, хот төлөвлөлтийн асуудлыг засаж сайжруулахад бэрх болсон. Тиймээс хотын төвлөрлийг сааруулахын тулд иргэдийг орон нутаг руу хэрхэн татах вэ гэдэг үе үеийн Засгийн газрын шийдвэрлэж чадаагүй олон асуудлын нэг. Тэгвэл тэднийг олон жил хариултыг нь олоогүй энэ асуултынхаа хариуг Өмнөговь аймгаас ирж хайж үзэхийг санал болгож байна. Бүх аймгаа Өмнөговь шиг төлөвлөлт оновчтой, ажлын байрны хүртээмж сайтай, сургууль, цэцэрлэгийн тоо олон, чөлөөт цагаа өнгөрүүлэх, үзэж харах газартай болгон хөгжүүлчихвэл хүмүүс өөрсдийн дураар орон нутагтаа амьдрах нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)