Зургадугаар сарын 1-нд “Хүүхдийн Ертөнц-2022” фестивалийг зохион байгуулна

0
хуваалцах
113
үзсэн

Б.ОД

Олон улсын хүүхдийн эрхийг Хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн Ордон, Хүүхдийн сан, Эм Си Пи ХХК хамтран П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 500м авто замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд хааж, “Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болсон байна. 

Тус арга хэмжээний хүрээнд Монголын Хүүхдийн Ордны авьяаслаг сурагчдын тоглолт, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэл, цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд болно.

Мөн баярын парад, флашмоб, нээлттэй дуулах микрофон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, видео спортын уралдаан тэмцээнүүдийг зохиохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж.

Энэ фестивальд дэмжиж оролцох аж ахуйн нэгжүүд, чөлөөт уран бүтээлчид, спорт гэрэл зураг сонирхогчдын бүртгэл үргэлжилж  байгаа юм.

Улаанбаатар хотод анх удаа зохиох энэхүү фестиваль, арга хэмжээг дэмжиж, үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцох, ажиллагсдынхаа гэр бүл, хүүхдүүдийг урьж оролцуулах, хамруулах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn