Б.ДАРЬСҮРЭН

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Мөн Оюутолгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Хаан банк, Голомт банк, Монгол Зөвлөлтийн ХНН УБТЗ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, Энержи Ресурс ХХК эхний 10-т эрэмбэлэгдсэн байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2021 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай тэнцэж, ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан хэдий ч ТОП 100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрсэн” гэдгийг онцлов.

Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний 29, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22, хүнсний үйлдвэрлэлийн ес, харилцаа холбооны найм, газрын тосны хангамжийн найм, банк санхүүгийн зургаа, хүнд үйлдвэрийн зургаа, барилга, замын салбарын тав, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн гурав, тээвэр ложистикийн салбарын гурав, хөнгөн үйлдвэрийн нэг компани эрэмбэлэгджээ. Худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбар зардлын менежмент хамгийн сайн ба дунджаар хамгийн их цэвэр ашигтай ажиллажээ. 2021 онд ТОП-100 ААН-д ажиллаж байгаа нэг ажилтны дунджаар бий болгосон татварын хэмжээ 53 сая төгрөг байна.

Эх сурвалж: www.polit.mn