Д.ЦЭРЭННАДМИД

 

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас их дээд сургуулиудын оюутан судлаачдын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж тэргүүн байр эзэлсэн Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан судлаач А.Одонтуяатай  ярилцлаа.

 

-Их дээд сургуулиудын оюутан судлаачдын эрдэм шинжилгээний хуралд  илтгэл тавьж түрүүлсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Намайг Алтансүхийн Одонтуяа гэдэг. Би СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн IV дамжаанд суралцдаг. Удахгүй сургуулиа төгсөнө.

-Ямар сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал байв?

-Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” сэдвээр их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд Э.Тамир багшийнхаа удирдлагаар, багийн гишүүн Б.Чинзэтөгстэйгээ хамтран хийсэн судалгааныхаа дагуу тавьсан илтгэл маань тэргүүн байр эзэллээ. Баяртай байна. Энэ хуралд судлаач оюутнуудын судалж боловсруулсан 30 орчим судалгааны ажлаас 10 илтгэлийг шалгаруулан байр эзлүүлсэн юм.

-Та бүхний судалгааны ажлын агуулга, зорилго юу вэ?

-Бид “Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн комплаенсийн тогтолцоог сайжруулах нь” сэдвийн дор Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай байгууллагуудын хүрээнд судалгаа хийсэн. Хүмүүс “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх” (МУТС) гэх асуудлыг сонсоод “Манай улсад ямар шашин хоорондын мөргөлдөөн, эсвэл санхүүгийн томоохон гэмт хэрэг гарах биш, манайд ямар хамаа байна” гэх маягаар хандаж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг нэг их тоодоггүй юм шиг санагддаг. Тэгээд ч манай байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахдаа “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх” эрсдэлийг чухалчлан үздэггүй байх. Гэтэл эсрэгээрээ хөгжил буурай, санхүүгийн тогтолцоо сайн боловсроогүй, хууль эрх зүйн зохицуулалт сул орнуудад харин ч далд эдийн засаг газар авч “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх” үйл ажиллагаа нутагших таатай орчин бий болж болзошгүй юм. Манай улсад 2017-2019 онуудад бүртгэгдсэн гэмт хэргүүдийн 64.7 хувь нь хууль бусаар хөрөнгөжих хандлагатай гэмт хэргүүд эзэлж байгаа нь судлагааны явцад харагдсан нь үүний нэг нотолгоо байх.

Манай улсад “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх”-тэй тэмцэх эрх зүйн орчин сайн бүрдээгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, компанийн засаглал, бодлого зохицуулалтын хүрээнд энэ эрсдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил төдийлөн хийгддэггүй зэргээс шалтгаалж Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (FATF) гаргадаг саарал жагсаалтад Монгол Улс 2018 онд орсон байдаг. Саарал  жагсаалтад орсноор манай улсын зээлжих зэрэглэл буурах, хөрөнгө оруулалт царцах, төгрөгийн ханш унах зэргээр банк, санхүүгийн салбарт төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Тэгвэл мэргэжилтнүүд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх”-ээс сэргийлэх гол арга бол комплаенсийн тогтолцоог бий болгож бэхжүүлэх нь чухал гэж үздэг юм байна. Комплаенс нь аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа хууль тогтоомж, журам зааварт нийцүүлэн явуулж байгаа эсэхийг хариуцаж хянадаг тогтолцоо юм. Тэгвэл бид энэ ажлаараа өнөөдөр Монгол Улсын банк болон санхүүгийн бусад салбаруудад комплаенсийн тогтолцоо ямар төвшинд байна вэ гэдгийг судалж, судалгааныхаа үр дүнд тохирсон санамж зөвлөмж боловсруулахыг зорьсон.

-Та нарын судалгааны үр дүн нь юу байв?

-Манайд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх” болон комплаенстай холбоотой үйл ажиллагааг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба (СМА), Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) зохицуулдаг. Бас МҮХҮАТ-ын дэргэд Үндэсний комплаенсийн зөвлөл, Монголын комплаенсийн холбоо зэрэг бие даасан холбоо зөвлөлүүд ажиллаж олон нийтэд мэдлэг олгох, мэдээлэл хүргэх, туршлага солилцож комплаенсийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна гэж ойлголоо.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 81 хувийг арилжааны 11 банк дангаараа эзэлдэг хэдий ч, аж ахуйн нэгжийн тоогоороо ББСБ, үнэт цаас, даатгал болон хадгаламж зээлийн хоршоо зэрэг 1600 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь комплаенсийн тогтолцоо зөвхөн банк төдийгүй санхүүгийн бусад салбаруудад чухал ач холбогдолтой байна гэсэн үг. СЗХ-ноос 2019 онд хийсэн салбаруудын эрсдэлийн үнэлгээгээр банкнаас гадна ББСБ болон Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар хамгийн өндөр эрсдэлтэй байсан байна. Бидний судалгааны үр дүнд комплаенсийн тогтолцоо банкны салбарт сайн хөгжиж байгаа нь ойлгогдсон. Тухайлбал, бүх банк тусдаа комплаенсийн алба хэлтэстэй болжээ. Харин ББСБ-ын хувьд комплаенсийн талаарх ойлголт харилцан адилгүй байна. Гэхдээ бусад салбаруудтай харьцуулбал комплаенсийн тогтолцоо хөгжиж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан нь олзуурхууштай. Мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт томоохон компаниуд өндөр дүнтэй гүйлгээ хийдэг, гадаадын иргэн хуулийн этгээдүүд үйлчлүүлдэг зэрэг эрсдэлтэй. Дээр нь өндөр дүнтэй гүйлгээнүүдэд харилцагч нарын бүртгэл мэдээлэл сайнгүй, эцсийн өмчлөгчийг таних үйл ажиллагаа дутмаг гэх мэтээр эрсдэлийг хянах тогтолцоо сул байх шиг санагдсан. Энэ бол зөвхөн миний бодол шүү дээ.

Комплеансийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдтэй ганцаарчлан ярилцаж, 10 гаруй байгууллагуудаас анкетын судалгаа авсан маань судалгааныхаа үр дүнд нөлөөлсөн гэж бодож байна.

-Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж, түрүүлж шагнал урамшил хүртлээ. Энэ бүхэн оюутан Одонтуяад юу өгсөн бол?

-“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” үйл ажиллагаа бол Монгол Улсад харьцангуй шинэ, чухамдаа хөгжиж эхэлж байгаа салбар учраас оюутан бид ер нь сайн мэддэггүй, зарим нь ямар нэг ойлголтгүй байдаг. Харин Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас анх удаагаа зохион байгуулсан эрдэм шинжилгээний энэ бага хурлын гол ач холбогдол хэдэн хүүхэд оролцсон, нэг оюутан түрүүлсэндээ биш хамгийн чухал нь нэгдүгээрт зөвхөн оюутан судлаачдыг хамруулсан нь энэ арга хэмжээний нэг чухал онцлог. Хоёрдугаарт оюутан судлаачид бидний хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаар багагүй зүйлийг мэдэж, анхны төсөөлөл баримжаа багцаатай болсон. Мөн өргөн мэдээллийг үзэж сонсож, судалгааны ажлын чамлахааргүй туршлага хуримтлуулсан. Гуравдугаарт оюутан судлаачид өөр өөрсдийн сонгосон сэдвээр олж авсан ойлголтоо өргөжүүлж, цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх их урам хайрлалаа. Дашрамд энэхүү судалгааг хийхэд хамгийн их тусалсан багийн гишүүн, найз Чинзэтөгс, удирдагч багш Тамир, мөн бидэнд цаг заваа зориулж үнэтэй санаа зөвлөгөө өгсөн, туршлагаа хуваалцсан комплаенсийн мэргэжилтнүүд, ийм таатай үр өгөөжтэй боломж олгосон Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, түүнчлэн хамтран зохион байгуулсан бусад байгууллага хүмүүст талархлаа илэрхийлье.

-Энэ илтгэл чинь чиний эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан анхны илтгэл үү?

-Би өмнө нь хэд хэдэн судалгааны ажилд оролцож дотоод гадаадын зарим хуралд илтгэл тавьж байсан. Юуны өмнө “Залуучуудын дуу хоолойг НҮБ-д хүргэх, НҮБ-ын үйл ажиллагааг залуучуудад хүргэх” зорилготой НҮБ-ын залуучуудын зөвлөх хороонд зохицуулагчаар ажиллаж байхдаа нийгмийн асуудлуудыг голлон сонирхож, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, эрүүл мэндийн талаар судалгаа хийсэн. Энэ судалгаагаараа Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эвха” эмэгтэйчүүдийн их сургуулиас олон улсын ахлах болон их дээд сургуулийн оюутан, сурагчдын дунд зохион байгуулсан “Олон улсын охидын эрүүл мэндийн талаарх судалгааны уралдаан”-д оролцож илтгэл тавьсан. Нэлээд олон орны төлөөлөл оролцсон энэ уралдаанд шагналт гуравдугаар байр эзэлсэн. Мөн 2019 онд Канад Улсад тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн ивээл дор зохион байгуулагдсан олон улсын засгийн газрын төлөөлөгч, нийгмийн идэвхтнүүд оролцсон “Women Deliver” эмэгтэйчүүдийн чуулганд илтгэлээрээ оролцож байлаа. Энд дэлхийн янз бүрийн орны 500 гаруй судлаачдын эхний 25-д шалгарч байлаа. Бас “Лоринэт сан”-д судалгааны дадлагажигчаар ажиллаж байхдаа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа” хийж гүйцэтгэлд туслан оролцсон. Бидний судалгааны ажил тусгай товхимол ном болж хэвлэгдсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)