Б.НЯМСҮРЭН

 

Энэ удаагийн "Номын баяр" нь Номын тухай хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын  ивээл дор зохион байгуулагдаж байгаа билээ. “Илүү их уншъя”  уриатай  баярын үйл ажиллагааны гол зорилго нь  бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Энэхүү баярын үйл ажиллагааг сурвалжилхаар Сүхбаатрын талбайг зорилоо.

Нар ээсэн зуны өдөр 31 дэх удаагийн ээлжит "Номын баяр" төв талбайд өргөн дэлгэр зохион байгуулагдаж байлаа. Ойртон очвол зүлгэн дээр тухлан суух залуус, асрын өмнө ном сонирхох уншигчид олон. Мөн сэтгэл догдлуулсан хөгжмийн ая эгшиглэж байв. 280 гаруй асарт 400 гаруй байгууллага, 200 орчим хувь хүн ном бүтээлээ дэлгэжээ. Тоочоод барамгүй олон онцлогтой баяр гэвэл үүнийг л нэрлэмээр. Тухайлбал ОХУ-аас зохиолч, утга зохиол шүүмжлэгч, сэтгүүлч, аялагч ирсэн байв. Тэд тайзнаа гарч сэтгэгдлээ хуваалцаж байлаа. "Болор цом"-ын эзэн найрагчид уран бүтээлээрээ мэндчилэх нь баяр дээр баяр нэмнэ. Үүнээс гадна Хүүхдийн төв номын сангаас шилдэг уншигч хамт олон шалгаруулжээ. Үүнд 14-р сургуулийн 5г ангийн хамт олон шалгарч дүрэмт хувцсаараа гоёсон сурагчид багштайгаа хамт тайзнаас шагналаа гардан авав. Тус анги Хүүхдийн төв номын сангаар таван жил үйлчлүүлсэн, мөн ангийн номын сантай гэнэ. Уншигч олны унших хэрэгцээг ханган ажилладаг номын дэлгүүрүүд, зохиолч, яруу найрагч, байгууллага хамт олон уншигчиддаа бэлэг барьсан нь эдгээр асарт худалдаалагдаж байгаа номууд бүгд тодорхой хувийн хямдралтай. Үүнээс шалтгаалаад ном авахаар ирж буй хүн олон байсан юм. Өөрсдийн уншихыг хүсдэг зохиолчийнхоо асрыг хайх хүмүүс нааш цааш холхино. Зарим нь хүүхдийн баярын бэлгэнд  ном сонгоно хэмээн ярих нь сонсогдоно. Ном барин алхах хүмүүс энэ өдөр хамгаас үзэсгэлэнтэй харагдах аж. Ном уншихын тусыг мэдэж, оюундаа хөрөнгө оруулалт хийхээр ирэх залуусын тоо нэмэгдсээр. Ажиглавал номын дэлгүүрүүдийн асарт хүмүүс их байх бөгөөд сонирхсон номынхоо хуудсыг эргүүлэн зогсоно.

Зохиолч, яруу найрагчдын бүтээлээс худалдан авахдаа гарын үсгийг нь зуруулж, хамт дурсгалын зургаа даруулах нь тэр. Ихэнх нь залуу уншигчид байлаа. Тэд монгол зохиолчдын оюуны бүтээлийг худалдан авч үргэлж дэмждэг, ойлгоход хялбар, уншвартай байдаг хэмээв. Залуус сонирхсон номоо өмнөх ботийг нь уншсан дараагийн боть зарагдаж байгаа юу хэмээн асууна.  Борлуулагчид  нь сонирхож ирсэн хүмүүст  бүтээлт зохиолоо дэлгэрэнгүй тайлбарлан өгч байлаа. Бас бидний ярьж хэвшсэнээр хуучин ном гэгддэг ховор номнууд ч бас асраар ирсэн байсныг онцлоё. Хавтас нь хуучирч, өнгө муутай харагдах ч хэрэгтэй нэгэндээ утга агуулгаараа үнэ цэнтэй. Зорин очсон зарим  хүмүүс олон түмний хайр хүндлэл хүлээсэн ахмад зохиолч нарын номыг сураглаж, худалдан авч байв. Энэ удаагийн "Номын баяр"-т оролцож буй зарим хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

Э.Насанжаргал: Настай хүмүүс ном худалдан авахаар ирж  байна

-Төр засгаас номыг баярыг дэмжиж байгаа явдалд баяртай байна. Зохион байгуулалт сайтай баяр болж байгааг хэлье. Настай хүмүүс ном худалдан авахаар ирж  байна. Ном сонирхон ирэх хүн олон ч худалдан авалт сайнгүй байна. Энэ нь санхүүтэй холбоотой. Бас номын хэвлэлтийн үнэ өмнөх үетэй харьцуулахад нэмэгдсэн.

Лам М.Лхагвасүрэн: Номын баяр нь хүмүүст унших сэдлийг өгдөг

-Буддын шашны талаарх өөрийн номоороо оролцож байна. Номын баяр нь жил бүр болж уншигч зохиолчтой уулзах боломжийг олгодог. Номтой нөхөрлөвөл хүн ард соёлд суралцаж, сэтгэл санаа нь ариусах нь дамжиггүй. Одоо үед цаг үеэ дагаад цахим орчин руу хуйларч  ном унших хүн цөөн болжээ. Магадгүй энэ баяр нь хүмүүст ном унших сэдлийг өгөх байх.

Оюутан Э.Оюун: Сургуульд заадаггүй мэдлэгийг номоос авдаг

-Баяр сайхан болж байна. Сүүлийн таван жил тогтмол энэ баярыг зорьж ирсэн. Тайз хиймэл зүлэг хоёрын байршил зохицоод түр амарч суухад тохиромжтой тухтай байна. Олон асарт ном борлуулж хүмүүсийн оюуны цангааг тайлж байна. Ном уншсанаар хувь хүнд чухал ач холбогдолтой. Төвлөрч сурна, сэтгэх чадвар сайжирна, сургуульд заадаггүй мэдлэгийг номноос олж авдаг зэрэг олон үр өгөөжтэй. Энэ баяраас унших бүтээлээ авах нь давуу тал ихтэй. Өөрийн хүссэн номоо хямдралтай үнээр, зохиолчийн гарын үсэгтэй авсандаа баяртай байна.

"Номын баяр"-ыг нийгэмд зөв зүйлийг сурталчлан хүргэдэг баяр хэмээн хүмүүс дүгнэж байв. Ном хэмээх мөнхийн үнэнч багш  хүмүүст асар их мэдлэг мэдээллийг өгдөг. Номгүйгээр өдөр хоногийг цаашлаад амьдралаа төсөөлж чадахгүй нэгэн байхад уншдаггүй нэгэн ч бий. Тус баярт ач холбогдол өгч  зорин ирсэн хүмүүс тортой номоо барин дахин ирнэ хэмээн  нүдэндээ баясал, нүүрэндээ инээмсэглэл тодруулан буцав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)